Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад маргааныг “зуучлал” –ын аргаар шийдвэрлэх
Tweet

Шүүхэд суурилсан “зуучлал” гэж юу вэ?
Зуучлал (Mediation ) бол “маргааныг шийдвэрлэх альтернатив” аргуудын нэг бөгөөд “multi-door courthouse” гэсэн ойлголтын хүрээнд анх АНУ –ын шүүхийн үйл ажиллагаанд нэвтэрч, хөгжиж ирсэн байна. “Маргааныг олон сонголттой аргаар шийдвэрлэх боломжтой шүүх” гэсэн утга бүхий энэ хөтөлбөрийн талаарх санаа анх 1976 онд “Pound Conference” -ийн үеэр Харвардын профессор Франк Сандерын тавьсан илтгэлд дурьдагджээ.
Манай хуульчид, эрх зүй судлаачид “mediation” хэмээх үгийг Англи хэлнээс “зуучлал” гэж орчуулан хэрэглэж байна. Монгол хэлний “зууч” гэдэг үгийг “хоёр этгээдийн хооронд нийлүүлэн зохицуулагч гуравдугаар этгээд; зуучаар оролцуулах;”, “зуучлах” гэдэг үгийг “зууч болон хэлэлцэх” гэж тайлбарласан байна.
Зуучлал (mediation) нь төвийг сахисан гуравдагч этгээдийн оролцоотойгоор маргагч талуудын аль алин нь хүлээн зөвшөөрөхүйц шийдвэрийн дундын хувилбарыг гаргаж, шийдэлд хүрэхэд туслах арга юм. Энэ нь Англи хэлний мedium буюу “дунд” мөн media буюу “нийтлэг” гэсэн үгнээс гаралтай, хууль, эрх зүй судлаачдын хувьд “дундын хувилбарыг олж маргааныг шийдвэрлэх” гэсэн утгаар хэрэглэгддэг байна.
Зуучлал нь хэрэг, маргаан шүүхэд хүрэхээс өмнөх шатанд ихээхэн хэрэглэгддэг төдийгүй шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны үед ч өргөнөөр хэрэглэгдэх болжээ. Шүүхэд ирсэн хэргийг тухайн шүүхийн зуучлал –ын хөтөлбөрт хамруулан шийдвэрлэхийг “court based” эсхүл “court-annexed” mediation гэх бөгөөд энэхүү хөтөлбөр (програм) –ийн хамрах хүрээ, арга хэлбэр нь тухайн шүүхийн онцлогоос хамааран харилцан адилгүй байх юм.
Шүүх “хуулиуд хоорондоо зөрчилтэй буюу хууль шудрага бус, эсхүл нийтээр хүлээн зөвшөөрсөн зан суртахууны хэм хэмжээнд харш” гэсэн үндэслэлээр маргааныг шийдвэрлэхээс татгалзах боломжгүй байдаг. Шүүхээр шийдвэрлэгдэж буй хэргүүдэд нэг тал нь зуун хувь буруутай эсхүл зуун хувь зөв байх тохиолдол маш ховор байдаг. Бараг бүхий л хэрэгт хоёр тал өөр өөрсөддөө ашигтайгаар тайлбарлаж болох, шүүх түүнийг нь хүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй тодорхой “үйл баримт” байдаг.
Гэтэл шүүхэд “дундын хувилбартай шийдвэр гаргах” боломж хязгаарлагдмал төдийгүй талууд эвлэрсэнээс бусад тохиолдолд шүүх зөвхөн “маргааныг таслан, эцэслэн шийдвэрлэх” үндсэн чиг үүрэгтэй байдаг. Тиймээс ч шүүхийн шийдвэр -тайлбар мэтгэлцээнийх нь үндэслэл нотлох баримтаар илүү тогтоогдож байгаа, үйл ажиллагаа нь хуульд илүү нийцвэртэй хийгдсэн талд ашигтай гарч, нөгөө тал нь өөрт ашигтай байсан нотлох баримтыг шүүх анхаарч үзээгүй гэдэг үндэслэлээр ямагт гомдолтой үлддэг.
Харин “зуучлал” -д маргалдагч талуудын хэн алин нь өөрт ашигтай болон ашиггүй үйл баримтыг зуучлагчын тусламжтайгаар ойлгон мэдэж, өөрт учирч болох сөрөг үр дагаврыг ухамсарласны үндсэн дээр дундын хувилбарыг олж маргааныг шийдвэрлэх нь ашигтай гэдгийг хүлээн зөвшөөрдөг байна.
Хөгжилтэй орнуудын жишгээс үзвэл шүүхэд хэрэг, маргаан ирмэгц шүүхээс талуудыг тухайн шүүхийн “зуучлал” –ын хөтөлбөрийн дагуу маргаанаа шийдвэрлүүлэхийг зөвлөдөг байна. Түүнчлэн зарим төрлийн хэргүүдийн хувьд шүүх талуудад “зуучлал” –ын аргаар маргаанаа урьдчилан шийдвэрлүүлэхийг зөвхөн зөвлөөд зогсохгүй “mandatory” буюу шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны “заавал хийгдэх ажиллагаа” –нд хамруулсан байдаг. Хэрэв талууд “зуучлал” –ын хөтөлбөрт хамрагдаад амжилтгүй болвол шүүх хэргийг ердийн журмаар хянан шийдвэрлэдэг байна. Мөн түүнчлэн зөвхөн анхан шатны шүүх төдийгүй давж заалдах шатны шүүх ч өөрийн гэсэн “зуучлал” –ын хөтөлбөртэй байдаг бөгөөд энэ аргаар тухайн шүүхэд шийдвэрлэгдэхээр ирсэн хэрэг, маргааны талаас илүү хувийг шийдсэн тохиолдол байдаг.
Шүүхүүд өөрийн зуучлалын хөтөлбөрийг танилцуулах арга хэмжээг “танилцуулах сургалт” –ын хэлбэрээр тогтмол явуулж, түүнд холбогдох хураангуй мэдээлэл агуулсан нугалбар, гарын авлага, богино видео зэргийг нийтэд хүртээмжтэй байдлаар шүүхийн байранд эсхүл шүүхийн вэб сайтаар дамжуулан түгээдэг байна.
Зуучлал нь ямар төрлийн хэрэг, маргаанд тохиромжтой арга вэ?
Зуучлал тухайн орны хувьд амжилттай хэрэгжих, үр нөлөөтэй байж чадах эсэх нь энэхүү маргааныг шийдвэрлэх арга замд тохирох “төрлийн маргаан” –г хэрхэн сайн тодорхойлж, хуульчлан зохицуулж өгснөөс шууд бөгөөд бүрэн хамааралтай байдаг ажээ.
Зуучлалын аргыг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа өргөн хэрэглэдэг улс, орнуудын туршлагаас үзвэл гэр бүл цуцлуулах тухай маргаан, асран хамгаалагч, харгалзан дэмжигч тогтоолгох, хөршүүд, гэр бүлийн гишүүд эсхүл хамтран ажиллагсдын хоорондын маргаан, хөлслөгч хөлслүүлэгч, түрээслэгч түрээслүүлэгчийн хоорондын маргаан зонхилох хувийг эзэлдэг байна.
Зуучлагч буюу mediator гэж хэн вэ?:
Зуучлагч бол шийдвэр гаргагч биш, тэрээр хэрэг маргааныг шийдвэрлэдэггүй харин шийдвэрт хүрэхэд талуудад хөндлөнгөөс туслагч юм. Зуучлагч нь шүүхийн тамгын газар, хэлтсийн ажилтан, эсхүл шүүхтэй гэрээний үндсэн дээр хамтран ажилладаг хувийн зуучлагч, зарим тохиолдолд сайн дурын “зуучлагч” нар байдаг ажээ.
Зуучлагч нарт сургалт явуулсны үндсэн дээр зохих шаардлага, шалгуурыг хангасан этгээдүүдийг сонгож авдаг байна. Үүнд зуучлалын ур чадвар, техник эзэмшүүлэх онолын сургалтаас гадна бодит хэрэг, маргааныг зуучлалаар шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах байдлаар дадлага олгох зэрэг сургалтын арга ашиглагддаг. Мөн түүнчлэн тодорхой төрлийн хэрэг маргааныг зуучлах эрхийг тухайн маргааны төрлөөр зохих сургалтын хөтөлбөрт хамрагдсан этгээдүүдэд олгодог ажээ. Үндсэн сургалтын дараа сургалтанд хамрагдагсад богино хугацаанд зуучлагчийн туслахаар ажиллах, зуучлагчийн удирдлага дор зуучлалын ажиллагааг явуулах зэргээр дадлагажих боломжтой. Энэ бүх сургалтын ажиллагаа нь тухайн шүүхийн онцлог (анхан эсхүл давах шатны, дагнасан шүүх эсхүл харьяалах нутаг дэвсгэрийн байдлаас хамааран тодорхой төрлийн хэрэг маргаан зонхилох хувь эзэлдэг гэх мэт) -оос улбаалан ялгаатай байх боловч ерөнхийдөө сар орчим хугацаанд багтдаг байна.
Зуучлалын үед ил тод болсон маргааны аливаа нөхцлийг шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд ашиглах нь үндсэндээ хориотой байдаг, учир нь зуучлал бол зөвхөн маргагч талуудын хүсэл зоригийн илэрхийлэлээр явагдах төдийгүй зуучлалын явц дахь оролцогчдын нууцыг хамаалах нь зуучлагчийн үүрэг юм.
үргэлжлэл бий ...

1329 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax