Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүгчийн "хараат бус байдал" vs. Шүүгчид "сахилгын хэрэг" үүсгүүлэх Ерөнхий шүүгчийн эрх
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Монгол Улсын Үндсэн хуулийн Цэц –д

2009.01.25

Дүгнэлт гаргуулах тухай өргөдөл

Өргөдөл гаргагч: Цэндийн Цогт, Нийслэлийн .... оршин суух.

Холбоо барих, харилцах хэлбэр: Телефон утас.

Үндсэн хуульд нийцээгүй гэж үзэж байгаа хуулийн нэр, батлан гаргасан огноо:

1.    Улсын Их хурлаас 2002 оны 7 дугаар сарын 04 –ны өдөр батлан гаргасан Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.7, 371 дугаар зүйлийн 371.1.7 дахь хэсгийн “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын ... хороонд гаргах”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий  шүүгч  хүсэлт гаргах” гэсэн заалтууд.

            Өргөдөл гаргахдаа: Монгол Улсын Үндсэн Хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсэг, 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, Үндсэн хуулийн цэцийн тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Үндсэн хуулийн цэцэд маргаан хянан шийдвэрлэх тухай хуулийн 13 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1 дэх заалтуудад үндэслэсэн.

            Өргөдлийн шаардлага:

(1). Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.7, 371 дугаар зүйлийн 371.1.7 дахь хэсгийн “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын ... хороонд гаргах”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий  шүүгч  хүсэлт” заалтуудыг хүчингүй болгосон дүгнэлт гаргуулах.

Шаардлагын үндэслэл, нотолгоо:

1. Монгол Улсын Үндсэн хуулиийн 49 дүгээр зүйлд шүүх хүний эрхийн жинхэнэ баталгаа байхын тулд шүүгчид нь бусдаас хараат бусаар бие даан шийдвэр гаргах, ажиллах зарчимтайг тунхаглаж, улмаар энэ нь шүүхийн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааг тогтооход баримтлагдах үндсэн зарчим байхыг тодорхойлсон.

НҮБ –ийн “Шүүхийн хараат бус байдлын тухай үндсэн зарчмууд” хэмээх баримт бичгийн “Шүүхийн бие даасан байдал” гэсэн хэсгийн 2 дахь зүйлд “Шүүх аливаа хэрэг, маргааныг ямар ч нөхцөлд эсхүл ямар ч шалтгаанаар, шууд болон шууд бусаар аливаа нэгэн хөндлөнгийн хязгаарлалт, зүй бус нөлөөлөл, албадлага, дарамт-барьцаа, заналхийлэл эсхүл оролцоогүйгээр нотлох баримтад үндэслэн хуульд нийцүүлэн шийдвэрлэх ёстой” хэмээн тодорхойлсон[1] байдаг.

Эдгээрээс үзвэл шүүхийн тогтолцоо, зохион байгуулалт, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тогтоох, түүнчлэн шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангахтай холбогдсон харилцааг нарийвчлан зохицуулж буй хууль, тогтоомжууд нь бүгд энэ зарчимд хөдөлбөргүй тулгуурласан байх ёстой бөгөөд түүнээс гажсан аливаа зохицуулалт нь Үндсэн хуульд нийцэхгүй байх болно.

Шүүхийн тухай (2002 оны) хуулийн 4 дүгээр зүйлд Үндсэн хуулийн дээрх зарчмыг бэхжүүлэн, “шүүгчийн хараат бус байдлыг Үндсэн хууль, энэ хууль, бусад хуулиар баталгаажуулна” хэмээн тусгаж өгсөн боловч зарим шүүхийн Ерөнхий шүүгчийн эрх хэмжээг тодорхойлсон зүйл, хэсэгтээ “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдах” зарчимтай зөрчилдсөн зохицуулалтыг агуулсан байна.

Улсын Их хурлаас 2002 оны 7 дугаар сарын 04 –ны өдөр батлан гаргасан Шүүхийн тухай хуулийн

a.    35 дугаар зүйлийн 35.1.6 дахь хэсэгт “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр Шүүхийн сахилгын ... хороонд хүсэлт гаргах

b.    37 дугаар зүйлийн 37.1.7 дахь хэсэгт “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын ... хороонд гаргах

c.    371 дугаар зүйлийн 371.1.7 дахь хэсэгт “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын хороонд ... гаргах

d.    49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий  шүүгч  хүсэлт гаргах

гэж тус тус заасан нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэнэ”, 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” , 2 дахь хэсгийн “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан,  иргэн  хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” гэснийг зөрчиж байна.

Шүүгчийн өмнөөс хэн ч, түүний дотор Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтан ч эрх мэдлийн илд далайх учиргүй гэдгийг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн “шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана” гэсэн заалт ямар ч хоёрдмол утгагүйгээр бүрэн, тодорхой илэрхийлсэн билээ. Гэтэл гагцхүү хуульд захирагдах ёстой шүүгчид маань Шүүхийн тухай хуулийн дээрх зохицуулалтаас үүдэн Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтанд “захирагддаг” болоод байна.

Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалтын үзэл санааг “шүүхийн захиргааны удирдлага” хэмээх ойлголтоор хязгаарлан, улмаар “шүүхийн захиргааны удирдлага” –ын үйлчлэх хүрээг шүүгч нарт, шүүн таслах ажиллагаанд хамааруулан өргөтгөж, Ерөнхий шүүгч шүүхийн захиргааны удирдлагыг хэрэгжүүлэх нэрийдлээр шүүгчдийг өөрийн хараанд байлгахаар оролдож “шүүгчийн хараат бус байдал” –д халдах боломжийг олгож байна.

Шүүхийн тухай хуульд “шүүн таслах ажиллагааны удирдлага” болон “захиргааны удирдлага” –ын ойлголт, тэдгээрийг хэрэгжүүлэх этгээд, хүрээ хязгаарыг нарийн зааглаж зохицуулаагүйн улмаас Ерөнхий шүүгчээр ажиллаж буй зарим нэг этгээд шүүхийг захиргааны “дуулгавартай аппарат” мэтээр эндүүрч, “шүүх, шүүгч, ажилтнуудын шүүн таслах болон түүнтэй холбоотой үйл ажиллагааг зохион байгуулалтын удирдлагаар хангах” гэдгийг[2] шүүгчдийг захирах эрх гэж ойлгож, өөрийгөө тэнд ажиллаж буй шүүгчдийг захиргаадах эрх бүхийдарга” гэж итгэсэн төдийгүй, хууль бус шаардлагыг нь хүлээн аваагүй шүүгч, ажилтнуудыг Шүүхийн тухай хуулиар Ерөнхий шүүгчид олгогдсон дээрх зохицуулалтыг ашиглан “дуулгавартай захирагдаагүйнх нь төлөө хариу” авахаар санаархаж, зарим нь үр дүнд хүрч, хуулийн дээрх зохицуулалт нь тэдний энэхүү хууль бус нөлөөллийн хэрэглүүр болж байна.

Монгол Улсын Үндсэн хуулиар шүүхийг хүний эрхийн баталгаа болохынх нь хувьд  “шүүгчийн хараат бус байдлыг гагцхүү хуульд захирагдан ажиллахаар бэхжүүлэн” заасан, харин шүүгч, шүүх бүрэлдэхүүн жинхэнэ утгаар хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа байж, иргэний эрхийг хамгаалахын тул өөрөө хамгаалагдсан байх ёстой. Шүүгчдийн өөрийнх нь хамгаалалтыг Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан,  иргэн  хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй” хэмээн тусгайлан тогтоосон. Үндсэн хуулийн энэ заалтын “төрийн байгууллагын албан тушаалтан хэн боловч” гэдэгт Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтан эргэлзээгүйгээр хамаарна. Өөрөөр хэлбэл Ерөнхий шүүгч нь шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцохыг Үндсэн хуулиар хориглосон байна.

Гэтэл бодит байдал дээр “ерөнхий шүүгч” тухайн шүүхийн шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож, нөлөөлөхийг оролдох, улмаар тэр оролдлогыг сөрөн зогссон шүүгчийг өөнтөглөх, элдэв арга саам тохиолдуулан Шүүхийн тухай хуулийн “шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр хүсэлт гаргах эрх бүхий” заалтаар далайлган сүрдүүлэх, үндэслэлгүй байдлаар “сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлт” –ийг удаа дараа гаргаж, энэ нь шүүгчийн хараат бус байдалд шууд сөргөөр нөлөөлж байна. Учир нь “ухаалаг хүмүүсийн хувьд хууль бол бурхан, мунхаг хүмүүсийн хувьд хууль бол зугаа цэнгэл” хэмээн эртний үгэнд онож хэлснээр Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд нь зарим нэг Ерөнхий шүүгч нарт шүүгчийг хараандаа байлгах зорилгодоо хүрэх хуулиар зөвшөөрөгдсөн “боломж” болж байна.

Зөвхөн 2008 оны байдлаар, Шүүхийн сахилгын хороонд нийт 80 гомдол, хүсэлт хүлээн авснаас бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч нараас “шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх” –ээр 10 хүсэлт ирүүлсэн нь Шүүхийн сахилгын хороонд ирүүлсэн нийт гомдол, хүсэлтийн 12.5 хувийг эзэлж[3] байна. Эдгээр нь сахилгын хэрэг үүсгүүлэхээр Ерөнхий шүүгч нараас хандсан хүсэлтийн тоо, гэтэл түүнээс цаана “хүсэлт гаргах” –аар дарамталсан, барьцаалсан тоог нь тодорхойлох боломжгүй “тохиолдол” цөөн биш.

Нөгөөтэйгүүр энэ нь тодорхой нэг хэрэгт сонирхол бүхий этгээд Ерөнхий шүүгчээр дамжуулан шүүгчид нөлөөлөх боломжийг хууль зүйн хувьд бий болгосноороо Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14 дэх хэсгийн “Монгол Улсын иргэн шударга шүүхээр шүүлгэх эрхийг баталгаатай эдлэнэ” гэсэн заалтыг зөрчиж байна.

Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.7, 371 дугаар зүйлийн 371.1.7 дахь хэсгийн “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын ... хороонд гаргах”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий  шүүгч  хүсэлт гаргах” заалтууд нь тухайн шүүхийн шүүгчдийг Ерөнхий шүүгчээс хараат байлгах хууль зүйн үндэслэлийг бий болгосноороо шүүх эрх мэдлийг хараат бусаар, гагцхүү хуульд захирагдан хэрэгжүүлэх ёстой шүүгчийн Үндсэн хуулиар тогтоосон “хараат бус байдал” –ыг хөндөж, зөрчигдөхөд хүргэж байна.

Үүгээр “шүүгчийн ёс зүйд” хяналт тавих боломжийг үгүйсгэн, устгаж буй хэрэг биш бөгөөд шүүгчийн ёс зүйн зөрчлийг тухай бүрт нь илрүүлж, хариуцлагажуулахад нэг (гадаад) талаас  хэргийн оролцогчид, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нар, нөгөө (дотоод) талаас тухайн шүүхийн Шүүгчдийн зөвлөлгөөн гэсэн хоёр субьект хяналт тавьж ажиллах боломж хууль зүйн хувьд бүрдсэн байгаа. Эдгээр нь дотоод болон гадаад хяналтын этгээдээс (шүүгчийг шууд хэн нэгний хараанд оруулалгүйгээр) шүүгчийн ёс зүйн асуудалд тухай бүрт нь Шүүхийн сахилгын хороонд гомдол, хүсэлт гарган хянуулах боломж юм.

Шүүгчийн хараат бус байдлыг хэмжих хэмжүүр нь “шүүгчийн Үндсэн хуулийн статусыг хангасан[4] эсэхээс шууд хамааралтай байна. Гэтэл Шүүхийн тухай хуулийн дээрх заалтууд нь шүүгчийн хараат бус байдлыг тогтоосон Үндсэн хуулийн зохицуулалт (эрх зүйн байдал) –ыг хангахгүй төдийгүй, дордуулж байна. Эцэст нь тэмдэглэхэд, энэ өргөдөлд дурьдсан Үндсэн хуулийн зөрчил нь хийсвэр сэдлээр үүсгэсэн асуудал биш бөгөөд бодит амьдрал дээр гарч буй зайлшгүй засч залруулах шаардлагатай, нэн тулгамдсан асуудал болоод байна.

Дээр дурьдсан тайлбар, үндэслэлүүдээр Шүүхийн тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6, 37 дугаар зүйлийн 37.1.7, 371 дугаар зүйлийн 371.1.7 дахь хэсгийн “шүүгчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэх хүсэлтийг Шүүхийн сахилгын ... хороонд гаргах”, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий  шүүгч  хүсэлт гаргах” заалтууд нь Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 14, 49 дүгээр зүйлийн 1, 2 дахь заалтыг зөрчиж байгаа талаар дүгнэлт гаргаж өгөхийг хүсье.

Хавсаргасан баримт: иргэний үнэмлэхний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар 1 хуудас.

 

Өргөдөл гаргасан,

Иргэн Ц.Цогт

 



[1] НҮБ –ийн 1985 оны 8 дугаар сарын 26 –наас 9 дүгээр сарын 06 –ны өдөр Миланд болсон YII Конгрессын хурлаар баталж, Ерөнхий ассамблейн 1985 оны 11 дүгээр сарын 29 –ны өдрийн 40/32, 1985 оны 12 дугаар сарын 13 –ны 40/146 дугаар тогтоолоор сайшаасан

http://www.unhchr.ch/html/menu3/b/h_comp50.htm

[2] Шүүхийн тухай хуулийн 371.1.4 дэх заалтад

[3] Монгол Улсын шүүхийн 2008 оны жилийн тайлан. 2009 он. Улсын Дээд шүүхийн Тамгын газар. 25 дахь талд

[4] Г.Совд “Шүүх, шүүгчдийн хараат бус байдлыг хангах асуудалд” өгүүлэл, “Монголын төр, эрх зүй” сэтгүүл УБ. 1997 он, № 2, 1 дэх талд


1349 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2009-02-10 -

Бичсэн: Зочин

happy zov shuu demjij bgaa olon hun bna

. Шууд холбоос

2009-02-05 -

Бичсэн: Äýìæèæ áàéíà ø¿¿. (зочин)

Дэмжиж байна. Гол нь үр дүн

. Шууд холбоос

2009-02-02 -

Бичсэн: natsagaa

дэмжиж байна

. Шууд холбоос





:-)
 
xaax