Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхийн ерөнхий зөвлөлийн үндсэн чиг үүрэг юу вэ?
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

ШЕЗ-ийн чиг үүрэг юу вэ?

 

Хоёрдугаар хэлэлцүүлгийн дараах байдлаар ҮХНӨ-ийн төслийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн хэсэгт “Зөвлөлийн үйл ажиллагааны тайланг Улсын дээд шүүхэд танилцуулна” гэсэн хэсгийг тойрсон хэлэлцүүлэг өрнөж байгаа тул өөрийн саналыг хүргэе.

Шүүх эрх мэдэл (ШЭМ) зохих ёсоор хэрэгжихийн тулд Шүүн таслах ажиллагаа (ШТА)-наас гадна, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангах, хүний нөөцийг шилж сонгох, хэргийн хөдөлгөөний болон шүүхийн менежмент зэрэг асуудал цогцоороо шийдвэрлэгдэн ажиллаж байж үр дүнд хүрнэ.

Шүүхийн ерөнхий зөвлөл нь Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйлд зааснаар “Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах” зорилго бүхий, шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах чиг үүрэгтэй байгууллага учир түүний үйл ажиллагаа бүхэлдээ “шүүгч гагцхүү хуульд захирагдах, шүүх бие даан” ажиллах нөхцөлийг хангахад чиглэх ёстой.

Өөрөөр хэлбэл, шат шатны шүүхээс “шүүх эрх мэдлийг” хэрэгжүүлэхэд шаардагдах хүний нөөц, боловсон хүчин, материал техникийн хэрэгцээ, ялангуяа шүүгчийн эрх ашгийг хамгаалах, шүүхийн бие даасан байдлыг хангах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд ШЕЗ-ийн чиг үүрэг төвлөрч ажиллах учиртай. 1992 оны Үндсэн хуулийн шүүхийн хэсгийн суурь зохицуулалт нь энэ.

Харин Шүүхийн ерөнхий зөвлөл нь шүүхээс тусдаа зорилго, төлөвлөгөө, бодлого боловсруулж, түүнийгээ гүйцэлдүүлэх гэж ажиллах нь дээрх зохицуулалтад нийцэхгүй. Түүнчлэн ШЭМ-ийн хэсэгт харилцан уялдаагүй 2, 3 тийшээ харсан байгууллагууд ҮХНӨ-өөр бий болбол ШЭМ-ийг хэрэгжүүлэгч засаглалын нэг салааны үйл ажиллагаанд доголдол үүснэ. Улмаар ШЭМ ҮХ-ийн чиг үүргээ гүйцэтгэх боломжгүй, нөгөө хоёр засаглалтайгаа тэнцвэртэй харилцаж чадахгүйд хүрнэ.

Үүний жишээ, 2013 оноос хойших “Шүүх болон ШЕЗ” хоорондын харилцаа, үйл ажиллагаанаас тодорхой харагдана. Энэ хугацаанд ШЕЗ Ерөнхийлөгчөөс бүрэн хараат байдлаар ажиллаж, өөрийн ҮХ-иар хүлээсэн цорын ганц чиг үүрэг болох “шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг” хамгаалах ажлаа тас умартсан төдийгүй зарим тохиолдолд шүүх, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйл ажиллагаанд хамтран оролцож[1] ирсэн. Шүүх, шүүгч нар ШЕЗ-өөс энэхүү чиг үүргийнх нь биелэлтийг шаардах байтугай, асуух ч эрхгүй явж ирсэн. ШЕЗ шүүх, шүүгчийн хараат бус байдалд халдсан үйлдэлд ямар ч ажил хийхгүй, зөвхөн шүүгчийн томилгоонд улс төрийн хүсэл зорилгыг дамжуулан хэрэгжүүлэгч “нэмэр хачир” болж хувирсан.

ШЕЗ нь шүүхийн хэрэгцээ, шаардлагыг таньж мэдэж, түүнийг шийдвэрлэхийн тулд ажиллах ёстой. Нөгөөтэйгүүр, Үндсэн хуулийн 50 дугаар зүйлийн 50.1-д УДШ нь шүүхийн буюу шүүх эрх мэдлийн дээд байгууллага байхаар, ингэхдээ ШТА-г хэрэгжүүлэхийн сацуу ШЭМ-ийг төлөөлж, илэрхийлэх бусад асуудлаар тухайлбал, хууль тайлбарлах, улс төрийн намуудын бүртгэл, цэцэд нэр дэвшүүлэх гэх мэтээр засаглалын бусад салаатай харилцан тэнцүү ажиллахын тулд ийм зохицуулалт шаардлагатай.

Манай зарим судлаач, улс төрчдийн “дээд шүүхийн ерөнхий шүүгчээр дамжуулан үе үеийн Ерөнхийлөгч нар шүүхийг хяналтдаа байлгаж ирсэн байдал үргэлжлэхэд хүргэнэ” гэх болгоомжлол буруу биш. Гэвч дээрх “танилцуулах” зохицуулалтын зорилгыг шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлыг хангаж, хамгаалах ажлаа ШЕЗ хэрхэн хийж байгааг (уг үйлчилгээг авах ёстой шүүх, шүүгчдийг төлөөлүүлэн) Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд танилцуулах замаар мэдэх (ил тод), шаардах (хариуцлага), ажлаа уялдуулах зорилготой болохыг ҮХНӨ-ийн эх баригч Д.Лүндээжжанцан 2-р хэлэлцүүлгийн үеэр сайтар тайлбарлаж, чуулганы тэмдэглэлд тусгуулсан. Түүнээс биш ШЕЗ-ийг УДШүүхийн дор аваачиж хийх үзэл баримтлалаар хийгдээгүй.

Тиймээс энэ “танилцуулах” зохицуулалтыг дээрх үзэл баримтлалынх нь хүрээнд шүүхийн хуулиудад хатуу хуульчилж, урвуулан ашиглахаас сэргийлэх боломжтой гэж үзэж байна.

Энэхүү “танилцуулах” зохицуулалт 1992 оны ҮХ-ийн шүүх эрх мэдлийн хэсгийн суурь үзэл баримтлал, зохицуулалтыг хөндөөгүй. Үндсэн хуулийн 50 дугаар зүйлд зааснаар “шүүх эрх мэдлийн” дээд байгууллага болох Улсын дээд шүүхийн Шүүгчдийн зөвлөгөөнд ажлаа танилцуулдаг байх нь зохистой төдийгүй, шүүх болон түүний хэвийн үйл ажиллагааг хангах ёстой шүүхийн захиргааны байгууллага хоорондын уялдаатай байдлыг (шүүх эрх мэдэл” нь засаглалын нэг салаа болохын хувьд хууль тогтоох, гүйцэтгэх засагтай харилцах харилцаандаа нэгдмэл байж, тэдгээртэй харилцан тэнцвэр, хяналтаа хангахуйцаар нэг төлөөлөлтэй байдлыг) хангахад чухал юм.

 

 

 

 

[1] 2013 оны 12 дугаар сарын 18-ны үйл явдал гэх мэт.

73 уншигдсан.


idiomatic-dormant