Хуульчид хүний ам хараад сурчихаж
Tweet
Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Ц.Цогт: Хуульчид хүний ам хараад сурчихаж
2013 оны 10 сарын 23
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард байгуулагдсан Хуульчдын холбооны дүрмийг боловсруулах ажлын хэсэгт ажилласан юм. Түүнтэй Хуульчдын холбооны үйл ажиллагаа, хууль зүйн салбарын шинэчлэлийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.-Хуульчдын холбоог саяхан байгууллаа. Ач холбогдлыг нь та хэрхэн харж байна вэ?
-Хуульчдад хариуцлага хүлээлгэдэг, тэднээс хариуцлага нэхдэг байгууллага байгаагүй гэвэл бас тийм биш. Гэхдээ тухайн хуулийн байгууллагын удирдлагаас хараат байдлаар явж ирсэн. Харин Хуулчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо бол тухайн байгууллагын удирдлагаас харьцангуй хамааралгүй байна. Ингэж байгаагийн учир нь нийт хуульчдын үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс хороог бүрдүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн хариуцлагын хорооны гишүүнийг сонгохдоо цахим хэлбэрээр, бүх хуульчдын оролцоог хангахыг чухалчилж байгаа.
-Төрийн тодорхой чиг үүргүүдийг хуульчдын холбоо авч байна гээд байгаа. Чухам ямар чиг үүрэг хамаарахыг тайлбарлаж өгөөч?
-Нэгдүгээрт, хуульч гэдэг мэргэжлээр ажиллах тусгай зөвшөөрлийг Хуульчдын холбоо өгнө. Өмнө нь энэ эрх Хууль зүйн сайдад байсан. Нэг ёсондоо хуульчдыг өөрөө өөрсдийгөө цэвэрлээд, эгнээндээ байх ёсгүй, стандарт шаардлагыг хангахгүйг нь эгнээнээсээ хас гэж байгаа хэрэг. Ингэснээр иргэд ашиг тусыг нь хүртэнэ. Хоёрдугаарт, хуульчдад хариуцлага хүлээлгэх механизм төрд байсныг өөрчилж байгаа. Хуульчдын холбоо эрхийг нь өгөх, цуцлах эрхтэй боллоо. Алдаа гаргасан, мэргэжил чадварын хувьд тэнцэхгүй өмгөөлөгч, шүүгч, прокурор ялгаагүй ажилгүй болно. Ийм хоёр төрлийн гол чиг үүргийг Хуульчдын холбоо өөртөө авлаа. Гуравдугаарт, 1990-ээд оноос Монгол Улсад дээд боловсролын стандарт алдагдсан. Тухайн үед хуульчид дутмаг байсан хэрэгцээг дагаад олон хуулийн сургууль байгуулагдаж, энэ хэрээр чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж гарсан үе бий. Тэр олон сургуульд багшлах боловсон хүчин ч байгаагүй. Үүнээс болоод хувийн сургуулиуд МУИС-ийн Хууль зүйн сургуулийн багш нарыг өөрийнхөө нэр дээр бүртгээд ажиллуулах болсон. Үнэн хэрэгтээ тухайн багш нар оюутнуудад хүрч ажиллаж чадахгүй байснаас чанаргүй, сул хуульчид гарсан. Энэ бүхнээс хуульчдын мэдлэгийн түвшин, ёс зүйн хариуцлага зэрэг асуудал хөндөгдөн гарч ирсэн юм. Харин одоо л хуулийн сургуулиудад цензур тогтоохоор болж байна. Хуулийн сургуулиудад магадлан итгэмжлэл, лиценз буюу тусгай зөвшөөрлийг Хуульчдын холбоо олгоно. Ингэснээр хуульч мэргэжлээр ажиллах хүн бэлтгэх сургууль ямар шалгуурыг хангасан байх, ямар хичээлийн агуулгатай байх, багш нарт нь ямар шаардлага тавихыг Хуульчдын холбоо шийддэг болно.
-Өмгөөлөгч нь өмгөөлөгчөө, шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо хамгаалах, дээд албан тушаалтан нь заавар өгдөг зэрэг хандлага байна. Тэгвэл Хуульдын холбоо шаардлага хяналтыг тавьснаар шударга зарчим үйлчилж чадах уу?
-Хуульчдын мэргэжилдээ хэр хариуцлагатай хандаж байна вэ гэдэг үнэлэмжтэй холбоотой. Мэргэжлийн хариуцлагын хороонд үнэхээр шалгарсан, ёс зүйтэй хүмүүсээ сонгож чадах эсэхээс шударга байх эсэх нь хамаарна. Өмнө нь нэг хоёр хүний үзэмжээр шийддэг байсныг болиулж нийт хуульчдаасаа сонгогдсон Мэргэжлийн хариуцлагын хороонд эрх, үүргийг нь өгчихлөө. Гэсэн ч шударга ажиллаж чадах уу гэдэг дээр эргэлзэх хүн байна. Манай хуульчид бие дааж чадахгүй, хүний ам хараад сурчихаж. Хуулийн байгууллагын шинэчлэл гэж өнгөн дээрээ их яриад байгаа ч зарим удирдлагууд шинэчлэлдээ нийцэхгүй байгаа нь үнэн шүү дээ. Дээрээсээ заавар аваад, буцаагаад доод шатны хүмүүстээ заавар өгөөд сурчихсан. Энэ зангаа тавихгүй хүн цөөнгүй бий. Хуульчдын холбооны асуудалд дарга нарын ямар ч оролцоо байхгүй шүү гээд тодорхой байхад заавар, даалгавар өгөх гээд явж байгаа тохиолдол ч гарсан. Нөгөө талаас тэр даалгаврыг хүлээгээд сурчихсан хэсэг байна. Шударга ажиллаж чадах хүнийг сонгохдоо өөрийнхөө л сонголтыг хиймээр байна. Ингэж чадвал шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо хамгаалах байдал арилж, хуульчид нийгмийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлнэ. Яриа хөөрөөнд ордог, заваан юм хийдэг хуульчдыг эгнээсээ гаргах ёстой.
-Хуульч гэдэг малгайн дор шүүгч, прокурор, өмгөөлөгчийг нэгтгэж ойлгож байгаа. Гэхдээ өмгөөлөгчийн эрх мэдлийн хэмжээ бусдаасаа бага байдаг. Шүүхийн шийдвэр гаргах эрх мэдэл нь шүүгчид байлаа гэхэд бусад шатанд оролцох оролцоо нь тэгш болох уу?
-Наад асуудал чинь бидний процессийн гэж ярьдаг Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны тухай хуулиудад харьцааг нь хэр зохицуулж өгснөөс хамаарна. Гэхдээ өмгөөлөгч эрх хэмжээгүй этгээд биш. Ялангуяа миний мэргэшсэн захиргааны хэргийн өмгөөлөгч хамгийн чухал. Яагаад өмгөөлөгч хэргээ хэр судалсан, тэнд хэрэглэж буй хууль зүйн үндэслэлүүдийг ямар хэмжээнд мэдэж байна вэ гэдэг чухал. Нэг ёсондоо өмгөөлөгч тухайн хэрэг дээр хэр сэтгэл гаргасан бэ гэдгээс л шүүгчийн гаргах шийдвэрт нөлөөлнө. Түүнээс олон жил ажилласан туршлагатай, гавьяат хуульч гэдэг нь сонин биш. Манай иргэд дээрх утгаар өмгөөлөгчөө хайдаг, сонгодог байдлыг би буруу гэж үздэг. Гуншингаас илүү өөрийнхөө боломжийг мэдэрч, танд цаг зав гаргаж чадах хүн л чухал. Үүнээс болоод олон нийтийн шүүмжлээд байдаг өмгөөлөгч өөр хуралтай гээд ирдэггүй, үйлчлүүлэгчдээ олддоггүй зэрэг шалтгаанаар шүүх хурал олон дахин хойшилж, хүндрэл учруулдаг байдал гараад байгаа юм. Харин шүүгч тухайн хүний амь, амьдралыг шийдэх шийдвэр гаргадаг. Хэрэг шийдвэрлэх нь миний өдөр тутам хийдэг ажил. Гэхдээ шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа хүн талх биш гэдгийг санаж хэрэг бүрт цоо шинээр хандах ёстой. Ингэхийн тулд ачаалал нь тэнцвэртэй байх гээд зохицуулах зүйлс бий. Нөгөө талаас шүүгчийн ямбаа эдэлчихээд ажилдаа бүрэн дүүрэн цагаа зарцуулдаггүй, өдрийнхөө хоолонд яарсан хүмүүс байгаа нь нууц биш.
-Хуульчдын нэр хүнд уначихлаа, шүүгч нар хууль бус шийдвэр гаргаж байна гэх болж. Шударга ажиллахгүй байна гэдгийн хэмжүүр нь юу юм бэ?
-Шүүхээр нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй хүн ингэж яривал учир дутагдалтай, шүүгчдийн хувьд эмзэг тусна. Харин хэргээ шийдүүлсэн хүний тухайд яаж хандах нь хувь хүний асуудал. Гол нь шүүхийн үйл ажиллагаа шийдвэр хэр шударга, хуулийн хүрээнд явж байна вэ гэдгийг иргэд өөрсдөө хянах боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд Шүүхийн Ерөнхий зөвлөл, зарим шүүхүүд тодорхой ажил хийж эхэлж байна. Аливаа маргаанд хоёр тал 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй. Заавал нэг тал нь гомдолтой үлддэг шүү дээ. Цаашдаа иргэдийн төлөөлөл шүүх хуралдааныг хөндлөнгөөс ажиглах, оролцох байдал ирэх арваннэгдүгээр сараас Шүүхийн тухай хуулийг дагаж мөрдөх журмын тухай хууль хэрэгжиж эхлэхээр арай шинэ байдлаар явах болов уу.
- Мөрдөн байцаалтын шатанд хангалттай нотлогдсон хэрэг прокурорын шатанд, прокурорын яллах дүгнэлт үйлдсэн хэрэг шүүхэд ирээд хэрэгсэхгүй боллоо гэдэг. Шүүгч, прокурорын тухайд шүүмжлэлтэй хандаж явдаг зүйл бий юу?
-Прокурорын асуудал Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай шинэ хуулийн төслийн хүрээнд зохицуулагдах байх. Хэргийн ажиллагааг цааш нь үргэлжлүүлэх, хүнийг гэм буруутай эсэхэд тооцох, хэрэг үүсгэх эсэх асуудлыг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулж байгаа. Шүүгч, прокурор хэн ч бай өөрт нь эрх олгогдсон юм шиг аашилж болохгүй л дээ. Хуулинд шүүгчид өөрт нь илүү эрх олгочихсон зүйл огт байхгүй. Харин талууд маргаан гаргасан тохиолдолд ингэсэн нь зөв шүү гэдгийг шийдэх эрх бий. Миний бодлоор сайн шүүгч гэдэг хариуцлагатай хүнийг л хэлнэ. Хийж байгаа ажлынх нь цаана нэг хүний амьдрал, өргөн утгаараа энэ нийгэмд шударгаар амьдрах боломжтой юу, эсвэл хулгай луйвар хийгээд явж болох уу гэдгийг бүрэн ухамсарласан шүүгчийг сайн, шударга шүүгч гэж хэлэх болов уу. Өнөөдөр сайхан, муухай ааштай байхаасаа хамаарч хэргийг шийдвэрлэдэг, жижиг нөлөөнд ч автдаг хүн шүүгч байж таарахгүй. Ийм хүмүүс олширвол шүүхийн байгууллага зөв голдирлоор явж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл мэдлэг мэргэжил хоёрт тавигдана гэж хэлэх гээд байна. Гол нь нийгэмд хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай ханддаг, хөндлөнгийн байх чадвараа хадгалдаг байх.
-Хуулчдын холбоог байгуулснаар хуулийн байгууллагаар асуудлаа шийдүүлэх шаардлага тулгарсан иргэдэд үр нөлөө нь яаж хүрэхийг энгийнээр тайлбарлавал?
-Ерөөсөө л иргэн хуулийн байгууллагыг зориод очиход хуурдаггүй, хулхидад, хугацаа алдаж чирэгдүүлдэггүй болох нь энэ холбооны гол зорилго. Хоёрдугаарт, тухайн иргэнд мэдлэгтэй, мэргэжилдээ хариуцлагатай, туршлагатай хүн мэргэжлийн зөвлөгөө, туслалцаа өгч чаддаг байх. Яваандаа ийм болох ёстой. Үүгээр л нийгэмд үзүүлэх үр дүн нь гарч ирнэ.
-Ийм болохын тулд хуульч мэргэжлээр суралцахаас эхлээд ажилдаа хандах байдал нь төлөвших байх л даа. Таны хувьд их сургуульд багшилдаг. Тэгвэл хуулийн чиглэлээр суралцаж байгаа оюутнууддаа хэлдэг зарчим байдаг уу?
-МУИС-ийн хууль зүйн сургуульд 2000 оноос цагийн багш, үндсэн багшаар ажиллаж байна. Нэг талаасаа цаг их шаарддаг л даа. Би чинь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээ хариуцдаг болохоор цаг зав багатай. Шүүн таслах ажиллагааг цалгардуулж болохгүй учраас ихэвчлэн цайны цаг, оройн цагаар хичээлээ заадаг. Үндсэн ажлынхаа хажуугаар багшлаад байгаа нь их мөнгө олохын тулд биш л дээ. Гол нь бидний дараагийн үе зөв хандлагатай, ёс зүйтэй байх нь чухал. Жишээ нь шүүхийн байгууллагын зөв санааг нь дэмждэг, бурууг нь зоригтой, шударга шүүмжилж чаддаг хуульчид олон болоосой гэсэндээ л багшийн ажлыг давхар хийж байна. Бас хүнд юм заахын тулд мэдлэг мэдээллээ баяжуулж, цаг үетэйгээ хамт алхахыг хүсдэг гэхүү дээ. Миний анхны сонголт уг нь их сургуулийн багш болох байсан ч тодорхой учир шалтгааны улмаас шүүхэд орсон.
-Танд аливаа нөлөөнд автахгүй байх гэсэн нэг чухал зарчим байх шиг байна аа?
-Би энэ мэргэжлээр хоолоо олж идэж байгаа хүн шүү дээ. Надтай адил хичээж яваа олон хүн байгаа. Гэтэл энэ мэргэжлийн нэр хүндийг зарим нэг нь шороотой хутгаж болохгүй л байхгүй юу. Ажлаа шударгаар хийж байгаа олон шударга хүн бий.
-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэж дагнасан шүүх саяхан байгуулагдаад, та энэ шүүхийг удирдаж байгаа. Ажил жигдэрч байна уу?
-Аливаа байгууллага зөв явах нь ажиллах боловсон хүчнээс их хамаарна. Бас байгууллагын удирдлагын баримтлах зарчим хандлагаас ч хамаарна. Хувийн байгууллага биш учраас өөрсдөө зорилгоо тодорхойлохгүй, хуулинд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн чиг үүргийг заагаад өгчихсөн. Харин ажлаа зөв зохион байгуулах нь удирдлагын харектараас шалтгаална.
-Таны ярианаас хуулийн байгууллагын зарим удирдлагад нэлээд шүүмжлэлтэй ханддаг болохыг анзаарлаа. Удирдлага, хуучны хүмүүстэй санал нийлэхгүй, эсэргүүцэх тохиолдол гарна биз?
-Гарсаар л арав гаруй жил явж байна. Тийм тохиолдлууд зөндөө бий. Болж бүтэхгүй байгааг нь шударгаар хэлж, үгнээс нь зөрж байж л өөрийнхөө замаар явж чадна. Тэгэж чадахгүй бол дарагдаад дуусна. Хүний эрхээр жаргаснаас өөрийнхөөрөө хараалгаж явсан нь дээр гэж боддог. Ер нь хуульч мэргэжил хүнд таалагддаггүй онцлогтой юм шиг байгаа юм. Таалагдахын төлөө явбал үндсэн ажлаа хийх боломжгүй. Энэ цаг үед хүнтэй аятайхан инээгээд мэндэлчихвэл гар бариад бугуй барих гэдэг болчихжээ.
С.ОТГОНСҮРЭН
Эх сурвалж: "NEWS WEEK"сонин №34 618 уншигдсан.
Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.