Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
www.president.mn вэб сайтад нийтлэгдсэн шүүхийн тухай хуулиудын төсөлд өгөх санал
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

www.president.mn вэб сайтад нийтлэгдсэн

ШҮҮГЧИЙН ЭРХ ЗҮЙН БАЙДЛЫН ТУХАЙ хуулийн төсөлд өгөх санал

Ц.Цогт

2011.02.08

Төслийн:

1.    3.1-т Үндсэн хуулийн цэцийн гишүүний[1] томилгооны журам, цэцийн гишүүнд тавигдах нөхцөл, шаардлага (дор хаяж мэргэжлийн хуульч байх) –д өөрчлөлт оруулахгүйгээр “Шүүгч” гэдэгт хамааруулж томьёолох боломжгүй.

2.    3.3-т Дагнасан шүүхийн тогтолцоонд тусдаа “хяналтын шатны шүүх” гэж байх уу? учир нь ҮХ-д “Монгол Улсын дээд шүүх бол шүүхийн дээд байгууллага мөн бөгөөд дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, “УДШ нь хяналтын журмаар доод шатны шүүхийн шийдвэрийг хянан үзэх”, “Улсын дээд шүүхийн шийдвэр шүүхийн эцсийн шийдвэр байна, “Дагнасан шүүхийн үйл ажиллагаа, шийдвэр нь Улсын дээд шүүхийн хяналтаас гадуур байж үл болно” гэж заасан.

3.    4-р зүйлийн гарчиг дахь “эзэгнэн” гэдэг үгийг өөрчлөх

4.    4.4-т маш чухал заалт, үүнд “Ерөнхий шүүгч, бусад аливаа удирдах ажилтан (үүнд дээд шатны шүүхийн шүүгч гэж тодотгох)” нь тийнхүү заавар, зөвлөлгөө, даалгавар өгч болохгүй гэж нэмэх, хэрэв үүнийг зөрчвөл хэн нь ямар хариуцлага хүлээхийг уялдуулан заах

5.    6.2 –т одоо УИХ –аар хэлэлцэгдэж буй Сонирхлын зөрчлийн тухай хуулийн зохицуулалттай уялдуулах

6.    7.1.1-т “хөндлөнгийн шүүгч” гэсэн ойлголтыг тодруулах

7.    7.1.5 –т “Монгол Улсын олон улсын гэрээ болон Үндсэн хуулийн цэц (цаашид “ҮХЦ”)-, Улсын Дээд шүүх (цаашид “УДШ” гэх)-ээс гадаад улсын холбогдох шүүх, олон улсын болон гадаадын байгууллагатай харилцан тохиролцсоноос өөрөөр гадаад улс, түүний болон олон улсын байгууллага, гадаадын харьяат иргэн, харьяалалгүй хүний санхүүжилттэйгээр багшлах, эрдэм шинжилгээний болон бусад бүтээлч ажил эрхлэхийг хориглоно” гэсэн зохицуулалт нь Монгол Улсад хүний эрх, эрх чөлөө, чөлөөт ардчилсэн байдлыг дэлгэрүүлэх зорилгоор ажиллаж буй Олон улсын байгууллага, гадаад улсын хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрт ШҮҮГЧ оролцож болохгүй гагцхүү Дээд шүүх “зөвшөөрсөн” байхыг шаардсан, ингэснээрээ буцаад шүүгч нарыг “багшлах, эрдэм шинжилгээний ажил эрхлэх, санал бодлоо илэрхийлэх” боломжийг нь хязгаарласан, Дээд шүүхээс хараат болгосон зохицуулалт болж байна.

8.    10.1.1-т Шүүгчдийн хамтын нийгэмлэг нь ҮХ (49-4) –аар олгогдсон шүүгчээр томилуулах хүнийг шилж сонгох Шүүхийн Ерөнхий Зөвлөл –ын бүрэн эрхэд халдаж болохгүй. Харин Нийгэмлэг нь ШЕЗ –д орох “шүүгч-гишүүн” нь албан тушаалаар бус харин үнэхээр шүүгчдийн дунд шударга, ажил хэргийн чадвар, манайлал, хараат бус байдлаараа шалгарч хүлээн зөвшөөрөгдсөн шүүгч байхад анхаарч ажиллах ёстой. Нийгэмлэг (эсхүл одоогийнхоор Шүүгчдийн зөвлөл) нь шүүх, шүүгчдийн өөрөө удирдах ёсны ардчилсан (одоогийнх шиг албан тушаалаар нь удирдах байгуулагыг бүрдүүлж болохгүй) байгууллага байх ёстой харин “шүүгчээр томилуулах хүнийг хуульчдаас шилж сонгох” эрх нь ҮХ –аар ШЕЗ –д байхаар зохицуулсан.

9.    10.1.2-т “тухайн шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн” гэсэн хэсгийг хүлээн зөвшөөрөх боломжгүй заалт байна. Монгол Улсын шүүхэд нүүрлээд буй “judicial corruption буюу шүүхийн авилга –ын хамгийн аюултай хэлбэр буюу “шүүхийн дотоод хараат бус байдал” –ыг өөгшүүлсэн, Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтан тухайн шүүхийн шүүгчдийг өөрийн хараанд байлгах, улмаар шүүгчийг шат дараалсан даалгаварыг биелүүлдэг “гар хөл” болгох, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдалд маш ноцтой ухралт хийх заалт байна. Хасах саналтай

10. 10 дугаар зүйлд. ШЕЗ –өөс шүүгчээр томилуулахаар нэр дэвшигчийн талаар олон нийтийн санал бодлыг авч (одоо шинэ Ерөнхийлөгчийн хэрэгжүүлж буй туршлага), түүнд Хуулийн бодлогын зөвлөх дүгнэлт гаргадаг байх зарчим суулгах.

11. 12.1, 12.2, 12.3-т “Дадлагажигч шүүгч” –ийн ажлыг үнэлэх асуудлыг тухайн шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөр хэлэлцүүлж шийдвэрлэх нь зүйтэй, хэрэв Ерөнхий шүүгч дангаар “дүгнэнэ” гэвэл тухайн Ерөнхий шүүгчид таалагдах шаардлага гарч ирнэ, түүнээс хараат болно.

12. 13-т төслийн 13.1 –т “ШМЁЗХ шүүгчийн бүрэн эрхийг түдгэлзүүлнэ” гэж заасан атал 13.3-т “Шүүгчийн бүрэн эрхийг сэргээх асуудлыг анх түдгэлзүүлэх шийдвэр гаргасан Шүүгчдийн зөвшгөөн шийдвэрлэнэ” гэснийг тодруулж, уялдуулах.

13. 14.1.7, 14.3 дахь “шүүгчийн хувьд буруутгах шүүхийн хүчин төгөлдөр шийдвэр гарсан” гэдэг нь ямар утгатай болохыг тодруулах, ойлгомжгүй байна.

14. 14.1.10-т “шүүгч нь Ерөнхий шүүгч, танхимын тэргүүн шүүгчтэй нөхөр (эхнэр), эцэг, эх, хүүхэд, төрсөн ах, эгч, дүү, өвөө, эмээ, ач, зээ түүнчлэн нөхөр буюу эхнэрийн эцэг, эх, төрсөн ах, эгч, дүү нар зэрэг төрөл садангийн холбоотой” гэдэг нь ойлгомжгүй заалт байна. Тодруулах.

15. 17.2.3, 17.2.4 –т хүлээлгэх хариуцлага хүлээлгэх асуудлыг хэний ямар шийдвэрээр эхлүүлж, ямар журмаар хэн хүлээгэхийг тодорхой заах хэрэгтэй болов уу. Шүүгчийн халдашгүй, хараат бус байдлыг тусгайлан тогтоож хамгаалах хууль нь энэ хууль өөрөө байх ёстой биш үү.

16. 18.3 дахь хэсгийн зохицуулалтыг ойлгомжтой болгох: Шүүгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж байгаа болон шийдвэрлэсэн хэргийнхээ талаар өөрийг нь холбогдуулан “эрүүгийн байцаан шийтгэх хуулийн дагуу хэрэг бүртгэх, бүрдүүлэх үйл ажиллагаа явуулж буй албан тушаалтанд” тайлбар өгөх үүрэг хүлээхгүй, хэргийн оролцогчдоос бусад этгээдэд хэргийн материалыг танилцуулах үүрэггүй гэсэн утга илэрхийлэх гэсэн юм болов уу.

17. 27.6 дахь заалт нь 24.13 –т хооронд нь уялдуулах.

18. 28.3 –ийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн “давж заалдах эрх” –тэй уялдуулах: Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хуульд тусгайлан заасан тохиолдолд эсхүл Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 28.3-д заасан хэргийн хувьд анхан шатны шүүхийн шийдвэр эцсийн шийдвэр байна” гэх мэт

19. 29.1.3 –т “иргэний маргаанд хариуцагчаар тогтоогдоогүй байх” санаатайгаар өрсөлдөгчөө иргэний маргаанд хариуцагчаар татуулахаар үндэслэлгүй (дараа нь татгалзах, хэрэгсэхгүй болох нь тодорхой) нэхэмжлэл гаргах, гаргуулах зэрэг үйлдэл гарч болох биш үү, учир нь тухайн (нэр дэвших, өрсөлдөх) үед нэхэмжлэл гаргаад, татгалзах нөхцөл илрээгүй л бол хэрэг үүсгээд хариуцагчаар татагдсан тохиолдолд тэр хүний нэр дэвших эрх хаагдах болчоод байна.

20. 29.2.2 –т “УДШ-ийн Захиргааны хэргийн танхимын шүүгч нь засаг захиргааны ажлын дадлагатай байх” гэдгийн “засаг захиргааны ажлын” гэдэгт “яг ямар зүйлс орохыг зааж” тодруулах, эсхүл “захиргааны эрх зүйн чиглэлээр мэргэшсэн, ажлын туршлагатай” байх гэсэн утгаар өөрчилж найруулах. Ингэхгүй бол Захиргааны Хэргийн Танхимын шүүгч нь заавал төрийн захиргааны албанд ажилласан байх хязгаарлалт (ҮХ-аар тогтоогоогүй) болж хувирах, тайлбарлагдах боломжтой байна

21. 31.2 –т “шилжүүлэн томилоход” хэний (ШЕЗ) шийдвэрээр гэдгийг тодруулах. Түүнчлэн тухайн сул гарсан орон тоонд олон шүүгч шилжин ажиллах санал, хүсэлттэй байж болох учир тэдгээрийг ШЕЗ –д өрсөлдүүлэн санал хураалтаар шийдвэрлэх нь зохимжтой. Эс тэгвээс олон хүн ялангуяа хот суурин газрын шүүхэд шилжих хүсэлтэй байхад ямарч шалгуургүйгээр аль нэгийг нь томилох эрхтэй байх нь “тухайн шилжүүлэн томилох шийдвэр” гаргах этгээдэд “дур зорго” үйлчлэх боломж олгоно

22. 32.2.7-т “бусдад өр зээлгүй тухай зохих сум, дүүргийн Засаг даргын” тодорхойлолт авна гэжээ. Гэтэл Засаг дарга бусдын өр зээлийг бүртгэдэггүй учир юуг үндэслэж энэ тодорхойлолтыг гаргах вэ, энэ бас тодорхойлолт олгох, олгохгүй, олгосон ч ямар тодорхойлолт олгох вэ гэдэгт субьектив хандлага үйлчлэх боломжийг гаргаж байгаа биш үү

23. 33.4 –т утга нь сайн ойлгогдохгүй байна. Найруулах (шалгалтын хороо гэдэг нь хасагдах байх, бичгийн алдаа байж магад)

24. 33.6, 337 –д тогтоосон 2, 3 жил гэсэн хугацаанууд нь “тухайн шатны шүүхийн шүүгчийн албан тушаалд” хамаарна гэдгийг тодруулах

25. 34.1-т “Ерөнхий шүүгчээр уламжлан” гэдгийг хасах. Тамгын хэлтэс хүлээн авч уламжилдаг одоогийн зохицуулалт тохирч байгаа. Ерөнхий шүүгчээр дамжуулдаг болгох гэж буй нь ямар учиртай болохыг тодруулах,

26. 34.3.3, 33.3.4 –т ШМЁЗХ –ноос зөвхөн “нэг” хүнийг ШЕЗ –д “нэр дэвшүүлэх” нь Үндсэн хуулиар ШЕЗ –д олгосон “хуульчдаас шүүгчийг шилж сонгох” эрхэд халдсан явдал болох биш үү, нөгөөтэйгүүр энэ нь төслийн 35.1-ийн “хэд хэдэн хүний нэрийг урьдчилан дэвшүүлж” гэдэгтэй зөрчилдөж байна. Уг нь “өрсөлдүүлэн томилох” асуудал 2 шаттай явагддаг байвал илүү сайн байна.

a.    1 дүгээрт “мэдлэг мэргэшил, ёс зүй” ШМЁЗХ –нд, ингэхдээ дан ганц шалгалт авах, эсхүл “бүрдүүлсэн” бичиг баримтад дүн шинжилгээ хийх биш, харин сонирхогч этгээдүүд (хуульчид, өмгөөлөгчид, шүүгчид) санал өгөх боломжтой хугацаа, хэлбэр, газарт “нээлттэй хэлэлцүүлэг” явуулж дүнг нэгтгэн ШЕЗ-д мэргэжлийн шалгалтын дүнгийн хамт явуулдаг байх

b.    харин 2 дугаарт шалгалтанд тэнцсэн хүмүүсийн дунд ШЕЗ –ын нээлттэй, тодорхой (одоо огт шалгуургүй байгаа) шалгуураар санал хураалт явуулж тодруулдаг байх. Ингэхдээ МЁЗХ –нөөс бүрдүүлсэн хэлэлцүүлэгийн үр дүн, шалгалтын дүн зэргийг үндсэн шалгуур болгон шийдвэрлэх нь зохимжтой. Яагаад гэвэл нэр дэвшигчийг анх томилохдоо сайн дүгнэлт гаргаж, таниж томилохгүй бол нэгэнт томилсны дараа  хариуцлага тооцоход түвэгтэй байдаг.

27. 34.3.9, 34.5 -т “зөвлөмжийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг зохих шүүхийн Ерөнхий шүүгчтэй зөвшилцөн”, “Ерөнхий шүүгчийн татгалзал” гэх зэрэгт: Монголын нөхцөлд тухайн шүүхийн шүүгч нарын томилгоо, ажлын үнэлгээ зэрэгт аль болох Ерөнхий шүүгч гэдэг албан тушаалтаны оролцоогүй байхаар зохицуулах нь шүүхийн хараат бус байдлыг хадгалж үлдэх маш чухал хамгаалалт (энэ бол амьдрал практикт шалгагдаж туршигдсан, үүнээс сургамж авах болсон) болно. Ямар үндэслэлээр “Ерөнхий шүүгч” –тэй зөвшилцөх “шаардлага” оруулж байгаа вэ? харин ч шинэ томилогдож буй хүн Ерөнхий шүүгчээс хамааралгүйгээр томилогдох тусмаа хараат бусаар ажиллах боломж бүрдэнэ.

28. 35.1 –т ШЕЗ –ийн “санал хураалт ил” байх зохицуулалт хэрэгтэй байна. Яагаад гэвэл ШЕЗ –ийн гишүүн өрсөлдөгч нар дотроос ямар шалгуураар тухайн хүнийг дэмжсэн тухайгаа тайлбарлах ёстой. Ингэхгүйгээс болоод хамгийн муу үнэлгээтэй, хамгийн сул үзүүлэлттэй, ёс зүйн доголдолтой гэж яригддаг этгээд нь хамгийн олон санал авах тохиолдол маш олон тохиолддог. Тиймээс өрсөлдөгч нараас нэр дэвшигчийг тодруулах явдал нь ШЕЗ –ийн гишүүдийн “дур зоргын асуудал биш”, харин тэдгээр гишүүд “хуулиар тогтоосон” шалгуурыг үндэслэн санал өгөх ёстой гэдгийг хуульчлан тогтоох цаг болсон. Нөгөөтэйгүүр ШЕЗ гишүүд, ялангуяа шүүгч-гишүүд өөрсдөө Шүүгчдийн хамтын нийгэмлэгийн өмнө, жирийн шүүгч нарын өмнө ШЕЗ гишүүнээр ажиллахдаа хэр шудрага, хариуцлагатай ажилласан болохыг нь тогтоох “дахин ШЕЗ гишүүнээр ажиллах” эсэхийг үнэлэх боломжтой болох юм. Яагаад гэвэл тэд шүүгч нар дотроос сонгогдсон бөгөөд “хуульчдаас хамгийн сайн ёс зүйтэй, чадвартай” хүнийг шилж шүүгчээр нэр дэвшүүлэх үүрэгтэй, түүнээс өөрт таалагддаг, өөрийн үзэмжээр нэр дэвшигчдэд хандах учиргүй, ялангуяа одоогийнх шиг ШЕЗ –ийн гишүүнээр сонгогдох шүүгчид жирийн шүүгч нар саналыг авдаггүй үед тэд зөвхөн бие биенийхээ захиалагыг биелүүлдэг, хаалттай тойргын гишүүд болж хувираад байна.

29. 35.2-т ШЕЗ –өөс нэр дэвшигчийг тодруулахад баримтлах “шалгуур” –ыг улам илүү тодорхой болгож зохицуулмаар байна. Үүнийг ШЕЗ биш харин “ШЕЗ –ийн гишүүн” гэж тодруулах хэрэгтэй. Яагаад гэвэл ШЕЗ гэхлээр “нууц санал хураалт” гэдэг хөшигний ард нуугдаад хэн ч “зохимжгүй этгээдийг шалгаруулсан” асуудлаа хариуцахгүй болоод байна. Үүнд: мэргэшлийн шалгалтын дүн, хуульчийн мэргэжлээр ажиллаж байсан туршлага, ур чадвар, хэрэв шүүгч байсан бол уг тушаалд ажиллаж байсан байдал, хуульч, өмгөөлөгч нар, хуучин ажиллаж байсан хамт олны зүгээс ёс зүйн төлөвшил, ажил хэргийн чадварт өгсөн үнэлэмж, хүний эрхийн болон хууль зүйн мэргэжлийн чиглэлээр тогтвортой ажилладаг иргэний нийгмийн байгууллага, төрийн бус байгууллагуудын санал (мэргэжлийн ёс зүй, ур чадварын хувьд) зэргийг харгалздаг байх хэрэгтэй байна. ШМЁЗХ нь дээрх шалгууруудыг хангасан эсэхийг тодорхойлох “хэлэлцүүлэг” зохион байгуулдаг (олон хэлбэрээр зохион байгуулж болно, мөн тодорхой хугацаанд нэр дэвшигч нарын талаар нээлттэй санал, мэдээлэл авдаг) байх хэрэгтэй, түүнийг нь ШЕЗ –ийн гишүүд харгалзаж санал өгдөг байх, эс бол түүнийх нь төлөө хариуцлага хүлээлгэж ШЕЗ –н гишүүнээс эгүүлэн татдаг байх хэрэгтэй.

30. Мэргэшил, ёс зүйн хорооны асуудал эрхэлсэн байгууллага нь 2 хуулийн төсөлд нэг бол тусдаа (Шүүгчдийн Хамтын Нийгэмлэгийн тухай хууль) байгууллага байх, нөгөө бол 1 байгууллага (Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Шүүгчдийн мэргэшил, ёс зүйн хороо (цаашид “ШМЁЗХ” гэх)) байхаар зөрөөтэй зохицуулалттай байна.

 

МОНГОЛ УЛСЫН ШҮҮХИЙН ТОГТОЛЦООНЫ ТУХАЙ

хуулийн төсөлд өгөх санал

Төслийн:

1.    2.1-т “Шүүгчдийн” гэдгийг “Шүүгчийн” гэж өөрчлөх, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль” –ийг нэрлэн зааж өгөх

2.     8.3-т “хяналтын журмаар хянан хэлэлцэхэд гурваас доошгүй шүүгчийн бүрэлдэхүүнтэй” гэсэн нь Эрүү, иргэн, захиргааны хэрэг хянан шийдвэрлэх хуультай (хяналт 5 шүүгч гэсэн зохицуулалттай) нийцүүлэх

3.    8.4-т “нийтийн танхим” гэдэг нэрийг “нийт шүүгчдийн хуралдаан” эсхүл “нэгдсэн хуралдаан” гэж нэрлэх

4.    9.2-т “Шүүгчдийн хамтын нийгэмлэгийн салбарын хурлаас нэр дэвшүүлж Шүүгчдийн зөвлөлгөөнөөр баталж” гэдэгт энэ 2 бүтцийн аль нэг нь (хэрэв “Хамтын нийгэмлэг” гэж бүтэц зайлшгүй байна гэвэл)  бие даан шийддэг байхаар зохицуулах, хэтэрхий дамжлагатай байна.

5.    11.3-т “сонгосон хэлээр хэлмэрчлүүлж, орчуулж бүрэн танилцуулах үүргийг” шүүх хүлээхээр заасан нь оновчгүй. Учир нь шүүхэд энэ үүргийг гүйцэтгэх “албан хаагч”, эсхүл төсөв хөрөнгө байхгүй. Нөгөөтэйгүүр, хэргийн оролцогчдийг бүх зүйлээ шүүхэд даатгасан (сонгосон хэлээ хэд хэд солих ч хүн гарч ирнэ) хэт хариуцлагагүй байдалд хүргэж байна.

6.    12.1-т мэтгэлцэх зарчим зөвхөн “шүүх хуралдаан” –д хэрэгжих мэтээр заасан нь өмнөх хуулийн зохицуулалтаас ухарсан шинжтэй байна. Мэтгэлцэх зарчим нь зөвхөн шүүх хуралдаанд биш “шүүн таслах ажиллагаа бүхэлдээ” мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах ёстой.

7.    15.1-т Прокурор “захиргааны хэрэг” хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар үндэслэлээр оролцох нь тодорхойгүй. Захиргааны хэрэгт хариуцагчаар оролцож буй Төрийн захиргааны байгууллага “төрийг төлөөлөх” этгээд нь биш үү. Мөн “хэрэг маргааныг хянан хэлэлцэх бүх үе шатанд оролцож, мэтгэлцэнэ” гэхлээр эрүү, иргэн, захиргааны анхан, давах, хяналтын болон нийт шүүгчдийн (хуралдаан) хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох болох уу.

8.    16.2-т “байгууллагын” гэдгийг байгууллагыг болгож өөрчлөх, “төрийн байгууллага” гэдэгт Шүүх эрх мэдлийн байгууллага жишээ нь орж болохгүй байх, харин Хууль зүйн үйлчилгээний хүртээмжийг хангах, дээшлүүлэх зорилгоор (гүйцэтгэх эрх мэдлийн) Засаг даргын тамгын газрын дэргэд байгуулагдаж буй “эрх зүйн туслалцааны төвүүд” байж болохоор байна. Мөн үүнд Хуулийн сургуулуудыг энэ төрлийн үйлчилгээ эрхэлж болно гэдгийг тусгайлан зааж оруулах саналтай байна.

9.    18.2-т “Шүүхийн үндсэн тогтолцоонд” Үндсэн хуулийн цэц багтаж байгаа юм уу? Хэрэв тийм бол энэ нь Үндсэн хуулийн 48 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн зохицуулалттай нийцэх үү. Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөлд “цэцийн гишүүн” –ийг “Шүүгч” гэдэгт хамааруулж томьёолсон байсан.

10. 20.3 –т “зөвхөн Ерөнхийлөгч хуулийг санаачлах эрхтэй” байхаар зохицуулсан нь (ҮХ –аар олгогдсон) бусад хууль санаачлагчдын эрхийг хязгаарласан болохгүй юу.

11. 20.4 –т “шүүхийг бий болгох” ба “шүүхийг байгуулах” гэсэн 2 ойлголтын ялгааг тодруулах хэрэгтэй байна.

12. 22.2, 24.1-т Энэ хуулийн төсөлд хэргийн шүүхийн харьяалалыг хүнд хөнгөн, мөнгөн дүнгээр ялгавартайгаар тогтоосон, Улсын Дээд шүүх дотроо хэт олон шүүн таслах ажиллагааны шатлал бүхий бүтэцтэй байхаар заасан нь зохимжгүй байна. Ялангуяа Дээд шүүхэд нэг хэргийг шүүхийн хяналтын 3 шатаар дамжуулан хянах ийм бүтэц (эрх) хэрэггүй.

13. 23.1 –д Улсын дээд шүүхэд “дадлагажигч шүүгч” байх үндэслэл нь юу вэ, эдгээр нь дараа нь орон тоо гарвал УДШ –ын шүүгчээр томилогдох хүмүүс байх юм уу, эсхүл гадны зарим улсуудад “судлаач шүүгч” гэж байдаг шиг, УДШ –ийн шүүгчдэд шаардлагатай судалгааг гаргаж өгдөг шүүгч нар байх юм уу.

 

МОНГОЛЫН ШҮҮГЧДИЙН ХАМТЫН НИЙГЭМЛЭГИЙН ТУХАЙ

хуулийн төсөлд өгөх санал

Төслийн:

 

1.    Шүүгчдийн нийгэмлэг нь тусдаа хуультай байх гэхээсээ илүү Шүүхийн тогтолцооны тухай хуульд энэ “өөрөө удирдах ёсны байгууллага” -ын эрх зүйн байдал, үйл ажиллагааг одоогийнхоос боловсронгуй болгон тусгаж оруулах, процессын хуулиудаар “Шүүгчдийн зөвлөл” болон “Шүүгчдийн зөвлөлгөөн” гэсэн 2 орон тооны бус бүтэд олгогдсон эрхийг уялдуулан зохицуулах шаардлагатай гэсэн ерөнхий саналтай байна. Ингэхдээ Шүүгчдийн зөвлөл эсхүл Хамтын нийгэмлэг (гэж нэрлэнэ үү аль нь ч болно) гагцхүү энэхүү байгууллагад шүүгчдийг төлөөлөн орж шийдвэр гаргах эрх бүхий төлөөлөгчийг сонгох процедурыг ардчилсан болгох. Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулиар дан албан тушаалтнууд (ерөнхий шүүгч, дээд шүүхийн шүүгч) нь Шүүгчдийн зөвлөлийг бүрдүүлж байгаа энэ нь нийт шүүгчдийн хүсэл зоригийн илэрхийлэл болж, тэднийг төлөөлж чадахгүй байгаа нь 2002 оноос хойш өдийг хүртэлх туршлагаас тодорхой болсон. Ингэхийн тулд шүүх тус бүр дээр ажилладаг (одоогийн хуулиар Шүүгчдийн зөвлөлгөөн харин төслөөр Шүүгчдийн зөвшгөөн гэж нэрлэж байгаа) өөрөө удирдах байгууллага нь дотроосоо тэднийг бүрэн төлөөлж чадна гэж үзсэн нэг шүүгчээ Шүүгчдийг зөвлөлд сонгон явуулах, улмаар шүүх бүрээс энэхүү ардчилсан зарчмаар сонгогдсон шүүгчид нь Шүүгчдийн зөвлөл (эсхүл хамтын нийгэмлэг) –ийг бүрдүүлж, тэдгээр нь Шүүхийн Ерөнхий зөвлөл, Шүүхийн ёс зүй, мэргэшлийн хороонд орох “шүүгчдийн төлөөлөл” –ийг хариуцлагтайгаар сонгон явуулах, Шүүгчийн ёс зүйн дүрмийг батлах зэрэг өөрөө удирдах ёсыг хэрэгжүүлэх нь зохимжтой юм.

2.    4.1 –т “Шүүх эрх мэдлийн хүрээний Үндсэн хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэн, шүүхийн нийгэмшлийн үүрэг болсон шударга ёс, эрх зүйн соёлыг түгээн бэхжүүлж, шүүгчдийн хараат бус, халдашгүй байдлыг хангахад тэдний хүсэл зоригийг нэгтгэн илэрхийлж, хууль ёсны эрх, ашиг сонирхлыг нь шударгаар хамгаалах явдал тус хамтын нийгэмлэгийн эрхэм зорилго мөн” гэжээ. Үүнээс “хараат бус, халдашгүй” байдлыг хуулиар хамгаалан тогтоож, харин үүнийг хангах, эрх ашгийг нь хамгаалах үүрэг нь ШЕЗ –д Үндсэн хуулиар олгогдсон. Харин “Шүүгчдийн хууль ёсны эрхийг нэгтгэн илэрхийлэх” нь төрийн бус байгууллагын (Шүүгчдийн холбоо гэх мэт) үйл ажиллагаа биш үү.

3.    12.2-т Шүүхийн ерөнхий зөвлөл Мэргэшлийн хороог байгуулахаар заасан байна. Хамтын нийгэмлэгийн тухай хуулиар Мэргэшлийн хорооны асуудлыг зохицуулах шаардлагагүй, Мэргэшлийн хорооны бүтэц, үйл ажиллагаа нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуулиар зохицуулагдах боломжтой, энэ нь ч зохимжтой.

4.    14.1-т Ёс зүйн дүрмийг баталдаг байгууллага нь “өөрөө удирдах ёсны байгууллага” байх зөв, харин ёс зүйн асуудлыг шийдвэрлэдэг бүтэц (Ёс зүйн хороо) нь Шүүхийн ерөнхий зөвлөлийн буюу байнгын ажиллагаатай (дэвшүүлэх, огцруулах, чөлөөлөх шийдвэрийг гаргадаг) байгууллагынхаа дэргэд ажиллах нь зүйтэй байх.

5.    18.1-т “шүүгчид сахилгын хэрэг үүсгүүлэхээр бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ёс зүйн хороонд хүсэлт гаргах эрхтэй” энэ мэт шүүгчийн хараат бус байдалд халдах боломж олгосон зохицуулалтыг хасах, МУ –ын Ерөнхийлөгчийн саяхан өргөн барьсан “Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль” -ийн төсөлд одоо мөрдөгдөж байгаа Шүүхийн тухай хуулийн энэ заалтыг “шүүгчийн хараат бус байдалд” Ерөнхий шүүгчээр дамжуулж халддаг нэг онц аюултай зохицуулалт гэж үзэж хүчингүй болгохоор санал болгосон.

 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ТУХАЙ

хуулийн төсөлд өгөх санал

Төслийн:

1.    2.1-т “төрийн гүйцэтгэх төв байгууллага” гэдгийг “Шүүх эрх мэдлийн байгууллагуудын хүрээнд хүний нөөц, санхүү, хангамж, аюулгүй байдал зэрэг зохион байгуулалтын (менежмент) удирдлагыг хэрэгжүүлэх Төрийн захиргааны төв байгууллага мөн” гэж найруулбал ямар вэ. Уг санаа нь ШЕЗ нь Шүүх эрх мэдлийн байгууллагуудын хувьд шүүн таслах ажиллагааны бус бусад бүх удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлэх эрх бүхий Төрийн захиргааны төв (гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэх Засгийн газрын бус бие даасан агентлаг байхаар) байгууллага байх юм.

2.    4.1-т ШЕЗ –ийн үйл ажиллагааны зарчимд “ил тод байдал” оруулж өгсөн нь тун ововчтой бөгөөд харин бусад зүйл заалтад энэ ил тод байдлын зарчимийг хэрхэн хэрэглэхийг тодруулан зааж өгөх шаардлагатай. Жишээ нь: Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд гишүүдийн өгсөн санал ил тод байх нь энэ зарчмын илрэл байж үр өгөөжөө өгөх юм.

3.    7.5, 12.4-т ШЕЗ нь шүүхийн өөрөө удирдах ёсны байгууллага  болох Шүүгчдийн зөвлөл (ёсзүйн дүрэм), Шүүгчдийн зөвлөлгөөн (Шүүн таслах ажиллагааны зарим удирдлага, зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг)-ыг (төсөлд Хамтын нийгэмлэг гэж оруулсан) шууд болон шууд бусаар удирдаж, чиглүүлэх тухай зохицуулалт хуульд байж болохгүй. Ингэвэл “захиргааны удирдлага хэрэгжүүлдэг байгууллага” нь тухайн шүүх дэх шүүн таслах ажиллагааны удирдлага зохион байгуулалтыг хэрэгжүүлдэг Шүүгчдийн Зөвлөлгөөн (мөн Ёс зүйн дүрмийг баталж, ШЕЗ –д орох шүүгч гишүүдийг сонгодог байгууллагаа ч адил) –ийг шууд удирдах мэт агуулгатай болно.

4.    8.7-т нэгэнт тухайн нэг шатны шүүхэд шүүгчээр томилогдсон шүүгчийг ижил шатны шүүхэд шилжүүлэх, сэлгэн ажиллуулахад заавал Ерөнхийлөгч зарлиг гаргах зохицуулалт байх шаардлагаггүй биш үү. Учир нь тухайн шатны шүүхэд “шүүн таслах ажиллагаа эрхлэх” онцгой эрхийг анх томилох үед нь олгогдсон байгаа. Харин ижил шатны бөгөөд (өөр засаг захиргааны нэгжид байрлаж байгаа) бусад шүүхэд шилжиж эсхүл сэлгэн ажиллуулах тохиолдолд тухайн шүүгчийн зөвшөөрлийн үндсэн дээр Шүүхийн Ерөнхий зөвлөл шийдвэрлэж байх нь хэргийн ачаалал хүндэрсэн, цаг хугацаа тулгамдсан үед ач холбогдолтой байх болов уу. ШЕЗ –ийн шилжүүлэх, сэлгүүлэх шийдвэр нь зөвхөн ажиллах шүүхийг шинэчлэн тогтоож байгаагаа бус шүүгчид “шинэ” эрх хэмжээ олгож байгаа явдал биш юм. Үүнтэй холбогдуулан орон тоо гарсан тохиолдолд ШЕЗ –өөс тухайн орон тоонд шүүгчийн соногн шалгаруулалтыг зарлаж, шалгарсан нэр дэвшигчийг тухайн нэг шүүхийн шүүгчээр биш харин тухайн шатны (эсхүл дагнасан) шүүхийн шүүгчээр томилуулахаар өргөн мэдүүлж, Ерөнхийлөгч мөн тухайн шатны шүүгчээр томилсон зарлиг гаргаж, ШЕЗ нь хуваарилагдаж ажиллах шүүхийг тогтоодог байх нь хүндрэл гарсан үед шуурхай шийдвэрлэх боломж олгож болох юм.

5.    13.2.1 –т “Улсын Дээд шүүхийн Ерөнхий менежер, Шүүхийн Ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч” зэрэг албан тушаалтнууд нь Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн байх ямар бодитой үндэслэл байна вэ? Гүйцэтгэх нарийн бичгийн дарга зэрэг эдгээр албан тушаалтнууд нь ШЕЗ –ийн гишүүн байж шийдвэр гаргахад оролцох гэхээс илүү ШЕЗ –өөр хэлэлцүүлж шийдвэрлүүлэх асуудлыг төлөвлөж оруулах, гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж, гүйцэтгэх үүрэгтэй хүмүүс шүү дээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга нь өөрөө гишүүний эрхтэй бөгөөд ШЕЗ –өөс гаргах шийдвэрт оролцоотой байхад “гүйцэтгэх нарийн бичгийн дарга” эсхүл Дээд шүүхийн ерөнхий менежер ШЕЗ –ийн гишүүн байх шаардлага нь юу вэ? Хэрэв өмгөөлөгчдийн холбооноос төлөөлөл оруулах шаардлагатай гэж үзвэл заавал албан тушаалтныг оруулах нь зохимжгүй. Харин өмгөөлөгчдийн байгууллагаас нэр дэвшүүлж ирүүлсэн 5 өмгөөлөгч дотроос Шүүгчдийн зөвлөл (ямар нэртэй байхаас үл хамаарч шүүгчдийн өөрөө удирдах ёсны байгууллага нь) илээр санал хурааж сонгодог байх нь илүү. Эдгээр албан тушаалтнуудын оронд анхан, давах, хяналтын, дагнасан шүүхээс ШЕЗ –д орох шүүгчдийн тоог нэмэгдүүлж, тэдгээрийн гаргасан шийдвэр, өгсөн саналаа тайлбарлах, хариуцлага хүлээх чадварыг тодорхой болгох шаардлагатай байна. Мөн Шүүхийн Ерөнхий зөвлөлийн “шүүгч-гишүүд” –ийн тоог тодорхойлохдоо шууд анхан, давах, хяналт, дагнасан шүүх тус бүрээс нэг нэг шүүгч гэх мэтээр тэгшитгэсэн байдлаар тогтоох бус харин тэдгээр анхан давах, хяналт, дагнасан шүүхийн шүүгчдийн нийт шүүгчдийн тоонд эзлэх хувиас хамаарч ялгавартайгаар тогтоох нь илүү тохиромжтой төлөөлөл болж чадна. Жишээ нь: Нийслэлд байгаа анхан болон давж заалдах, дагнасан шүүхүүдийн шүүгчид нь тухайн шатны нийт шүүгчдийн дунд илүү жин эзэлдэг атал тэдний төлөөлөл нь орон нутгийнхтай ижил байдаг гэх мэт.

6.    15.1-т ШЕЗ –ийн “санал хураалт ил” байх зохицуулалт хэрэгтэй байна. Яагаад гэвэл ШЕЗ –ийн гишүүн өрсөлдөгч нар дотроос ямар шалгуураар тухайн хүнийг дэмжсэн тухайгаа тайлбарлах ёстой. Ингэхгүйгээс болоод хамгийн муу үнэлгээтэй, хамгийн сул үзүүлэлттэй, ёс зүйн доголдолтой гэж яригддаг этгээд нь хамгийн олон санал авах тохиолдол маш олон тохиолддог. Тиймээс өрсөлдөгч нараас нэр дэвшигчийг тодруулах явдал нь ШЕЗ –ийн гишүүдийн “дур зоргын асуудал биш”, харин тэдгээр гишүүд “хуулиар тогтоосон” шалгуурыг үндэслэн санал өгөх ёстой гэдгийг хуульчлан тогтоох цаг болсон. Нөгөөтэйгүүр ШЕЗ гишүүд, ялангуяа шүүгч-гишүүд өөрсдөө Шүүгчдийн хамтын нийгэмлэгийн өмнө, жирийн шүүгч нарын өмнө ШЕЗ гишүүнээр ажиллахдаа хэр шудрага, хариуцлагатай ажилласан болохыг нь тогтоох “дахин ШЕЗ гишүүнээр ажиллах” эсэхийг үнэлэх боломжтой болох юм. Яагаад гэвэл тэд шүүгч нар дотроос сонгогдсон бөгөөд “хуульчдаас хамгийн сайн ёс зүйтэй, чадвартай” хүнийг шилж шүүгчээр нэр дэвшүүлэх үүрэгтэй, түүнээс өөрт таалагддаг, өөрийн үзэмжээр нэр дэвшигчдэд хандах учиргүй, ялангуяа одоогийнх шиг ШЕЗ –ийн гишүүнээр сонгогдох шүүгчид жирийн шүүгч нар саналыг авдаггүй үед тэд зөвхөн бие биенийхээ захиалагыг биелүүлдэг, хаалттай тойргын гишүүд болж хувираад байна (Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслөд өгөх саналыг энд давтан оруулав).

7.    23.1 –т “Монгол Улсын Шүүгчдийн хамтын нийгэмлэгийн тухай хууль” гэж хуулийнхаа нэрийг алдаатай бичсэн бололтой.

Үүгээр зөвхөн төслийн хэмжээнд санал өгөв. Ц.Цогт


[1] Үзэл баримтлалд “Хуулийн төсөлд Монгол Улсын бүх шатны, шүүгчдийн эрх зүйн байдлыг нийтлэг үндсийг тогтоосон бөгөөд урд өмнө хуулиар тодорхойлоогүй үндэслэл заалт нарийвчлагдан тусгагдсан болно” гэж заасан, мөн төслийн 5.2-т тусдаа хуулиар зохицуулна гэсэн атлаа ҮХ –ийн цэцийн гишүүнийг энэ хуулиар шүүгч-д хамаарулан тодорхойлох нь нийцвэртэй эсэх


2015 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2011-02-15 - Сэтгэгдэл

Бичсэн: өм.Баярсайхан (зочин)

Тантай санал нэг байна. Шүүхийн тогтолцооны хувьд ҮХЦ,УДШ-ийн талаар ҮХ-д зааснаар тогтолцоог ойлгомоор байна. Энэ нь миний бодлоор ҮХ-ийн цэцийн гишүүнд тавигдах шаардлагыг тодорхой болгож зөвхөн хуульч, тэр тусмаа ҮХ мэргэшсэн байхыг гол шалгуур болгох. Өмгөөлөгчийн хувьд албан тушаалаар нь хүмүүсийг аливаа шийдвэр гаргах зөвлөлд оруулах нь маш буруу гэж боддог. Учир нь аливаа даргаас виз авсан хүн аяганы хариу барих болдог. Хууль зүйн сургуулиудыг эрх зүйн төв хэлбэрээр ажиллуулахад болохгүй зүйлгүй боловч, жинхэнэ зах зээлийн хуулиар хууль зүйн үйлчилгээ /зөвөлгөө/өгч ажиллаж буй хуульчидад хүндрэл учруулж болзошгүй зарим нөхцөл байгааг анхаарах нь зүйтэй бус уу.ОК

. Шууд холбоос





:-)
 
xaax