Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Сэтгүүлч:
Л.Нарантөгс
Шүүгч, зурхайч хоёрыг ижилхэн гэж хошигнодог. Хоёулаа хүний амьдралын өнгөрснийг мэддэг, шийддэг. Гэхдээ шүүгч хуулийн дагуу хийсэн үйлдлийнх нь төлөө нотлох баримтын дагуу дэнсэлж, шийтгэл эс бол цагаатгалын аль нэгийг нь оноодог бол зурхайч, үзмэрч “таамаглан” таацуулах авай. Хоёулаа л хүлээн зөвшөөрөгдөж, үгүй бол үгүйсгэгдэнэ. Ийм хачин бодол шүүгч Ц.Цогтыг хүлээх зуур зурвас хийнэ. Өмнө нь Захиргааны хэргийн ерөнхий шүүгч, шүүхийн шинэчлэлийн ажлын хэсэгт оройлон оролцож байсан тэрбээр өнөөдөр Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч. Бид хувь хүн, түүний үйлдэл, өөрийнх нь тухай ярилцахгүй. “Тийм юм дэмий биз. Өнөөгийн ерөнхий байдлыг л ярилцъя” гэснээр бид хоёр ярилцах тойргоо татав. Шүүх бие даасан, хараат бусаар ажиллаж байна уу гэх хардлага, асуудал хурцаар тавигдах болсон үед бидний яриа ч үүнээс эхэлнэ.
-Шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг ярихын тулд эхлээд шүүх засаглалын хараат бус байдлын талаар ярих ёстой байх. Монголд шүүх засаглал нөгөө хоёр засаглалаасаа хараат бус байж чадаж байна уу?
-Монгол Улсын Үндсэн хуулийн бүтцийг анзаардаг бол эхлээд улсын бүрэн бүтэн байх тухай асуудал бий. Хоёрдугаарт, хүний эрхийн асуудал орж ирнэ. Хүний эрх гэж юу юм. Ямар эрхүүд байх юм, энэ эрх хэрвээ зөрчигдсөн тохиолдолд хэн яаж хамгаалах вэ. Энэ эрхийг хамгаалахын тулд хэн юу хийх вэ, зөрчигдвөл хэн орж ирж цэгцлэх вэ гэдгийг эрэмбэлсэн. Энэ гэхдээ санаандгүй олчихсон зүйл биш.
-Мэдээж тийм байх. Гэхдээ яагаад ингэж эрэмбэлсэн гэж?
-Яагаад гэвэл дэлхийн I,II дайны эцэст ардчилсан зарчмаар гарч ирсэн удирдагч хүртэл хэчнээн аймаар дарангуйлал руу улс орныг хувирган өөрчилж, хүний, хүн төрөлхтөний байх, байхгүйд нь хүртэл нөхцөл байдалд хүргэв гэдгийг бодож тунгаасны эцэст улс орнууд үндсэн хуулийн зохицуулалтыг гаргаж ирсэн. Эндээс бид юуг харж болохоор байна вэ гэхээр юуны түрүүнд хүний эрхийг тавьж байна.
-Төрийг, түүний институцийг биш!
-Төрийн байгууллагыг тавихгүй байна. Төрийн байгууллага ямар эрхтэй вэ гэж Үндсэн хууль эхлэхгүй байгаа биз. Гэтэл манай дийлэнх хууль системийн гажуудалтай байна гэж их яриад байгаа шүү дээ. Төрийн байгууллагын эрх хэмжээг л заагаад байдаг. Тэр байгууллага хүнийг яах талаар заагаад байна. Хүн нь яах юм бэ гэдэг процесс нь байхгүй...
Сонгодог утгаар нь аваад үзвэл, хүний эрх нэгдүгээрт байна. Хүний эрхийг хамгаалахын төлөө УИХ хууль гаргана. Засгийн газар нь хэрэгжүүлнэ. Хэрвээ хүний эрх зөрчигдвөл хүний эрхийг сахиулдаг, хэрэгжүүлдэг шүүх гэдэг байгууллага байх ёстой шүү гэсэн дараалал гарч ирж байгаа юм. Өөрөөр хэлбэл, хүний эрх, хүний эрхийг сахин хамгаалах институци нь түрүүнд нь байгаа юм. Манай Үндсэн хуулийн мэргэжилтнүүдийн ярьж байгаагаар бол засаглалын харилцан тэнцвэрт гажуудал байна. Тэр нь ч үнэн юм шиг. Яагаад үнэн юм шиг гэхээр засаглалын эрх мэдлийг хуваарилах гээд бидний ярьдаг онол чинь өөрөө улс төрийн онол. Нийгмийн зохион байгуулалтын онол гэсэн үг. Үүний анхны санаа бол “Нэг этгээдэд бүх эрхийг өгч болохгүй юм байна шүү. Тэгвэл нөгөө хүний эрх гэдэг юм чинь зөрчигдөж, гажуудах юм байна” гэдгийг л гаргаж ирсэн. Засаглалын эрх мэдлийн боловсронгүй болгосон хоёр дахь давалгаа гэж хэлж болох нэг юм бол нэг эрх мэдэл нь хүний эрхийг зөрчөөд ирэх юм бол аль нэг нь тэрийг хянах, зогсоох харилцан тэнцвэрийг оруулж ирэх. Ийм учраас хууль тогтоох, шүүх, гүйцэтгэх засаглал байна. Тийм учраас зарчмын хувьд, шүүхийн /Үндсэн хуулийн Цэц ч багтана/ гол зорилго нь хүний эрхийн зөрчлийг таслан зогсоох, зөрчигдсөн байвал сэргээх юм. Гэтэл хүмүүс маргаан таслах гээд байдаг, үгүй.
-Хүний эрхийг хамгаалах зорилготой байгууллага юм байж. Тэгвэл ийм зорилготой байгууллага хэзээ хүний эрхийг бусдаас хамгаалах боломжтой байх вэ?
-Бодоод үзье. Хоёр иргэн эсвэл хоёр компанийн хоорондын асуудал дээр маргаангүй шийдээд явж болно. Асуудал хаана үүсдэг вэ гэвэл төрийн нэг институци, ялангуяа гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага шийдвэр иргэний эрхэнд халдах үед үүсдэг. Манайх шиг төр нь бизнестэйгээ хутгалдчихсан ийм үед хэн нь төр вэ гэдгийг ялгаж, салгах ч хэцүү байна шүү дээ. Яагаад гэвэл, том том бизнесийн бүлэглэл төрийн төлөөллөөр өөрсдийн ашиг сонирхлыг илэрхийлүүлж болохоор ийм нөхцөл үүсч байгаа үед тэд хэн нэгэн хүнтэй маргаад ороод ирвэл хүний эрхийг хамгаалах байгууллага буюу хууль, шүүхийн байгууллага хараат бус байж чадах уу гэдэг асуулт эргэлзээтэй. Хүн төрөлхтөний хувьд ч ийм байсан. Монгол Улсын хувьд ч өнөөдөр тийм байна. Үүнийг бүрэн төгс шийдчихсэн улс орон ч алга. Арай дөмөгхөн шийдээд, дөхүүлээд яваа улс орон бол байна.
-Тэгэхээр шүүх, шүүгчийн хараат бус байдлын талаар асуултанд маань та шууд юу гэж хариулах вэ?
-Шууд хариулахад, бид институцийн төвшинд буюу шүүхийн бие даасан асуудлыг хэрэг маргаан таслан шийдвэрлэдэг хувь шүүгч гэдэг хүний хараат бус байдлаас арай өргөн утгаар авч үздэг. Шүүгчийг бол хараат бус байх тухай асуудлыг ярина. Институцийн төвшинд бие даасан байдал байна уу гэдэг бол хувь шүүгчээс хамааралтай асуудал биш болоод байгаа юм. Шүүгч хараат, хараат бус байна уу гэдэг бол системээс их хамаарна. Систем нь өөрөө хувь шүүгчийг хараат бус ажиллах бие даасан боломжийг бүрдүүлж чадаж байна уу, үгүй юу гэдгээс хамаарах хэдий боловч хувь шүүгчээс дийлэнх нь хамаарна. Тэр хүн ёс зүйтэй, шударга ёсныхоо үнэлэмжид ойртчихсон, мэдэрчихсэн, дээр нь мэдлэг, мэргэжлийн хувьд доголдолгүй хүн байвал тэр хараат бусаар ажиллана. Гэхдээ шүүгч хараат бус ажиллаж байгаа нь шүүх бие даасан, хараат бусаар ажиллаж чадах уу, үгүй юу гэдэгтэй шууд холбоотой гэсэн үг биш.
-Тэгээд юутай холбоотой юм?
-Яагаад гэвэл шүүгч анхан, давах, хяналтын гээд шатанд хуваагдаж ажилладаг. Ийм систем байдгийн учир нь, хүний гомдлыг барагдуулах, алдаа дутагдлыг залруулах зорилготой. Тэгвэл аль шатны шүүхийн шүүгчээс үл хамаараад хараат бусаар ажиллах ерөнхий чадамж бүрдүүлчихсэн хүн тэр хэмжээгээрээ ажиллах нөхцөл, боломжийг хэр хангаж байна гэдгээс авахуулаад системийн хараат бус байдалтай шүүгчийн хараат бус байдал тэнцэж чадахгүй байгаа юм.
-Уучлаарай. Яриаг тань таслаад яг энэ талаар асууя. Шатлалтай холбоотойгоор нэг хэсэг нийтлэг асуудал байсан. Тэр нь анхан шатны шүүгч өөрийнхөө гаргасан шийдвэрийг дараагийн шатанд унагаалгахгүйн тулд дээд эсвэл давж заалдах шатны шүүгчээс хэргээ хэрхэн шийдвэрлэх талаар асуудаг талаар өмгөөлөгч нар их ярьдаг. Тэгж байж өөрийнхөө гаргасан шийдвэрийг дараагийн шатанд хэвээр үлдээлгэдэг гажиг байна гэсэн үг л дээ?
-Зарчмын хувьд, тухайн шүүгч дээд шатныхаа шүүгчээс асуугаад, тэр нь хэллээ гээд шийдвэр ногоон гэрлээр явна гэсэн үг биш. Яагаад гэвэл, шатлал дээшлэх тусмаа олон хүний бүрэлдэхүүнтэй шийдвэрлэдэг. Анхан шатанд дийлэнх хэргийг дангаараа шийднэ. Давж заалдах шатны шүүхэд бол бүх хэргийг гурван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийднэ. Хяналтын шатанд бүх хэргийг таван шүүгчийн бүрэлдэхүүнтэй шийдвэрлэнэ. Тийм яриа байж болох ч дээд шатны нэг шүүгчээс асуулаа гээд өөрийнх нь шийдвэр ногоон гэрлээр явна гэсэн логик харагдахгүй байгаа биз. Бидний хэрэглэж байгаа зарчмаар давж заалдах шатны шүүгчийн бүрэлдэхүүн тохиолдлын журмаар томилогдох ёстой. Энэ зарчим 100 хувь явж байна гэж үзвэл таны хэлсэн ямар ч боломжгүй. Асуусан шүүгч нь өөрийнх нь шийдвэрлэсэн хэргийг хянах шүүх хуралдаанд орно гэдгийг яаж мэдэх юм бэ. Анхан шатны шүүгч хяналтын шатны шүүхийн ижил төстэй хэргийг яаж шийдвэрлэснийг бол судалдаг. Энэ судалгаа бол шүүхийн шийдвэрийн үндэслэл, гаргалгаа, бичвэрийг таньж, бусад шийдвэртэй харьцуулах замаар л судлахад үр дүнтэй байна уу гэхээс биш бусдаар тустай зүйл биш. Нөгөө талаас шүүгчийн хараат бус байдлын нэг том зүйл чинь “Чи өөрөө шийд” гэж байгаа юм. Хамгийн гол нь чиний шийдвэрийн үндэс чинь юу болох вэ гэхээр хэрэгт авсан нотлох баримт чинь шийдлийн чинь үндэс болох ёстой. Үзмэрч, шүүгч хоёрын ялгаа энэ /инээв/.
-Нээрээ юугаараа ялгаатай юм бэ. Адил төстэй талууд бол бий шүү?
-Хошин байдлаар хэлэхэд, аль аль нь хоёр жилийн өмнө болоод өнгөрснийг мэдээд байна. Үзмэрч нь юун дээр үндэслэж хоёр жилийн өмнөхийг мэдээд байдгийг би мэдэхгүй байна.
Харин шүүгч хоёр жилийн өмнө харанхуй гудамжны буланд болоод өнгөрсөн хэргийг шийддэг. Ингэж шийдэхийн гол үндэс нь, үзмэрчээс ялгаатай нь нотлох баримтаар асуудлыг шийднэ. Тийм ч учраас хэрэгт баримт бүрдүүлэх их чухал.
-Яг энэ асуудалд их маргаан гардаг. Ялладаг тал зөвхөн хавтаст хэргийг бүрдүүлдэг шүү дээ?
-Энэ асуудал Эрүүгийн эрх зүйн реформийн хүрээнд их яригддаг. Хэрэг үүсэхээс нь эхлээд ялладаг тал болох прокурор, цагдаа орж л байгаа юм бол хүнээ өмгөөлөх гэж яваа хүн анхнаас нь оролцоод цагаатгах баримтаа адилхан бүрдүүлээд явъя. Тэгээд бүх талаас нь баримтаа цуглуулаад шүүхийн өмнө адилхан асуудлаа шийдүүлье гээд байгаа шүү дээ. Тэр ч зөв. Нэг тал нь шалгаж, бүрдүүлэх зүйлээ бүрдүүлээд нөгөө нөхрийг яллахад бэлэн боллоо гэсэн цаг үедээ танилцуулах нь өрөөсгөл. Бүх зүйл бүрдсэний дараа танилцуулна гэдэг чинь гэнэт л өөрийг нь буруутгасан бүх зүйл цуглачихсан байна гэсэн үг биз дээ. Тэрийг нь няцаах баримтаа хэзээд нь бүрдүүлж, эрх тэгш мэтгэлцэх процесс ялангуяа манай Эрүүгийн эрх зүйн процесст дутмаг юм шиг харагддаг. Би энэ салбарыг бүрэн дүүрэн мэдэхгүй л дээ. Харин миний ажилладаг Захиргааны эрх зүйд бол нэхэмжлэгч нэхэмжлэлээ өглөө, хариуцагч танилцаад тайлбараа өгнө. Аль аль нь маргаж буй асуудлаараа өөрийнхөө байр суурийг илэрхийлсэн фактаа гаргаад, үндэслээд явдаг. Эцэст нь шүүх шийддэг ийм тогтолцоо байгаа юм.
-Тэгвэл чиглэлээ өөрчилье. Шүүхийн хараат бус байдалд эдийн засгийн байдлаар нөлөөлж байна гэж харагддаг. Та шүүгч хүн. Санал нийлэх үү?
-Юу танд тэгж харагдахад хүргэж байгаа юм.
-Жил бүр улсын төсөв хэлэлцэхэд шүүхийн эдийн засгийн хараат бус байдалд халдах саналыг гүйцэтгэх засаглал гаргаж, хууль тогтоох засаглал нь баталдаг. Төсвөөр дамжуулаад “хөөрхөн” барьж чадаад байгаа юм биш үү?
-Шүүхийн бие даасан байдлыг хангахын тулд олон хүчин зүйлс байдгийн нэг нь яах аргагүй эдийн засгийн бие даасан байдал. Таны ярьдаг нөхцөл байдал манайд шинэ Үндсэн хуулиас хойш нүүрлэсэн учраас сая Шүүхийн шинэтгэлийн асуудлын хүрээнд Ерөнхийлөгчийн институцийн хувьд энэ асуудлыг гаргаж тавиад бүхий л шүүх, шүүгчийн оролцоотойгоор явсан. Энэ шинэтгэлийн нэг гол юм нь эдийн засгийн хараат бус байдлыг бий болгох байлаа. Тийм ч учраас 2013 онд батлагдсан Шүүхийн шинэчлэлийн багц хуульд ямар зарчмын өөрчлөлт багтсан бэ гэхээр Засгийн газар шүүхийн төсвийг боловсруулж, УИХ-д өргөн мэдүүлж шийдвэрлүүлдэг байдлыг халаад Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах ганцхан гол чиглэлтэй, үүрэгтэй Үндсэн хуулиар байгуулагдсан байгууллагад өнгөрсөн жилийн төсөвт суурилаад шүүхийн төсвийг боловсруулж, УИХ-д өргөн барьдаг эрхийг нь олгосон. УИХ өөрөө хууль тогтоогчийнхоо хувьд төсвийг яаж тогтоох нь эрх мэдлийнх нь асуудал учраас бодитой, баримтад суурилаад шийддэг эрхийг нь 2013 онд хийж өгсөн юм.
-Харамсалтай нь...
-Харамсалтай нь, 2012-2016 оны УИХ-ын үед эдийн засгийн хямралын шуурганд өртөөд шүүхийн төсвийг Засгийн газраар дамжуулдаггүй байсан хуулийн заалтыг хүчингүй болгочихсон. Гэхдээ энэ бол удаан хугацаанд үргэлжлэхгүй болов уу гэж бодож байна. Эдийн засаг сайжраад ирэхээр ололттой төвшинд хүргэсэн заалтаасаа ухрахгүй байх л даа. Гэхдээ энэ бол шүүх тусдаа төсөвтэй байх гээд байгаадаа биш шүү. Гол нь, шүүхийн төсвийг Засгийн газар, Сангийн яамаар дамжуулаад ирэхээр хэдхэн мэргэжилтний үзэмжээр эдийн засгийн хараат бус байдал нь шийдэгдэх гээд байгаа юм. Намайг анх шүүхэд орж байхад шүүхийн төсөв хариуцсан шүүхийн албан тушаалтан нь Сангийн яамны хоёр мэргэжилтний өмнө очоод л нам болдог. Эндээс ижил тэнцүү байх ёстой гээд буй засаглалын нэг нь нөгөөхийнхөө өмнө ямар төвшинд очиж хэний өмнө, ямар төсөв шийдүүлдэг байж вэ гэдэг нь илэрхий л байхгүй юу. Үүнийг болиулсан байсан. Тэр төвшнөөсөө ухармааргүй байна л даа. Магадгүй тусдаа төсөвтэй байх үедээ харагдах байдал нь буруу мессэж өгөхөөр үйлдэл байсныг үгүйсгэхгүй. Алдаа байсан бол тэрийгээ шүүхийн захиргааны байгууллага нь засч, залруулаад явах хэрэгтэй. Тэгж байж эдийн засгийн хувьд бие даасан байдал бүрдэнэ. Гэхдээ батлах эрх нь УИХ-д бий. Энэ байгууллага бол ард түмний төлөөлөл. Нийгэмд болж буй зүйлийг хүлээж авдаг. Олон улсын өмнө гэрээ, конвенцоор хүлээчихсэн үүргээ ухамсарладаг, ойлгодог гэдэг нь өнгөрсөн оны шүүгчийн цалингийн асуудал дээр харагдаад өнгөрсөн шүү.
-Шүүгчид ер нь ямар шалгуур тавих ёстой вэ. Хүний хувьд тэр хэн байх ёстой юм?
-Энийг судалгаагаар шууд тогтоочихгүй л дээ. Монголчууд энэ ажилд тэр хүн тохирох уу, үгүй юу гэж их ярьдаг. Олон улсын төвшинд тийм байдаг юм билээ. Нэгдүгээрт, тухайн хүний зан төлвийг их судалж байж шүүгчээр тавьдаг.
-Тэр дотор нь мэдээж олон шалгуур бий байх.
-Мэдээж. Аливаа зүйлд амархан автдаггүй. Амархан хөөрч, баярладаггүй ч гэх юм уу. Эсвэл зоригтой, зориггүй, наад захын эдийн засгийн дарамтаас болоод өөр орлогын эх үүсвэр хайчихгүй, асуудалд туйлбартай ханддаг гэдэг ч юм уу шалгуур бий. Хүний зан төлвийг ч судлах боломжтой шүү дээ.
-Зан төлвийн хувьд флегматик хүмүүс таарах нь ээ?
-Тэрийг нь сайн мэдэхгүй. Гэхдээ 2013 оны хуулиар шүүгчийг анх шалгаруулж байгаа процесс дотор нэлээд гайгүй шалгуур хийгээд өгчихсөн. Хэрэгжилт их зовлонтой. Хүнээс хамаарчихдаг. Аз таараад гайгүйхэн хүн гараад ирвэл гайгүй явчихдаг. Жаахан гуйвсан, дайвсан “амьтан” байвал гуйвуулаад, дайвуулаад хуулийн зохицуулалтыг юу ч биш болгоод хаячихдаг. Тэгэхээр анх сонгон шалгаруулахдаа л туйлбартай, ялангуяа шуналгүй, хүний нөлөөнд автахгүй хүнийг шүүгчээр тавих нь чухал. Гадны зарим улсад бол шүүгч болох гэж байгаа хүн бүх мэдээллээ нээдэг. Тэрнийх нь араас тэр хүн дунд сургуульд, оюутан байхдаа ямар байснаас эхлээд бүгдийг нь судалдаг. Ингээд зан төлвийн хувьд ерөнхийдөө энэ хүн ийм байна гээд гаргаж ирдэг. Тэрийг нь харгалзаж үздэг. Бид тэр чиглэл рүү тодорхой хэмжээгээр явж байна. Гэхдээ хэзээ тийм сайхан болох юм, бүү мэд...
Хувь хүний бодлоо хэлэхэд, цалин бол ямар ч хүнд чухал. Ялангуяа шүүгч шиг өөр ажил эрхлэхийг нь хуулиар хорьчихдог хүнд цалин, орлогын эх үүсвэр нь тодорхой. Хүнээс гуйхгүйгээр амьдралаа залгуулах цалинтай байх нь шаардлага мөн. Гэхдээ энэ номер нэг шаардлага биш.
-Тэгвэл таныхаар шүүгч хараат бусаар ажиллах нэг номерийн шаардлага нь юу юм бэ?
-Би өнөөдөр энэ ажлыг хуулиар олгогдсон эрх, үүргийн хүрээнд хавсаргасан нотлох баримт дээр нь үндэслээд өөрийн мэдлэг, туршлагын хүрээнд хуулиа бариад шийдэхэд дараа нь надад ямар нэгэн дарамт ирж, дээшээ, доошоо болгох тийм дарамтгүй байх нь л шүүгчийн хараат бус байдлыг хангах хамгийн эхний асуудал. Цалин бол мэдээж чухал ч номер нэг асуудал биш.
-Гэхдээ эдийн засаг чинь өөрөө чухал юм биш үү. Өнгөрсөн оны төсвөөр шүүгчийн цалин бууруулах тухай ярихад шүүгчид банкны барьцаанд орлоо гэх яриа газар авсан. Бүгд орон сууц, машины юм уу, ямар нэгэн байдлаар банкнаас тодорхой хэмжээний зээлтэй байсан. Гэтэл хуулиар зөвшөөрсөн ганц орлогын эх үүсвэр нь багасахаар зээлээ төлж чадахгүйд хүрч, банкны нөлөөнд орох нь гэсэн эмзэглэл харагдсан л даа?
-Тооцоо судалгаа байдаг. 100 хувь биш гэхэд бараг 90 хувь нь, над шиг зээлтэй байгаа юм. Банкны барьцаанд орно гэдэг нь ч хаашаа юм. Гэхдээ амьдрах боломжгүй хэмжээний цалин өгвөл тэр шүүгч хүнийхээ хувьд “Хэр удаан тэсэх вэ” гэдгээс эхлээд хараат бус байдалд нь нөлөөлж эхлэхийг үгүйсгэхгүй л дээ. Энэ ч гэхдээ хүнээсээ л хамаарна.
-Та шүүхийн шинэтгэлийг эхнээс нь дэмждэг байсан. Миний санахаар ажлын хэсэгт нь хүртэл ажиллаж, тэргүүн эгнээнд нь явж байгаад больчихсон санагдаж байна. Та Монголын шүүхийн шинэтгэлийг хэр зөв гольдролоор явж байна гэж боддог вэ?
-Шүүхийн шинэчлэл бол нэг хэсэг хугацаанд хийгээд дуусдаг ажил огт биш.
-Байнгын шинэчлэл шаардагдах байх л даа.
-Нийгмийн хөгжил, шинээр гарч буй орчин, нөхцөлтэйгөө уялдаж, өөрчлөгдөн, шинэчлэгдэж байх ёстой. Хулгайчийн арга нарийсаад байвал илрүүлэх арга нь дагаад нарийсч байж илрүүлнэ биз дээ. Үүнтэй адил нийгмийн өөрчлөлтийг давж гарах, түүнээс илүү хөгжилд хүрэхийн тулд шинэтгэл байнга байх ёстой. Шинэтгэлийг 2009 эсвэл 2010 оноос эхэлсэн гэж ярьж болмооргүй байгаа юм. Яагаад гэвэл, 1992 онд Үндсэн хуулийн шинэтгэл хийгээд, араас нь дагаад л явсан асуудал. 1993 онд Шүүхийн хууль гараад өмнөхөөсөө дээшилсэн, 2002 онд өшөө ахиулах гэж үзсэн. Тэр хооронд дахиад л эрдэмтэн, судлаачид, шүүхийнхэн ярьж л байсан. Өнөөдөр 2002 оны шинэтгэлийн ажлыг буруу байна гэж байсан хүмүүс тэрийгээ залруулах боломжтой албан тушаалд сууж л байна. Тэглээ гээд бидний хүсч, хүлээж байсан шиг болдоггүй юм байна л даа.
-Үүгээрээ та юу хэлэх гэсэн юм бэ?
-Ерөөсөө шүүхийн шинэтгэл үргэлжилж байсан. Ирээдүйд ч үргэлжилнэ. Өнөөдрийн цаг үед бол хүссэн, хүсээгүй 2009 онд гарч ирсэн Ерөнхийлөгчийн санаачлагаар, олон улсын судалгаагаар явсан. Тэр үед хууль санаачлагчдын төвшинд хууль өөрчлөх замаар шинэтгэлийг урагш ахиулах нөхцөл бололцоо үүссэн. Тэрний дагуу л явж байна. Шинэчлэл хийх шаардлага байна уу, байна.
-Ингээд тохироо нь бүрдээд хуулиа шинэчилж. Тэр шинэчлэгдсэн хууль ямар болсон гэж та үзэж байгаа юм?
Хууль сайн байгаад түүнийг хэрэгжүүлэх дур, сонирхолтой хүмүүс тэр албан тушаалд томилогдож чадаж байна уу гэдгээс их зүйл хамаарч болзошгүй юм байна л даа.
-Хууль бол гайгүй гарсан. Энэ хуулиудыг боловсруулахад шүүгчдийн саналыг нэлээд авсан. Хуучин хууль батлахад, төлөөлөл гээд дарга нь л очдог. Үнэн чанартаа тэр төлөөлөл нь бодит төлөөлөл байж чаддаггүй байсан. Харин 2013 оны хуулиудад санаа, оноо гаргаад байдаг хүмүүсээс эхний ээлжинд санал, бодлыг нь авсан. Хоёрдугаарт, шүүгч нараар нь дахин дахин хэлэлцүүлсэн. Дээр нь хуульчдаар хэлэлцүүлээд боломжийн хувилбар гарсан. Миний хувьд шүүмжлэлтэй ханддаг зүйл бий.
-Шүүхийн ерөнхий зөвлөлийг хатуухан шүүмжилчихдэг шүүгч цөөхөн. Та харин шүүмжилдэг. Үнэхээр болохгүй байна уу, эсвэл үүний цаана танд хувийн сонирхол байна уу?
-Хоёулаа асуудлыг ерөнхийд нь ярья гэсэн шүү дээ. Би тэр талаар дахин дахин яримааргүй байна. Миний шүүмжлэлтэй хандаж буй зүйл бол хэрэгжилтийн үе шат. Хэрэгжилт бол цэвэр хүнээс хамаардаг юм байна шүү дээ. Өмнө нь хуулийг нь маш сайн гаргалгаатай хийгээд өгвөл хүссэн, хүсээгүй хэрэгжүүлдэг юм байна гэж боддог байсан бол мөн чанартаа үгүй юм байна. Хууль сайн байгаад түүнийг хэрэгжүүлэх дур, сонирхолтой хүмүүс тэр албан тушаалд томилогдож чадаж байна уу гэдгээс их зүйл хамаарч болзошгүй юм байна л даа. Шүүгчдийн хувьд бол, би ч гэлтгүй. Шүүгчдийн хийж байгаа ажил нь өөрөө нийгэмд ямар их үр нөлөөтэй вэ гэдгийг ухамсарладаг, шийдвэр гаргахдаа тунгааж бодох ёстой зүйлээ нарийн тунгаадаг ийм хүмүүс үе үеийн шүүгч нарт олонх байсан. Тэрийг л хичээж яваа болов уу гэж боддог. Тийм учраас шүүхийн шинэтгэлийн үйл явцыг хоёр, гурван хүн хийчихсэн, хийгээд байгаа юм шиг ярих нь зохимжтой зүйл биш. Тийм боломж ч байхгүй. Шинэтгэлийн хуулиудад орсон гол цөм нь шүүхийн дотроос, шүүгчдээс гарсан санаа бий.
-Жишээлбэл юу байна?
-Шүүгчийн нөлөөллийн мэдүүлэг гээд юм яригдаад байна аа даа?
-Тийм.
-Энэ бол шүүгчдийн ажил, амьдралаас урган гарч ирсэн зүйл. Энийг хэрэгжүүлээд явж байна. Гэхдээ нөлөөлөл өргөс авсан юм шиг алга болохгүй л байх. Хамгийн гол нь хандлагыг өөрчилчихлөө. Өмнө нь шүүгчтэй хэрэг ярих гээд явж байдаг асуудал хэвийн юм шиг байсан бол өнөөдөр эсрэгээрээ болсон. Хэрэг ярих тухай ойлголт байхгүй, болохгүй зүйл гэсэн хандлага тогтсон. Энэ маш чухал зүйл шүү. Одоо бол шүүхийн шийдвэр ил болчихлоо шүү дээ. Хуучин бол олддоггүй байсан. Тэрийг олж авахын тулд бөөн ажил болдог байлаа. Одоо асуудалгүй, интернэтээс олчихно. Энэ гэхэд л шүүгч нар өөрсдөө хийсэн зүйл. Энийг хэн нэгэн албан тушаалтан хийсэн гэж болохгүй. Шүүгч нараас шүүхийн шинэтгэлийг салгаж ойлгож болохгүй. Тэдний оролцоогүйгээр учирч буй бэрхшээлийг тодорхойлж, давж гарах аргачлалыг боловсруулж чадахгүй байхгүй юу. Яах вэ, хууль боловсруулах, санаачлах төвшинд Ерөнхийлөчийн санаачлагаас эхлээд улс төрийн асуудал шийдлүүд байсан л даа. Маргах юм байхгүй.
-Шүүх хаалттай, нээлттэй байх нь шүүгчээс их хамаараад байна уу даа. Таны ерөнхий шүүгчээр оролцсон шүүх хурлын шийдвэр 22.00 цагт дууссан ч үүрээр 03.00 цагт тогтоол нь сайтад орчихсон байхыг харж байлаа. Гэхдээ бүх шүүгч ингэдэггүй. Зарим нь хуулийнхаа хугацааг тулгаж байж л тавиад байх шиг?
-Яг шүүхийн шийдвэрийг цахим сан руу оруулах асуудал шүүгчээсээ ямар ч хамааралгүй. Шүүгч тэрийг хийдэггүй.
Миний хувьд, шүүгч маргалдагч талуудыг тэгш байр сууриа илэрхийлэх боломжийг нь маш сайн хангаж, ижил тэнцүү цаг хугацаа олгоод, шийдэж буй асуудалдаа өөрөө оюун ухаанаа дайчлаад, тодруулаад хурлаа хийх ёстой. Хоёрдугаарт, гаргасан шийдвэрээ маш сайн тайлбарлаад, ойлгуулж байх ёстой.
Шүүх хуралд олон янзын зан ааштай хүн орж ирдэг учраас нэг нь нөгөөгөө загнаад, ярьж байхад нь дундуур нь орохоос эхлээд асуудал гардаг. Шүүгч хүний хувьд би, тэрийг нь таслан зогсоох, заримд нь сануулах ажил хийдэг. Зарим үед тэр нь буруу ойлгогдох зүйл гарна. Гэхдээ шүүгч тэр хоёр зүйлийг л сайн хийх ёстой. Техникийн ажил бол тусдаа. Хуульд нууцаар зааснаас бусад бүх шийдвэр албажиж гарснаасаа хойш тогтмол нэг хугацаанд мэдээллийн санд орох ёстой л гэсэн хуулийн заалт бий.
-Энэ асуудалтай холбоотойгоор би хоёр шүүх хурлыг жишээ болгон татъя. Дуулиан тарьсан Ерөнхий сайдын зөвлөх Л.Гансүх нарт холбогдох шүүх хурлыг телевизээр шууд дамжуулж байсан. Тухайн үед шүүгч нарын ур чадварын асуудал шүүмжлэл дагуулсан ч шүүх нээлттэй болсонд олон нийт таатай хандаж байлаа. Харин сая С.Зориг агсны хэргийг шүүх хурал эсрэгээрээ хаалттай хийлээ. Энэ хурлын улсын нууцтай холбоотой хэсгийг хаалттай, бусдыг нь нээлттэй хийхээр зохицуулах боломж байсан уу. Хаалттай хийгээд зогсохгүй, хилсээр хорих ангид хийлээ гээд их шүүмжлэл дагуулж байна л даа. Шүүх заримдаа хэт нээлттэй, заримдаа бүр хэт хаалттай болчихоод байгаа нь олон нийтийг төөрөгдөлд оруулж, ямар нэгэн байдлаар нөлөөнд автаад байна гэсэн хардлагыг төрүүлээд байна л даа?
-Шүүх нээлттэй байх, шүүх хаалттай байх. Шүүх хуралдаан нээлттэй байх эсвэл хаалттай явах тухай хоёр ойлголт өөр хоорондоо заагтай. Шүүх хуралдаан нээлттэй гэдэг бол шийдвэр гаргах процессыг л харуулж байгаа. Шүүх нээлттэй, хаалттай байна гэдэг нь хурлаас гадна бүх талаар нээлттэй, хаалттай тухай асуудал. Шинэ хуулиар шүүхийг өөрийг нь ойлгомжтой, хүн үйлчлэх чиглэл рүү нь болгох талаар дээр, дооргүй үзээд байгаа. Хурлын хувьд, хуулиар зохицуулчихсан зохицуулалт бий. Тэр хуулиар хуульд заасан нууцтай холбоотой хэргүүдийн хаалттай хийнэ гээд заачихсан. Тэгэхээр тэрийгээ л дагаж таарна. Шүүх өөрөө хууль барих ёстой шүү дээ. Шүүх хурлыг хаалттай хийж байгаа тохиолдолд шийдвэрийн үндэслэл нь маш тодорхой байх хэрэгтэй. Шийдвэр өөрөө маш тодорхой, үндэслэл бүхий гарах ёстой шүү дээ. Тэр шийдвэрийн тодорхой хэсэг нь нууд биш л бол хүрэх ёстой хүндээ хүрч, ойлгогдох ёстой. Харин телевизээр дамжуулбал нээлттэй, дамжуулахгүй бол хаалттай гэвэл арай өрөөсгөл болно. Нэг шүүх хурал, нэг шүүх бүрэлдэхүүн, нэг хэргийн талаар би ярих нь ёс зүйн дүрмээр, журмаараа хаалттай юм. Зохион байгуулалтын тухайд бол ярихад, хэвлэл мэдээлэл юу сонирхдог вэ гэвэл сенсааци мэдээллийг л сонирхдог. Жирийн шүүх хуралдаан нээлттэй болж байхад хэн ч сонирхдоггүй. Олон нийтийн анхаарлыг татсан хэргүүд дээр яаж шаардлагатай цаг хугацаанд нь хуулиар хориглосноос бусад мэдээллийг бүрэн дүүрэн өгөх вэ гэдэгт хүссэн, хүсээгүй шүүхийн захиргааны байгууллага, тамгын газар нь менежмент хийх ёстой. Яагаад гэвэл, хүн болгон мэдээлэл түгээгч болчихсон өнөөгийн нийгэмд бодитой мэдээллийг эх сурвалж цаг тухайд нь гаргаж өгөхгүй л бол буруу, зөрүү мэдээллүүд гарч, тухайн байгууллагыг буруугаар ойлгуулах юм байж болох байхгүй юу?
-Шүүхэд итгэх итгэл сулардаг ч юм уу?
-Тийм. Тэгэхээр миний хувьд, шүүхийн хэвлэл мэдээлэл хариуцсан байгууллагууд тэр чиглэл рүүгээ менежментээ боловсронгуй болгоод, тухайн шүүхийн Тамгын газар ажиллаж байгаа хүмүүстэйгээ тулж ажиллаад, дотогшоо гэхээсээ илүү гадагшаа чиглэсэн ажил хийгээд, арга зүйгээр нь хангаж өгөх байх л даа.
-Манайхан хоол идсэн сав руугаа нулимахгүй гэж их хичээдэг. Үүнээсээ болоод улайм цайм буруу зүйл байсан ч нүдээ аниад өнгөрөх нь бий. Харин та салбартаа их шүүмжлэлтэй ханддаг. Үнэхээр болохгүй байна уу эсвэл..?
-Хийж байгаа ажил зөндөө бий. Гэхдээ сайн, муу нийлж сав дүүрдэг гэдэг байх аа. Миний хувьд юу гэж боддог вэ гэхээр, шүүгч ч бай, сэтгүүлч ч бай, хэн байх нь хамаагүй. Хоолоо олж идэж байгаа салбараа зөв, боловсронгуй болгохын тулд өөрөө оюун ухаанаа дайчилж, үзэл бодлоо уралдуулж байх ёстой. Харин хаацайлна гэдэг буруу. Харин ч хэлэх хэрэгтэй. Хүний алдааг хараад чимээгүй сууж байгаад ангал руу унагаж байсны оронд хэлсэн нь илүү тустай. Авах авахгүй нь тухайн хүмүүсийн асуудал. Би хувийн байр сууриас асуудалд ханддаггүй. Олон зуун хүн энэ байгууллагад ажиллаж ирлээ. Тэд нийгмийн өмнө хүлээсэн үүрэг, хариуцлагаа ухамсарлаж, түүний төлөө л явах ёстой.
-Ер нь шүүх итгэх олон нийтийн итгэлийг яаж олж авдаг юм бэ. Иргэдийн итгэлийг бууруулахгүйн тулд ямар арга хэмжээ авах ёстой юм. АНУ-д бол иргэдийн шүүхэд итгэх итгэл 80-аас дээш хувьтай байдаг гэсэн судалгаа байдаг юм билээ. Шүүхэд итгэх итгэл гэмт хэргийн гаралтад шууд биш ч хамааралтай гэж хувьдаа бодож байна. Шүүхэд итгэх итгэл алдархаар асуудлыг өөрийнхөөрөө шийддэг аюултай үзэгдэл ажиглагддаг. Манайд ийм жишээ ч бий?
-Иргэдийн шүүхэд итгэх итгэлийг нэмэгдүүлэхийн тулд аль нэг талын сэтгэгдлийг хэвлэлээр онцолж тавих нь иргэдийн итгэлийг олох сайн арга зам биш байх л даа. Зарчмын хувьд явж явж шүүгч тус бүр хийж буй ажлаа хэр зэрэг ухамсарлаж байгаа вэ. Шүүгчийн сонгон шалгаруулалтын асуудал чинь хэр нийцтэй юм бэ гэдэг рүү л орно. Миний хувьд хэрэг болгон шинэ. Хэрэг болгон өөр. Яагаад вэ гэвэл, хүн амьдралынхаа амин чухал асуудлыг шийдүүлэх гээд нэг л удаа шүүх рүү орж ирж байна. Аливаа хэргийг шүүх нь миний өдөр тутмын хийдэг ажил. Сэтгүүлч өдөр болгон мэдээ бичдэгтэй адил ажил байж болно л доо. Гэхдээ сэтгүүлч мэдээ бичихдээ миний мэдээ хүний амьдрал, нийгмийн сэтгэл зүйд хэрхэн нөлөөлөх вэ гэдгийг ухамсарлаж бичдэгтэй адил шүүгч тухайн хүний амьдралтай холбоотой амин чухал асуудал гэдгийг ухаарч, хэрэг болгон дээр шинээр хандах хэрэгтэй. Шийдлийн хувьд бол нотлох баримтаас хамаарах учраас шүүгч хүнийг баярлуулахын тулд шийдвэр гаргаж болохгүй. Хамгийн гол нь, хүн ёсных нь хувьд хүнтэй зөв харилцах, үгийг нь бүтэн хэлүүлэх, тэнцвэртэй байдал олгох асуудалд шүүгч болгон ухамсарлаж чадвал шүүхэд итгэх итгэл дээшилнэ.
Энэ хүрээнд шүүхийн шинэтгэлээр хийх гэж оролдсон зүйл бол шүүх бүрэлдэхүүнд иргэдийн төлөөлөгчийг оруулах гэж оролдсон асуудал. Санаа нь их зөв. Бид ямар санаагаар оруулж ирсэн бэ гэхээр иргэдийн төлөөлөгч гээд л байнгын байж байдаг хүн олон нийтийн төлөөлөл биш болчихоод байгаа юм. Бараг л шүүхийн ажилтан шиг болчихно. Тийм учраас тухайн дүүрэг, хороонд амьдардаг хүн ротациар ээлжлээд орж ирээд шүүхийнхээ үйл ажиллагааг ч танина, өөрөө иргэнийхээ хувьд шүүн таслах ажиллагаанд орж санал, бодлоо хэлэх давуу талтай. Гэхдээ яг тэр хүнд шүүгчтэй ижил тэгш эрх олгох уу, үгүй юу гэдэг өөр асуудал.
-Мэргэжлийн хуульч бус хүнд тийм эрх олгох нь учир дутагдалтай гэж та судлаач хүний хувьд үзэж байгаа юм уу. Яагаад?
-Яагаад гэдгээ олон бичсэн л дээ. Жишээ авахад, татварын маш их маргаантай хэрэг ороод ирж байна. Тэр хэргийг татварын байцаагчаас эхлээд туршлагатай мэргэжлийн албан тушаалтан шийдээд, нөгөө байгууллагыг нь төлөөлж байгаа нягтлан бодогчоос эхлээд бас л мэргэжлийн хүмүүс эсэргүүцээд, дээр нь татварын асуудлаар мэргэшсэн зөвлөх байгууллагыг аваад ажиллуулж байгаа талууд мэргэжлийн нарийн асуудлаар маргаад ороод ирэхэд тийм мэргэжилгүй, хоёрдугаарт хуулийн ойлголт, хэрэглэх аргачлалыг мэдэхгүй хүн ижил тэнцүү эрхтэй байна гэдэг өрөөсгөл гэж би боддог л доо. Өнөөдөр шүүгчийг хүртэл эдийн засаг, татвараар мэргэшүүлэх асуудал яригдаж байна шүү дээ.
-Шүүгч нарын дунд “Хууль ийм болохоор ямар ч арга алга” гэх эмзэглэл байдаг. Хүн ёсных нь хувьд зөвтгөж, ялыг нь багасгамаар байвч хуульд заасны дагуу олон жилийн ял оноох тохиолдлыг би хэлээд байна л даа. Шүүгч хуулиа л дагасан ч тэр нь тохирсон шийтгэл гэж харагдахгүй байх нь элбэг нийтлэг жишээ олон харагддаг. Энэ бүх төвшинд ажиглагддаг. Үндсэн хуулийн заалт зөрчсөн, зөрчөөгүй маргаантай асуудал дээр их харагддаг. Яах ёстой вэ?
-Хууль хязгааргүйгээр шударга ёс гээчид тэмүүлж байх ёстой. Хуулийн зохицуулалт шударга л байх ёстой гэсэн үг л дээ. Гэхдээ бүх юмыг детальчилан хуульчилж болдоггүй учраас хууль өөрөө ерөнхий гардаг. Яг энэ асуудлаар ярихаар эрүүгийн эрх зүй нэг өөр, иргэнийх бас өөр, захиргааных тэднээсээ огт өөр, Үндсэн хуулийн асуудал бүр өөр болоод явчихдаг. Би эрүүгийн хэргийн шүүгч биш учраас сайн мэдэхгүй. Харин зарчмын хувьд юу байдаг вэ гэхээр, ийм хэрэгт тэдээс тэдэн жилийн ял онооно гэчихсэн байвал шүүгч түүнээс доор эсвэл дээр өгч болохгүй шүү дээ. Шүүх өөрөө хуульд захирагдах ёстой.
Яах гэж шүүх байдаг вэ, яагаад энэ ажлыг хүн хийдэг вэ гэхээр хуулийн зохицуулалтыг тодорхой маргаан дээр тайлбарлаж хэрэглэдэг. Яг ижил маргаан гэж байхгүй. Тэр маргаанд шүүгч хуулийг тайлбарлаж хэрэглэхдээ аль болох шударга ёсны үнэлэмжид нийцүүлж, чиглүүлж, хуулийн үзэл санаанд нийцүүлж, шударга ёсны үнэлэмжид уялдуулж хэрэглэх л ёстой.
-Шүүгчид нөлөөлсөн гээд яриад байдаг. Нэг талыг барьсан шийдвэр гаргалаа ч гэж байх шиг. Ер нь шүүгчид яаж нөлөөлдөг юм. Таныг харин салбарынхан чинь нөлөөнд автдаггүй гэх юм билээ. Танд нөлөөлөхийг оролдож байсан уу, та яаж мултардаг юм?
-Шүүгч өөрөө өөрийнхөө арга зүйгээрээ хүн чамд нөлөөлөх гэж ойртох боломжгүй байх тэр нөхцөлийг бүрдүүлэх ёстой. Энэ нөхөрт хэлээд ч нэмэргүй. Аягүй бол эсрэгээрээ юм болно гэх ойлголтыг л шүүгч өөрөө хүмүүст өгөх ёстой. Нөлөөллийн мэдүүлэг гээд юм санаачлаад яваа байгаа чинь тэр л дээ. Шүүгчийгээ хамгаална аа гэдэг чинь хэрэг маргаанаа шийдвэрлүүлж буй хүний шударгаар асуудлаа шийдүүлэх орон зайг хамгаалж байгаа юм. Түүнээс шүүгч гээч нөхрийг хамгаалах гээд байгаа асуудал ч биш шүү дээ. Хэрэгт хөндлөнгийн нөлөө оруулахгүй, нотлох баримтын хэмжээнд асуудлаа шийдүүлэх боломжийг л хангаж байна гэсэн үг.
-Шүүгчийн томилгоо ер нь хэр шударга болж байна гэж та үздэг вэ. Улс төрийн нөлөөлөл хэр байдаг юм?
-Би томилдог албан тушаалтан биш болохоор мэдэхгүй юм.
-Тэгвэл асуултаа өөрчилье. Улстөрчдөөс нөлөөлөх боломж нь хэр байдаг юм гэж асууя. Яагаад үүнийг таниас асуусан бэ гэхээр, та Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч байсан хүн. Харин одоо тушаал буучихсан. Тэгэхээр ямар нэгэн нөлөөлөл байгаад байна уу гэсэн хардлага байна. Гэтэл гадны улсыг харахаар тухайн шүүгч насан туршдаа ажиллаад тэтгэвэртээ сууж харагддаг. Энэ юутай холбоотой юм?
-Ямар алдаатай зохицуулалт байгаа юм.
-Хамгийн түрүүнд өөрчлөх шаардлагатай зохицуулалт юу байна вэ гэхээр Шүүхийн ерөнхий зөвлөл гээд байгууллага байна аа. Энэ байгууллагын удирдлагыг Ерөнхийлөгч томилдог зохицуулалтыг л хамгийн түрүүнд авч хаях хэрэгтэй.
-Мэргэжлийн холбоод, байгууллагаас гаргаж ирэх ёстой гэж та үзэж байгаа юм уу?
-Анхны төсөл нь тэр шүү дээ. Хуульчдын холбооноос нэг хүн, шат шатны шүүхээс нэг хүн. Хууль зүйн яамнаас нэг хүн гээд гаргаж ирдэг. Эдгээр хүмүүс нь хуралдаад дундаасаа даргаа гаргана. Яг л Үндсэн хуулийн Цэц шиг. Тэрнээс энэ хүмүүс нэг хүн гаргаад ирдэг. Тэр хүнийг нь цаана нь дахиад нэг шатанд томилох эсэхийг нь шийддэг. Ийм л асуудал байна. Хуулийг өөрчлөх л асуудал. Хууль өөрчлөөгүй байхад энийг ярих хэрэггүй л дээ.
365 уншигдсан.