Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
ЗАХИРГАА ХУУЛИЙН ЭТГЭЭД БОЛОХ НЬ[1]
Захиргаа нь хуулиар нийтийг удирдан зохион байгуулах тодорхой чиг үүрэг хүлээсэн этгээдийн хувьд иргэний болон нийтийн эрх зүйн харилцааны бие даасан оролцогч байдаг төдийгүй эдгээр харилцааг зохицуулж буй иргэний болон нийтийн эрх зүйн хэм хэмжээний хүрээнд хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээд байдаг. Энэ сэдвийн хүрээнд захиргаа, хуулийн этгээд гэсэн ойлголтуудыг тодорхойлохоос гадна захиргаа чухам ямар шинжээрээ хуулийн этгээд болохыг тодруулан гаргахыг зорьсон юм.
Захиргааг ерөнхий утгаар тодорхойлсон байдал одоогоор Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд тусгагдсан байгаа бөгөөд төслийн хэмжээнд боловсруулагдаж буй Захиргааны ерөнхий хуульд шинээр тодорхойлох оролдлого хийгдэж байгаа юм. Захиргаа гэдэгт Үндсэн хууль болон бусад хууль, төрийн дээд эрх бүхий байгууллагын шийдвэрийг үндэслэн байгуулагдсан, улс орон, нутаг дэвсгэр, нийгэм, эдийн засгийн нийтлэг эсхүл тодорхой чиглэлд удирдан зохион байгуулах чиг үүрэг бүхий зохион байгуулалтын нэгдэл, байгууллагыг ойлгох бөгөөд зарим тохиолдолд тодорхой албан тушаалыг захиргаа гэсэн ойлголт хамруулж үзэх нөхцөл байдаг.
Ерөнхий утгаараа хуулийн этгээд нь тухайн этгээдийн үйлдэл, үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдсан (зөвшөөрөгдсөн), бие даасан нийгмийн харилцааны оролцогч байх бөгөөд Иргэний хуулийн 25 дугаар зүйлд иргэний эрх зүйн харилцаанд оролцогчийн хувьд, харин хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуульд улсын бүртгэлд бүртгэх шаардлагын хувьд Хуулийн этгээдийг тодорхойлсон байдаг.
Юуны түрүүнд, Захиргааны байгууллага нь иргэний болон нийтийн эрх зүйн харилцааны бие даасан оролцогчийн хувьд өөрийн үйл ажиллаагаараа үр дагавар үүсгэж, эрх олж, үүрэг хүлээдэг төдийгүй хуулиар нийтийг удирдан зохион байгуулах чиг үүрэг хүлээсэн, хуулийн өмнө хариуцлага хүлээх, хуулиар үйл ажиллагаа нь зохицуулагдаж байдгын хувьд хуулийн этгээдийн шинжийг агуулдаг.
Түүнчлэн, ерөнхий шаардлагын хувьд хуулийн этгээдийн эрх эдлэхийн тулд тухайн улсын хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн хуулийн этгээдийн аль нэг төрөл хэлбэрээр[2] зохион байгуулагдаж, үүсгэн байгуулах шийдвэр гарч, дараа нь улсын бүртгэлд бүртгэгдсэн байх шаардлагатай байдгын адил Захиргаа нь үүсгэн байгуулагдахын хувьд МУ-ын хууль, холбогдох эрх бүхий дээд байгууллагын шийдвэрээр үүсгэн байгуулагдаж, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 7.1.3-т зааснаар (төрийн байгууллага, албан газар) бүртгэгдсэнээр нийгмийн харилцааны бие даасан хууль ёсны оролцогч болох юм.
Харин ашгийн төлөө болон ашгийн төлөө бус иргэний эрх зүйн хуулийн этгээдтэй харьцуулахад захиргаа нь байгуулагдсан зорилго, хэрэгжүүлэх чиг үүргээс хамаарах нийтийн эрх зүйгээр үйл ажиллагаа нь зохицуулагдах учраас нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн нэг гэж тодорхойлж болох юм.
Зарим судлаачид захиргаа бол захирах, удирдах үүрэгтэй этгээд тул хуулийн этгээд биш захиргаа гэж үзэх тохиолдол байдаг боловч аливаа Иргэний хуульд заасан зохион байгуулалтын шинжийг агуулсан бөгөөд хуулийн өмнө хариуцлага хүлээх этгээд нь тухайн харилцаанд ямар эрх хэмжээтэй оролцож буйгаас хамаараад хуулийн этгээд буюу хуулийн өмнө үйлдэл үйл ажиллагаа нь явагдаж, зохицуулагдаж байх ёстой.
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-д зааснаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийн хувьд иргэний эрх зүйн харилцаанд бусад хуулийн этгээдтэй тэгш эрхтэй оролцох боловч үүсгэн байгуулах, бүртгэх, татан буулгах асуудал нь хууль, тогтоомжоор зохицуулагдсан байхаас гадна нийтийн эрх зүйн харилцаанд удирдан зохион байгуулах зорилготойгоор оролцдог байна. Тухайлбал, Иргэний хуулийн 7 дугаар зүйлийн 7.3-д зааснаар “аймаг, нийслэл, сум дүүрэг” нь иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн эрхтэйгээр оролцохоос гадна нийтийн эрх зүй зохицуулалтаар Монгол Улсын нутаг дэвсгэрийн нэгж болохын хувьд тухайн нутаг дэвсгэртээ засаг захиргааны чиг үүргийг гүйцэтгэдэг.
Эцэст нь дүгнэвэл, захиргаа нь нийгмийн өмнө хуулиар хүлээсэн үүрэгтэй, хуулийн дагуу үүсч, өөрчлөгдөж, улсын бүртгэлд бүртгэгдэж, зохион байгуулалт, үйл ажиллагаа нь хуулиар зохицуулагдсан, өөрийн үйл ажиллагаагаа эрх үүсгэж үүрэг хүлээдэг, түүнийхээ төлөө хуулийн хяналтад байдаг зохион байгууллалтын нэгдэл болохын хувьд хуулийн этгээд мөн. Харин иргэний эрх зүйн харилцаанд бусад оролцогчидтой эрх тэгш, нийтийн эрх зүйн харилцаанд хуулиар зохицуулсан хэмжээнд удирдах чиг үүрэгтэйгээр оролцдог хуулийн этгээд юм.
Ц.Цогт
[1] Судалж буй сэдвийн хүрээнд цааш үргэлжүүлэн боловсруулж байгаа өгүүлэл/working paper
[2] Жишээ нь Монгол Улсын Иргэний хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн буюу байж болох хуулийн этгээдийн аль нэг төрөл хэлбэрийг сонгон авч, үүсгэн байгуулах шийдвэр гаргасанаар тухайн хуулийн этгээд байгуулагдсанд тооцогдох юм.
1465 уншигдсан.Сэтгэгдлүүд
2014-09-20 - sonirholtoi baina
Бичсэн: Зочин
Zaluu hun iim idevhtei, sanal bodloo devshuulj huvaaltsaj buid ahmad hunii huvid setgel hangaluun bna. Gemt hergiin tuhai huuliin tusuld huuliin etgeed subiekt bolohoor orj baigaatai ene asuudlaa uyalduulj tailbarlana uu. Nadad arai l uur sanaa baigaad baina. Hotsrogdson ch baij boloh um.
Amjilt husie,
D.Dugerjav
2014-09-17 -
Бичсэн: dadido
Энэ нийтлэлээс би ингэж л ойлгож байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.1-д заасны дагуу "Хуулийн этгээд буюу захиргаа" нь захиргааны актанд гомдол гаргаж болно гэж гэж ойлголоо. Шууд утгаараа төрийн хоёр байгууллага өөр хоорондоо захиргааны хэргийн шүүх дээр шүүхдэлцэж болох нь л гэж. Тийм тохиолдол байдаг юм уу.
2014-09-15 -
Бичсэн: иргэн (зочин)
2 дах асуудлын хувьд иргэний эрх зүйн оролцогчоор оролцож байгаа тохиолдолд зөвхөн хуулиар зөвшөөрөөгүй бүхэн хориотой гэсэн зарчим үйлчлэхгүй гэсэн үг үү
2014-09-15 - сайн уу
Бичсэн: Цэндийн Цогт
1. Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хууль "өмчийн хэлбэр" талаас нь харж ангилсан зохицуулалт агуулсан байдаг. Уг хуулийн зохицуулалтаас яагаад төрийн байгууллага Хуулийн этгээд эрхтэй байдгыг шууд тайлбарлах боломжгүй байдаг гэж ойлгож байна.
2. ИХ-ын 13.2 -ын хувьд, миний бодлоор захиргаа уг харилцаанд /иргэний/ гагцхүү "иргэний эрх зүйн оролцогч /Субьект/оор" л оролцох боломжтой тул уг захиргааны шинжтэй буюу захиргаа болохын хувьд хуулиар эрх олгосон эсхүл хориглосон аливаа үйлдэлийг хэрэгжүүлэх боломжгүй. Өөрөөр хэлбэл зарим тохиолдолд захиргаанд иргэний эрх зүйн харилцаанд оролцохдоо тодорхой хязгаарлалтайгаар орох нөхцөл тавсан байдаг жишээ нь Төрийн өмчийг бусдад түрээслүүлэх харилцаанд гэх мэт
2014-09-15 -
Бичсэн: иргэн (зочин)
төрийн байгууллага иргэний эрх зүйн харилцаанд хуулийн этгээдийн хувьд оролцохдоо захиргааны байгууллагад хуулиар шууд зөвшөөрөөгүй боловч хориглоогүй асуудлаар "13.2.Иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хуулиар хориглоогүй буюу хуульд шууд заагаагүй эрх, үүргийг өөрийн хүсэл зоригийн дагуу хэрэгжүүлж болно." гэсэн заалтыг хэрэглэж болох эсэх талаар та юу гэж бодож байна?
2014-09-15 -
Бичсэн: иргэн (зочин)
уучлаарай төрийн өмчит хуулийн этгээд шүү
2014-09-15 -
Бичсэн: иргэн (зочин)
Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийн 13-р зүйлд хуулийн этгээд гэдэгт төрийн байгууллага, албан газар, төрийн өмчит үйлдвэрийн газар гэж тодорхойлсон байдаг