Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүгчийн ёс зүйн дүрмийг нийт шүүгчдийн цахим санал хураалтаар батална
Tweet

Монголын Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны Тэргүүн Ц.Цогттой ярилцав.

-Шүүгчдийн хороо хэмээх байгууллага ямар бүтэцтэйгээр, ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ гэдгээс яриагаа эхлэх үү?

-Хуульчдын холбооны бүтцийн байгууллага болох Шүүгчдийн хороо  өнгөрсөн оны 9 дүгээр сарын сүүлээр байгуулагдсан. Энэ нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хууль, Хуульчдын холбооны дүрэмд зааснаар шүүгчийн албыг хашиж буй нийт хуульчдаас бүрдсэн, холбоо шүүгч хоёрын хоорондох үйл ажиллагааг уялдуулан зохицуулах ийм чиг үүрэгтэй хороо юм. Хорооны үндсэн бүтэц нь Удирдах зөвлөл, мөн Тэргүүнтэй байхаар заасан.

Тус хорооны Удирдах зөвлөлд шүүгчид өөрсдөө нэрээ дэвшүүлж, цахим санал хураалтаар тэдэнд санал өгөх замаар байгуулагдаж, тэргүүн нь сонгогдсон. Энэ санал хураалтад шүүгч нар их идэвх муутай оролцож, харьцангуй цөөн хүн санал өгснийг хэлэх хэрэгтэй байх.  Гэхдээ хуулийн дагуу Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл байгуулагдаж, 2013 оны 10 дугаар сараас үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн. Энэ зөвлөл тэргүүн, хяналтын шатны шүүхээс 4, давж заалдах шатны шүүхээс 4, анхан шатны шүүхээс 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэйгээр ажлаа явуулж байна.

Хороо хуульд зааснаар хэд хэдэн чиг үүргийг хэрэгжүүлэх учиртай. Юуны түрүүнд Шүүгчийн Ёс зүйн дүрмийг батлах, мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлд Хуульчдын холбооноос санал болгох гишүүнийг нэр дэвшүүлэх, Хуульчдын холбооны чиг үүргийн хороодод шүүгчдийг нэр дэвшүүлэх зэрэг үндсэн ажлууд бий. Энэ чиг үүргийнхээ дагуу Шүүгчдийн хороо байгуулагдсан цагаасаа хойш нийтдээ 10 гаруй удаа хуралджээ. Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлэх, чиг үүргийн хороод болон хяналтын зөвлөлд нэр дэвшүүлэх ажлуудыг хийгээд, тэр хүмүүс нь зохих хороондоо ажиллаад явж байна.

-Шүүгчийн Ёс зүйн дүрэмд санал авч байгаа гэсэн. Дүрэм боловсруулах явц одоо аль шатандаа байна вэ?

-Одоо хорооны хийж буй гол ажил нь Шүүгчийн ёс зүйн дүрмийг боловсруулан батлах юм. Энэ дүрмийг боловсруулах ажил үндсэндээ 2013 оны 10 дугаар сарын 6-наас эхэлсэн. Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн гишүүн, бас ёс зүйн багш, энэ чиглэлээр туршлагатай гэдэг утгаар нь Дээд шүүхийн шүүгч Б.Батцэрэнгээр ахлуулсан ажлын хэсэг байгуулсан. Ажлын хэсгийн бүрэлдэхүүнд Удирдах зөвлөлийн цөөн гишүүнээс гадна ёс зүйн асуудлаар мэргэшин ажиллаж байгаа шүүгчид багтсан. Олон улсын жишиг болон өөрсдийнхөө хуучин Ёс зүйн дүрэм, хуульч, шүүгчдэд нийгмийн зүгээс тавигдаж буй өнөөгийн шаардлагыг харгалзан үзэж судлаад ажлын хэсэг дүрмийн төслийг боловсруулсан.

Дүрмийн төслийн талаар санал авах ажиллагааг хэд хэдэн удаа зохион байгууллаа. Эхний удаа  2013 оны 10 дугаар сарын 6-наас 2013 оны 12 дугаар сарын 13-ны хооронд бүх шатны шүүхүүдээс нэгдсэн байдлаар цахим шуудан, факс, шуудангаар  саналыг хүлээн авсан. Тухайн үед шүүхүүд шинэчлэн байгуулагдах үйл явц цаг хугацааны хувьд давхцсантай холбоотойгоор оролцооний идэвх бага байсан ба нийт 34 шүүхээс дүрмийн төсөлд санал ирүүлсэн. Ажлын хэсэг төсөлд ирсэн санал тус бүрийг 2013 оны 12 сарын 13-ны өдрийн хуралдаанаар нэг бүрчлэн авч хэлэлцэж, шаардлагатай саналуудыг  дүрмийн төсөлд тусгасан.

            Дараагийн удаа төсөлд ирсэн санал хангалтгүй байна хэмээн үзэж дахин  2013 оны 12 дугаар сарын 30-наас 2014 оны 1 дүгээр сарын 8-ны хооронд зохион байгуулж бүх шатны шүүхүүдэд ёс зүйн дүрмийн төслийг зүйл тус бүрээр шүүгчдийн зөвлөгөөнөөрөө хэлэлцүүлж гаргасан саналаа, зөвлөгөөний тогтоол, тэмдэглэлийн хамт ирүүлэхийг хүссэн утга бүхий албан тоот хүргүүлсэн. Уг санал авах үйл ажиллагаанд бүх шүүхүүд ямар нэгэн байдлаар хариу ирүүлсэн ба нийт 79 шүүхээс 38 шүүх төсөлд тусгайлан санал гаргасан бол үлдэх 41 шүүх дүрмийн төслийг хэвээр батлахыг дэмжсэн болон төсөлд тусгайлан санал гаргаагүй юм. 

            Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл 2014 оны  1 дүгээр сарын 27-ны өдрийн хуралдаанаар төслийн зүйл тус бүр дээр ирсэн саналыг нэг бүрчлэн хэлэлцэн шаардлагатай саналыг төсөлд тусгасан. Тухайн өдрийн хуралдаанаар дүрмийг эцэслэн хэлэлцэж дуусаагүй тул Удирдах зөвлөл 2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр хурал зарлаж, тус хурлаар Шүүгчийн ёс зүйн дүрмийн төслийн зарим бүлгийг хэлэлцэн эцэслэн боловсруулж дуусгах юм.

Түүнчлэн Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2-т “Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо Шүүгчийн ёс зүйн дүрмийг батална” гэж заасантай уялдан Удирдах зөвлөл Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах эрхтэй эсэх асуудлаар саналын зөрөөтөй асуудал гарсан тул бүх шатны шүүхийн шүүгчдээс уг асуудлаар санал авах ажлыг 2013 оны 12 сарын 30-наас 2014 оны 1 сарын 20-н хүртэл хамтатган зохион байгуулсан. Шүүгчийн ёс зүйн дүрмийг удирдах зөвлөлөөр батлах эрх олгох эсэх асуудлаарх санал хураалтанд нийт 79 шүүхийн 410 шүүгчдээс 394 шүүгч оролцоноос 337 шүүгч дэмжиж 54 шүүгч дэмжихээс татгалзсан дүн гарсан.

Ийнхүү Удирдах зөвлөлд шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах эрх олгогдсон хэдий ч Удирдах зөвлөл 2014 оны 01 сарын 27-ны өдрийн хуралдаанаараа дүрмийг Удирдах зөвлөл биш Шүүгчдийн хороогоор буюу нийт гишүүдийн санал хураалтаар батлах нь зүйтэй гэж үзэн Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах ажлыг Хуульчдын холбоотой хамтран цахим хэлбэрээр санал хураалт явуулж зохион байгуулахаар шийдвэрлээд байна. Хуульчдын холбооны цахим санал хураалтууд өнгөрсөн жил явагдаж ирсэн тул шүүгч нар маань одоо энэ талаар туршлагатай болсон байгаа.

-Санал хураалтаа яаж явуулах юм бэ?

-Шүүхүүдээс ирсэн саналуудыг нэгтгэн дүрмийн төслийг эцсийн байдлаар бэлэн болгоод Шүүгчдийн хорооны гишүүд буюу нийт шүүгчдийн санал хураалтаар батлах асуудлыг шийдвэрлүүлнэ. Ингэхдээ Монголын Хуульчдын холбооны http://jurists.gov.mn вэб сайтаар дамжуулан цахим хэлбэрээр санал хураалтыг Хуульчдын холбооны Тамгын газартай хамтарч зохион байгуулъя гэсэн шийдэлд хүрсэн. Ирэх буюу 2014 оны 2 дугаар сарын 10-наар эхэлсэн долоо хоногт явуулахаар төлөвлөж буй бөгөөд нийт шүүгчдэд Хуульчдын холбооны Тамгын газартай хамтраад санал хураалтын талаар гар утас руу нь мэдээлэл явуулахаар төлөвлөж байна. Шүүгч бүрийг Ёс зүйн дүрмээ батлахад санал өгч идэвхтэй оролцооч гэж хүсэх байна.

-Ёс зүйн дүрэм батлагдаагүй байгаа болохоор одоо иргэдээс ирж буй саналыг хуучин дүрмээрээ шийдээд явж байгаа юу?

-Шинэ Ёс зүйн дүрэм Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооноос батлагдахгүй байгаагаас болоод Шүүхийн ёс зүйн хорооны ажил зогсчихоод байна гэсэн ойлголт яваад байгаа юм шиг байна лээ. Хуульчдын холбоонд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн даргын нэрээр ирсэн албан бичиг болон бусад мэдээллээс ийм зүйл ажиглагдаад байгаа. Иймээс Шүүгчдийн хорооны тэргүүний хувьд албан ёсоор Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны хүмүүстэй уулзсан. Мөн Хуульчдын холбооны Ерөнхийлөгч ч Шүүхийн ёс зүйн хорооны холбогдох хүмүүстэй энэ асуудлаар уулзаж ярилцсан байгаа байх. Нэгэнт батлагдаж гараагүй байгаа Ёс зүйн дүрмээс хамаараад шүүгчийн ёс зүйн асуудалтай холбоотой иргэдийн гаргасан гомдол шийдэгдэхгүй байх учиргүй. Хууль эрх зүйн талаас нь бодсон ч батлагдаж гараагүй байгаа хууль, дүрмээр түүнийг батлагдаж хүчин төгөлдөр болохоос өмнө үүссэн ёс зүйн холбогдолтой зөрчлийг шийдвэрлэх боломжгүй. Өмнөх Шүүгчийн ёс зүйн дүрэм хүчингүй болоогүй байгаа учраас миний л ойлгож байгаагаар одоо хүчин төгөлдөр үйлчилж таарна. Шинээр Ёс зүйн дүрэм батлагдаад хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн өдрөөс хуучин ёс зүйн дүрэм үйлчлэлгүй болох ёстой байх.

Ер нь Шүүгчдийн хороо байгуулагдсан цагаасаа л Ёс зүйн дүрмийн төслийг боловсруулах ажлын хэсгийг байгуулах зэргээр энэ асуудалд тасралтгүй анхаарал тавьж энэ л асуудлыг хэлэлцэх гэж олон удаагийн хурлаа хийсэн. Өөрөөр хэлбэл Шүүгчдийн хороо хуулиар олгогдсон эрхийн хүрээнд Шүүгчийн Ёс зүйн дүрэм гэдэг нийгэмд болон шүүгчдэд чухал нарийн асуудлыг зохицуулах энэ хэм хэмжээг боловсруулах, санал авах, эцэслэн батлуулах ажилд боломжит бүх цаг анхаарлаа хандуулж, тасралтгүй ажиллаж байгааг ойлгоосой гэж хүсэж байна.

-Хуульчдын Мэргэжлийн хариуцлагын хороо байгуулагдаж, Мэргэжлийн дүрэм батлагдсанаар шүүгчидтэй холбоотой ихэнх зөрчлийг энэ байгууллага дээрх дүрмээр шийднэ гэж ойлгогдсон. Тэгэхээр Ёс зүйн дүрмээр яг ямар зөрчлийг шийдвэрлэх юм бэ?

-Их чухал асуудал хөндөгдлөө. Хуульчийн Мэргэжлийн дүрэмд шүүгчдийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах хэм хэмжээг нэлээд нарийн тогтоосон. Батлагдаад аль хэдийнэ хүчин төгөлдөр болсон энэ дүрэмд бидний яриад байгаа шүүгчийн ёс зүйд хамаарах хэргийн оролцогчтой дангаараа уулзаж болохгүй гэх мэт олон асуудлуудыг нарийвчлан тусгасан. Одоо тулгамдаад байгаа нэг асуудал бол шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой ёс зүйн асуудлуудыг тэр дүрэмд нэгэнт заасан байгаа учраас энэ дүрэмд дахиж оруулах эсэх юм. Яг одоогоор ажлын хэсгээс боловсруулаад шүүгчдээс санал авсан төсөл дээр зарим нэг зүйл давхар орсон байгаа. Хоёр өөр дүрмэн дээр адилхан нэг зөрчлийг тусгаад, тухайлбал нэг нь ёс зүйн зөрчил, нөгөө нь хуульчийн мэргэжлийн үйл ажиллагааны зөрчил гэж үзэж томъёолчихоор шүүгч гэдэг хүн нэг асуудлаар хоёр өөр газар дуудагдах асуудал үүсчих вий гэх болгоомжлол бидэнд байна. Өөрийн бодлоо хэлэхэд ингэж давхардах ёсгүй, харяалал нь нэг талдаа л шийдэх ёстой. 

2014 оны 2 дугаар сарын 7-ны өдөр Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл хуралдах бөгөөд Ёс зүйн дүрмийн төслийг эцсийн байдлаар боловсруулж Хуульчийн Мэргэжлийн дүрэм, Шүүгчийн Ёс зүйн дүрэм хоёрын харьцааны асуудлыг ямар байдлаар тусгах талаар шийдэлд хүрнэ байх гэж найдаж байна. 

-Нэгэнт гарчихсан Хуульчийн мэргэжлийн хариуцлагын дүрмээ дагуулж л Ёс зүйн дүрмээ батлах юм байгаа биз дээ?

-Нэгэнтээ батлагдчихсан Хуульчийн мэргэжлийн дүрмийг ямар нэг байдлаар өөрчлөх эрх хэмжээ Шүүгчдийн хороонд байхгүй. Шүүгчийн Ёс зүйн дүрэмд шүүгч хүн нийгмийн харилцаанд оролцохдоо, ажил үүргээ гүйцэтгэхдээ, хувь хүнийхээ хувьд, албан тушаалтныхаа хувьд баримтлах ёстой хэм хэмжээнүүдийг бүгдийг нь нарийвчлан зохицуулж байгаа. Ер нь шүүгчдэд нэлээд өндөр итгэл хүлээлгэсэн зохицуулалтууд орж байна. Нийгмийн эрэлт хэрэгцээ ч шүүгчдийг өндөр хариуцлагатай ажиллахыг шаардаж байгаа, тэр чиглэл рүү нь шүүгч нарыг хандуулсан, хариуцлагажуулсан, дэмжсэн заалтууд орж байгаа. Жишээ нь, олон нийтийн сүлжээнүүд буюу facebook, twitter-т шүүгчид яаж харилцах ёстой юм бэ, нөгөө хараат бус, хөндлөнгийн байх чанараа хэрхэн хадгалах вэ гэдэг асуудлыг хөндөж, шинэ зохицуулалт хийсэн.

-Хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөө гэж бий. Олон нийтийн сүлжээнд яаж харилцах талаарх зохицуулалт ер нь гадаадын бусад орны шүүгчдэд бий юу?

-Байлгүй яахав. Хамгийн сүүлийн жишээ гэхэд гадаадын нэг улсад шүүгч шийдэх гэж байгаа гэр бүлийн маргаантай хэргийн хосын нэгд facebook-ээр найз болох хүсэлт илгээснийхээ төлөө арга хэмжээ авахуулсан байдаг. Ер нь шүүгч хөндлөнгийн байх ёстой гэдэг утгаар тавигдах шаардлага нь бүх оронд адилхан. Манай улсад цаг үеэ дагаад шүүгчид ч олон нийтийн сүлжээг ашиглаж байна. “Монголын Шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллагаас хичнээн шүүгч facebook, twitter ашиглаж байгаа болон энэ нь идэвхтэй эсэх талаар судалгаа хийсэн байдаг. 2013 оны 6 дугаар сард хийгдсэн дээрх судалгаанд facebook ашигладаг тухайд нийт 223 шүүгч оролцсоноос 89.5 хувь нь идэвхтэй, идэвхгүй байдлаар  facebook-т данс бүртгэлтэй ба 10.5 хувь огт бүртгэлгүй. Харин twitter-ын хувьд 138 шүүгч судалгаанд оролцсоноос 13 шүүгч идэвхтэй, 91 шүүгч идэвхгүй хэлбэрээр нийтдээ 75 орчим хувь нь ашигладаг, 24-25 хувь нь ашигладаггүй гэсэн байгаа. 

Шүүхээр шийдвэрлэгдэж байгаа, шийдвэрлэгдэж болзошгүй хэргүүд эсвэл улс төрийн маргаантай асуудлаар санал бодлоо илэрхийлэх нь ёс зүйн асуудалд тооцогдохоор тусгасан байгаа. Ер нь компьютерийнхээ ард ганцаараа сууж байгаагаа ганцаараа байна гэж үзэж болохгүй биз дээ. Жишээ нь, шүүгч Цогт гэвэл нийгэм түүнийг шүүгчээр нь ойлгоно уу гэхээс хувь хүн гэж үзэхгүй. Ийм байдлаар эрхэлж байгаа албан тушаалдаа илүү хариуцлагатай хандах зохицуулалт орсон. Шинэ Ёс зүйн дүрэм нь угтаа хариуцлага ногдуулах гэхээсээ өмнө юу нь болох, болохгүй талаар зааг хязгаарыг нь таниулсан дүрэм болсон гэж ойлгох нь зөв юм. Ёс зүйн дүрэм батлагдаад тодорхой хугацааны дараа мөрдөгдөж эхлэхээр төлөвлөж байгаа. Энэ хугацаанд дүрмийг шүүгч нар нарийвчлан танилцаж, судалсан байх шаардлагатай учраас тодорхой хугацаа хэрэгтэй.

-Шүүгчдийн холбоо байгуулагдсанаасаа хойш арав гаруй удаа хуралдахдаа яг ямар асуудлууд шийдсэн бэ?

-Тийм ээ. Хороо 2013 оны 10 дугаар сараас хойш дөрвөн сар гаруй хугацаанд арван удаа хуралджээ. Шийдвэрлэсэн нэг гол асуудал нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд нэр дэвшүүлсэн явдал. Хуульд зааснаар олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгслээр сарын өмнө энэ тухай зар тараасан. Ерөнхийдөө цөөхөн буюу 6 хүн л нэрээ дэвшүүлсэн. Тэднээс нэг нь Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөлийн хуралдаанаар хэлэлцэгдэх үед нэрээ татсан. Хурлын үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн болох гэж байгаа хүний байр суурь, үзэл бодлын талаар олон зүйлийг асууж тодруулсан. Шүүгчдийн хорооноос нэр дэвшүүлж байна гэдэг нь шүүгчдийн зүгээс Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнд санал болгож байна гэсэн үг.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг бол шүүхийн бие даасан, хараат бус байдлыг хангах учраас энэ талаар нэр дэвшигчдэд нэлээд олон чиглэлийн асуудлууд тавигдсан. Мөн шинэ тутам байгуулагдсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн үйл ажиллагаа ямар байх ёстой вэ гэх мэт асуултад нэр дэвшигчид хариулсан. Нэр дэвшүүлсэн субъект нь Хуульчдын холбооны Шүүгчдийн хороо гэдэг утгаараа эндээс санал болгогдож гарсан гишүүн ажлаа тус хороонд буюу нийт шүүгчдэд хариуцаж тайлагнах үүрэгтэй. Манай хорооноос доод тал нь 3 хүний нэр дэвшүүлэхээр хуульд заасан учраас төдий тооны хүний нэрийг дэвшүүлсэн. Тэр дундаас нэгийг нь сонгож Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн барих эрх Хуульчдын холбооны Ерөнхийлөгчид байсан бөгөөд энэ дагуу нэр дэвшүүлэх үйл ажиллагаа явагдсан.  

Шүүгчдийн хорооны бас нэг эрх нь Хуульчдын холбооны чиг үүргийн хороодод шүүгчдээс нэр дэвшүүлэх юм. Нэрээ дэвшүүлсэн гишүүдийнхээ дундаас Удирдах зөвлөл дотроо хэлэлцээд хэн нь аль хороонд байвал үйл ажиллагаанд нь дэмтэй вэ гэдгийг бодож хүмүүсийн нэрээ дэвшүүлсэн.

Ер нь Шүүгчдийн хороо Хуульчдын холбооны үйл ажиллагаанд бусад хороодоо бодвол их идэвхтэй оролцож байгаа, хамгийн их ажилтай сайн дурын хороо нь юм. Шүүгчдийн хорооны тухайд хуулиар нэлээд тодорхой чиг үүрэг хүлээсэн. Иймээс ч Хуульчдын холбооноос Тамгын газартаа яг манай хороог хариуцсан ажилтан томилж өгсөн. Гэтэл зарим сайн дурын хороо нь бүтцийн хувьд одоо болтол бүрэн байгуулагдаагүй л байна шүү дээ.

-Та түрүүн хариуцлагын талаар ярьсан. Энэ нь ч зөв байх. Гэхдээ нөгөө талаасаа шүүгчдийнхээ эрх ашгийг хамгаалах чиглэлд юу хийх вэ?

-Хуульчдын холбоонд яг энэ асуудлыг хариуцсан Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороо гэх чиг үүргийн хороо бий. Гэхдээ Шүүгчдийн хорооны нэг гол үүрэг нь шүүгчдийн эрх ашиг, сонирхлыг төлөөлөх нь ойлгомжтой. Тийм ч учраас байгуулагдсанаас хойших дөрвөн сарын хугацаанд Шүүгчдийн хороонд шүүгчдээс өөрсдийн эрх ашиг сонирхолтой холбоотой тодорхой тооны өргөдөл, хүсэлт ирүүлсэн.

Хуульчийн гэрчилгээг нь хүчингүй болгосон, Шүүх байгуулах тухай хууль шинээр батлагдсантай холбоотой дахин томилогдоогүй болон шилжүүлэн томилогдсон шүүгчдийн өргөдөл манай хороонд ирсэн. Удирдах зөвлөл энэ асуудлыг хэлэлцээд өргөдлийг зүгээр дамжуулагчийн үүрэг гүйцэтгэх байдлаар оролцож болохгүй гэж үзсэн. Хуульчдын холбооны бүтцийн байгууллагын хувьд шүүгчийн эрх ашиг, сонирхол хөндөгдөж байгаа энэ асуудлаар ажил хариуцсан чиг үүргийн хороотойгоо хамтраад Хуульчдын холбоогоороо дамжуулж бусад этгээдтэй харилцах ёстой. Одоогоор ирсэн өргөдөл, хүсэлтүүд дээр чиг үүргийн хороодтой хамтран ажиллаж байгаа.

-Яг яаж ажиллаж байгаа гэсэн үг вэ?

-Нэн түрүүнд тухайн шийдвэр гаргасан байгууллагууд нь юуг үндэслэсэн юм бэ гэдгийг мэдэж байж манай хороонд хандаж өргөдөл гаргасан хүмүүст хариу өгөх учиртай. Энэ асуудлыг чиг үүргийн хорооноос тухайн байгууллагуудад тавьсан байх, албан ёсоор хариу ирүүлэхээр нь судална. Хүний гаргасан шийдвэрийг тааж хандах боломжгүй учраас тодорхой хэмжээгээр цаг хугацаа алдаж байгаа тал бий.

-Чиг үүргийн хороодод яг ямар хүмүүс ажиллаж байгаа вэ. Харьцангуй цөөхөн хүн нэрээ дэвшүүлсэн гэж сонссон юм байна?

-Хуульчдын холбооны Чиг үүргийн таван хороонд шүүгчид сонгогдон ажиллаж байна. Тухайлбал, Хуульчийн мэргэжлийн дүрэм, ёс зүйн асуудал эрхэлсэн хороонд Б.Батзориг, Х.Ганболд, О.Номуулин, Хуульчийн үргэлжилсэн сургалтын асуудал эрхэлсэн хороонд Э.Ариунаа, Ц.Өрнөндэлгэр, Хуульчийн мэргэшлийн шалгалтын асуудал эрхэлсэн хороонд Г.Алтанчимэг, П.Золзаяа, Хууль зүйн шинжлэх ухаан, хууль зүйн боловсролын хөгжлийг дэмжих асуудал эрхэлсэн хороонд А.Доржготов, Ц.Цогт, Хуульчдын эрх хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах асуудал эрхэлсэн хороонд Л.Даваасүрэн, Н.Одонтуул, Д.Очмандах нар ажиллаж байгаа.

Энэ дашрамд дээрх гишүүд болон шүүгчдэдээ хандаж Хуульчдын холбооноос явуулж байгаа аливаа нэр дэвшүүлэх болон чиг үүргийн холбоодын үйл ажиллагаанд идэвхтэй оролцохыг хүсмээр байна. Тэгэхгүй бол Удирдах зөвлөл дээр асуудал шийдвэрлэхэд заримдаа хэт цөөхөн хүмүүс нэр дэвших, үүнээс болж сонголт хийх боломж нь хязгаарлагдаж байгаа тохиолдол байна.

Шүүгчид Хуульчдын холбооны Шүүгчдийн хорооны чиг үүрэгт хамаатай асуудлаар нээлттэй хандаж, тулгарч байгаа асуудлаа хамтраад хэлэлцээд явах боломжтой. Бид хичээж ажиллаж байгаа. Энэ хороог зохион байгуулалтын хувьд хариуцаж байгаа хүний хувьд нэлээд цаг зарцуулж, санаа тавьж, байнгын үйл ажиллагаагаа идэвхтэй явуулахаар төлөвлөж хичээж байна. 

            -Та бүхэн цаашид ямар тодорхой зүйл хийхээр төлөвлөж байна вэ?

-Шүүгчдийн хорооноос 2014 онд хийх ажлын төлөвлөгөө гарсан, удахгүй Хуульчдын холбооны зөвлөл хэлэлцэж батлах байх.

Энд нэг тулгамдаж байгаа зүйлийг дурдахгүй өнгөрч болохгүй нь. Тэр юу вэ гэхээр гишүүдтэйгээ харилцах суваг маань тодорхойгүй байна. Шүүгчдийн хороо бие даасан байгууллага биш бүтцийн байгууллага учраас Хуульчдын холбооны вэб сайтаа хүлээгээд байдаг. Холбооны вэб сайт хийгдэж байгаа ч яг одоогоор бэлэн болоогүй байна. Тэр сайт нээгдэнгүүт бид тодорхой булантай болж, түүгээрээ дамжин шүүгч нартайгаа харилцаад явах боломжтой. Харамсалтай нь вэб сайтын маань ажил жаахан удаашраад байна. 

Иймээс одоохондоо “Монголын шүүгчдийн холбоо” төрийн бус байгууллагын judge.mn сайтыг ашиглаад байнга мэдээллээ хүргэж байгаа. Удирдах зөвлөлийн хурлаар хэлэлцсэн асуудлууд, тайлан төлөвлөгөө зэрэгтэй judge.mn-ээс танилцаж болно. 

-Төлөвлөгөөний төсөлд яг юу хийхээр туссаныг хэлж болох уу. Эсвэл баталсны дараа хэлэх учиртай юу? 

-Төлөвлөгөө батлагдана гэж найдаж байгаа. Шүүгчдийн хороо бол сайн дурын хороо боловч мэргэшлийн хороо учраас төсөв нь Хуульчдын холбооноос гарч батлагдах ёстой юм. Тийм учраас төлөвлөгөө бас төсөв нь дагаж батлагдахыг хүлээж байна.

Төлөвлөгөөнд орсон зүйлсийг дурдъя. Шаардлагатай гэж үзвэл Шүүгчдийн хорооны их хурлыг зохион байгуулахаар тусгасан. Мөн Ёс зүйн дүрмийн талаар сургалт явуулах, чиг үүргийн бүх хороодтой өөрсдийнх нь чиглэлээр хамтарч ажиллах, Шүүхийн хууль тогтоомжийн шинэтгэлтэй холбоотой уулзалт ярилцлагууд зохион байгуулахаар төлөвлөсөн. Шүүхийн тухай багц хуулиудын хэрэгжилтийн ажил эхлээд явж байна. Хуулийн гол углуурга нарийн зүйлс хэрэгжилт дээрээ л гарч ирнэ. Энэ ажлыг хэрэгжүүлэгчдийн нэг болох Шүүхийн захиргааны төв байгууллагын хувьд байгууллагуудын бүтцийн хувьд шинэ, боловсон хүчний тухайд ч шинэ хүмүүс нэлээд байна. Шүүгчдийн өдөр тутмын үйл ажиллагаа, эрх, хууль ёсны ашиг сонирхолд энэ бүгд хэр нийцэж байна, ер нь ямар байдлаар явбал зохих вэ гэдэг талаар албаны хүмүүсийг оролцуулсан ярилцлага, уулзалт зохион байгуулах нь зөв гэж төлөвлөж байгаа.

Шүүгчдийн хэрэглэдэг хамгийн гол хуулиуд болох Гэмт хэргийн тухай болон Захиргааны ерөнхий хууль гэх мэт олон хуулиуд хэлэлцэгдэх, өргөн баригдах шатандаа явж байна. Хуулийн энэ шинэчлэлтэй холбогдуулаад шүүгчдэд сургалт явуулж, тайлбарлан таниулах ажил хийхээр төлөвлөсөн. Мөн гадаадын ижил төстэй байгууллагуудыг судлахаар тусгасан байна. Бас нэг зүйлийг онцлоход  шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлд жаахан юм хийе гэж бодож байгаа.

-Тухайлбал яг юу хийнэ гэж?

-Шинэ хуулиуд хэрэгжиж эхлэнгүүт зарим нэг тодорхойгүй, хоорондоо зөрчилтэй, эсхүл буруу хэрэгжүүлэх тохиолдол, асуудлууд гарч ирж байна. Тэгэхээр шаардлагатай тохиолдолд үүнийг боловсронгуй болгох чиглэлээр хууль тогтоомжийг санаачлах асуудлыг Хуульчдын холбооны эрх бүхий хүмүүсээр нь дамжуулаад хийх боломжтой гэж үзэж байгаа. Жишээ нь Шүүхийн ёс зүйн хороо, Хуульчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хорооны үйл ажиллагааны хамааралд зарим давхцалын асуудал гарч ирэхийг үгүйсгэхээргүй байна. Мөн Шүүхийн захиргааны төв байгууллага одоо бүрэн эрхээ хэрэгжүүлж буй шүүгчийн албан тушаал, эрх зүйн байдалд өөрчлөлт оруулах шийдвэр гаргах бол гагцхүү Шүүхийн мэргэшлийн хороо, Шүүхийн ёс зүйн хороо гэсэн 2 мэргэшсэн, хараат бусаар ажилладаг байгууллагын санал, шийдвэрт үндэслэх ёстой. Гэтэл энэ байдал ойлголцлын зөрүүтэй, хууль хэрэглээний хувьд шинэ тутам байгууллага алдаа оноо гаргах магадлалтай харагдаж байна. Хуульчдын холбоонд хууль тогтоомжийг боловсронгуй болгох чиглэлээр УИХ-тай харилцаж ажиллах боломж, хуулийн зохицуулалт бий. Энэ чиглэлээр бидэнд бодож төлөвлөсөн зүйлс байгаа.

Түүнчлэн шүүгч өдөр тутамдаа хэрэглэх Ёс зүйн дүрэм, бусад хууль, дүрэм, журмыг агуулсан гарын авлага гаргая гэсэн бодол байна. Энд нэг зүйлийг онцлоход дээр дурдсан бүх ажлыг Удирдах зөвлөлийн 12 хүн хийх боломжгүй. Харин нийт шүүгчдээсээ хариуцлагатай, чадвартай хүмүүсээ татаж оролцуулна, урилга өгнө.

Эцэст нь Шүүгчдийн хорооныхоо ажилд бүгдээрээ идэвхтэй оролцоорой гэж шүүгчдээсээ хүсмээр байна.

937 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax