Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Иргэний танхимаар хэлэлцүүлэх хуулийн төсөлд өгөх санал
Tweet

Иргэний танхимаар хэлэлцүүлэх хуулийн төсөлд өгөх санал

Огноо: 2010 оны 2 дугаар сарын 18 –ны өдөр

Хуулийн төсөл: Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай, Шүүхийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай

Санал гаргагч иргэн: Ц.Цогт, Хэлэлцүүлэгт оролцохоор Иргэний танхимд бүртгүүлсэн огноо, цаг 2010.02.11 –ны 17.48, бүртгэлийн дугаар 36.

Санал(товчлол):

1.    Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх байгуулах тухай хуулийн тухайд:

a.    Нэн шаардлагатай хууль. Учир нь 2002 оны Захиргааны хэргийн шүүх байгуулах тухай хууль, Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар захиргааны хэргийн дагнасан шүүхийг байгуулахдаа (тухайн үеийн нийгэм, улс төр, эдийн засгийн байдлаас шалтгаалан) Монгол Улсын шүүхийн үндсэн тогтолцооноос өөрөөр буюу давж заалдах шатны тусдаа шүүхгүйгээр (давж заалдах шатаар хэлэлцэж шийдвэрлэх эрхийг Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн шүүхэд олгох замаар) байгуулсан юм.

Шүүх байгуулагдснаас хойшх 6 орчим жилийн туршлагаас дүгнэвэл, энэ байдал нь захиргааны хэргээр дагнаж, мэргэшсэн шүүхээр хэрэг маргаанаа шийдвэрлүүлэх иргэний эрхийг хязгаарлах үндэслэл болж байна. Учир нь УДШ –ын захиргааны хэргийн танхим 6 шүүгчийн бүрэлдэхүүнтэй бөгөөд тодорхой нэг хэргийг давж заалдах журмаар 3 шүүгчийн бүрэлдэхүүнтэй хянан шийдвэрлээд, харин хяналтын журмаар (5 шүүгчийн бүрэлдэхүүн шаардлагатай) хэлэлцэхэд тус танхимын буюу захиргааны хэргээр дагнаж, мэргэшсэн шүүгч хүрэлцдэггүй тул бусад танхимаас 1-3 хүртэлх шүүгчийг томилж оролцуулдаг.

Дээрх байдлаар эрүү, иргэний хэргийн танхимаас тухайн захиргааны хэргийг хяналтын журмаар хэлэлцэхэд томилогдсон шүүгчдийн хувьд дагнаж мэргэшсэн эрх зүйн чиглэл өөр байхаас гадна хэргийн оролцогч, өмгөөлөгч, төлөөлөгч нарын зүгээс, бүр түүнчлэн анхан шатны захиргааны хэргийн шүүхийн шүүгчдийн зүгээс тэдний захиргааны хэргийг шүүн таслах мэргэшлийн төвшин, туршлага, чадамжид итгэл үнэмшил муутай байх байдал бий болдог нь нууц зүйл биш. Энэ байдал нь өөрөө үндэслэлтэй, үндэслэлгүй хардлага бий болгож, шүүхийн шийдвэрт итгэх итгэлийг бууруулдаг.

- Түүнчлэн захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд шүүхийн практик, жишиг тогтох нөхцлийг бүрдүүлснээр шүүн таслах ажиллагааны чанар дээшлэхэд нөлөөлөх боломжтой юм. Учир нь хувь шүүгч бүр тодорхой төрлийн хэрэг маргааны шийдвэрлэхэд эрх зүйн хувьд өөрийн гэсэн тогтсон үзэл, чиглэлтэй (judicial philosophy) байдаг. УДШ –ын захиргааны хэргийн танхимын шүүгчид нэг ижил шатны шүүхийн шүүгчид атлаа, нэг бол давж заалдах шатны шүүхийн шүүгчийн (анхан шатны шүүхийн шийдвэрийг хянах хяналтын хүрээ, зарчим нь Хяналтын журмаар хэлэлцэхээс өөр) үүрэг гүйцэтгээд, нөгөө болохоор хяналтын шатны шүүхийн шүүгчийн үүрэг гүйцэтгэж бусдынхаа шийдвэрийг хянаж өөрчлөх, хүчингүй болгох зэргээр зөрчилтэй байдал үүсгэдэг. Энэ нь тодорхой төрлийн хэрэг маргаан, нөхцөл байдалд хяналтын шатны шүүхийн шийдвэрээр тогтсон ойлголт бий болгож, шүүхийн практик тогтооход сөргөөр нөлөөлдөг.

- Товчоор дүгнэвэл, тухайн эрх зүйн чиглэлээр мэргэшээгүй шүүгчээр уг асуудлыг шийдвэрлүүлж байгаа нь мэдлэг мэргэшлийн хувьд бусдаас “хараат” байхыг хүлээн зөвшөөрч байгаа хэрэг бөгөөд нэгэнт мэргэшээгүй тул анхан шатны шүүхийн алдааг залруулах дээд шатны шүүхийн үндсэн чиг үүргийг хэрэгжүүлэх боломжгүй болж байна. Үүнийг засахын тулд захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн байгуулж, иргэдийн дагнасан шүүхээр хэргээ шийдвэрлүүлэх эрхийг хангах нь ач холбогдол ихтэй гэж үзэж байна.

2.    Шүүхийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн тухайд:

Шүүх нь Монгол Улс дахь хүний эрхийн (бүрэн дүүрэн) баталгаа болохын тулд юуны түрүүнд шүүгчид нь өөрсдөө хараат бусаар ажиллах “баталгаа” –гаар хангагдсан байх хэрэгтэй байна. Үүний тулд энэ удаагийн Шүүхийн тухай хуульд оруулах нэмэлт, өөрчлөлт онцгой чухал бөгөөд үүнд цаашид их цаг хугацаа алдмааргүй байна.

a.    Хуулийн 46 дугаар зүйлийн 46.3 дахь хэсэгт оруулах өөрчлөлтийн хувьд: Улсын Ерөнхий прокуророос хоёр, Монголын Өмгөөлөгчдийн холбооны удирдах зөвлөлөөс гурав, Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн Хурлын Тэргүүлэгчдийн Хуралдаанаас хоёр,” гэсэн хэсгийг хасч, өөрчлөх шаардлагатай. Учир нь эдгээрээс томилогдсон этгээд нь хэргийн оролцогчийн өмгөөлөгч, төлөөлөгч эсхүл сонирхол бүхий этгээд (НИТХ –ын тэргүүлэгчдээс томилсон төлөөллийн жишээ) байдаг.

Үүний оронд шууд хэргийн оролцогч биш, мэргэжлийн ТББ, хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг Иргэний нийгмийн байгууллагын төлөөлөлийг оруулах эсхүл Хууль зүйн сургуулиудаас төлөөлөл оруулах. Энэ нь арай илүү “unbiased хөндлөнгийн төлөөлөлийг бүрдүүлнэ.

b.    Хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.6 дахь заалт, 37 дугаар зүйлийн 37.1.7, 371 дүгээр зүйлийн 371.1.7 заалтуудыг хүчингүй болсонд тооцох, 49 дүгээр зүйлийн 49.1 дэх хэсгийн “бүх шатны шүүхийн Ерөнхий шүүгч хүсэлт” гэснийг хасах гэсэн хэсгүүд нь нэн тэргүүнд шаардлагатай маш чухал өөрчлөлт юм. Учир нь Шүүгчийн хараат бус байдлыг хангах томоохон хөшүүрэг болох бөгөөд Ерөнхий шүүгч нь тухайн шүүхийн шүүгчдийн дарга биш гэдгийг хуулийн хүрээнд баталгаажуулах ач холбогдолтой.

c.    Хуулийн 61 дүгээр зүйлийн 61.2 дахь хэсэгт оруулах өөрчлөлтийн хувьд:Төрийн албаны Зөвлөлийн дарга” гэсэн хэсгийг хасч, “Монголын Шүүгчдийн холбоо” ТББ –аас сонгогдсон 2 шүүгчийг нэмэх саналтай. Учир нь 1. Энэ нь хэргийн нэг оролцогч, 2. Энэ нь ШЕЗ –ийг дарга нарын цуглуулга болгож хувиргаад байна.

- “Нийслэлийн шүүхийн Ерөнхий шүүгч” гэсэн хэсгийг хасах, учир нь Ерөнхий шүүгчийн албан тушаал дээр ажиллаж буй хүнд “automatically ШЕЗ –ын гишүүн болох эрх олгох нь эрх мэдлийн төвлөрөл бий болно.

d.    Хуулийн 67 дугаар зүйлийн 67.1 дэх хэсэгт оруулах өөрчлөлтийн хувьд: Улсын дээд шүүхийн шүүгчид, аймаг, нийслэл, дагнасан шүүхийн шүүгчдийн зөвлөлгөөнөөс сонгогдсон шүүгчдээс бүрдсэн Шүүгчдийн зөвлөл ажиллана гэж өөрчлөн найруулсан нь маш чухал өөрчлөлт болно. Энэ нь “Ерөнхий шүүгчид Шүүгчдийн Зөвлөл Шүүхийн Ерөнхий Зөвлөл ” буцаад “Ерөнхий шүүгч Шүүгчдийн зөвлөл Шүүхийн ерөнхий зөвлөл” гэсэн хаалттай, явцуу сонирхлын бүлгээр “бүх томилгооны асуудлыг шийддэг”, жирийн шүүгчдийн эрх, саналыг хязгаарласан байдлыг халах хууль зүйн боломжыг бүрдүүлнэ.

 

төгсгөл

1578 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд

2010-12-27 -

Бичсэн: tsegee

tany sanal ajil bolsond bayar xurgie.

. Шууд холбоос





:-)
 
xaax