Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Dateline: 2008-1-15
Захиргааны хэргийн шүүх - Хүний эрх
Tweet

Нийтийн эрх, ашиг сонирхлыг тэргүүнд тавьсан захиргааны үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн хувь иргэний эрх ашиг …?

Хүний эрхийн түгээмэл тунхаглалын “Үндсэн хууль бусад хуулиар олгогдсон эрх нь зөрчигдвөл хүн бүр эрх мэдэл бүхий үндэсний шүүхээр эрхээ бүрэн сэргээн тогтоолгох эрхтэй. ... ” гэсэн заалт бие даасан, эрх мэдэл бүхий шүүх хүний эрхийг хамгаалах, түүний хэрэгжилтэд хяналт тавихад ямар чухал үүрэгтэй болохыг олон улсын хэмжээнд жишиг болгон тодорхойлсон юм.
Хэдийгээр манай улсад Захиргааны хэргийн шүүх байгуулагдаад жил гаруй хугацаа өнгөрч байгаа боловч төр нь өөрийнхөө эсрэг буюу өөрийнх нь үйл ажиллагааг хянах дагнасан шүүхийг байгуулсан цөөн улсын нэг болж чадсан байна. Тухайн улсад шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдал, шүүхийн шийдвэрийн хэрэгжилт хэр хэмжээнд байгаагаар хүний эрх, эрх чөлөөний бодит хэрэгжилтийг тодорхойлдог. Хүний эрхийг дээдлэн тунхаглах нь нэг хэрэг бөгөөд харин түүний бодитой хэрэгжилт нь хамгийн эргэлзээ, ээдрээтэй явдал байдаг.
Манай улсын хувьд ч хүний эрхийн хамгаалалт, түүний хэрэгжилт нь шүүх байгууллагатай шууд хамааралтай болохыг Үндсэн хуулийн хүний эрх, эрх чөлөөг тодорхойлсон хоёрдугаар бүлэгт “ ... хүн бүр хууль, шүүхийн өмнө эрх тэгш байна” , Шүүхийн тухай хуульд “шүүх нь хууль ёс, хүний эрх, эрх чөлөө, шударга ёсны баталгаа мөн” хэмээн тодорхойлсноос харж болох юм.
Ардчилсан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмуудын хэрэгжилт, ялангуяа хүний эрх, эрх чөлөөг баталгаатай хангахад шүүх байгууллагын тогтолцоо оновчтой, эрх мэдэл хүрэлцэхүйц байх ёстой. Энэ шаардлагаас урган гарсан нийгмийн хэрэгцээ, олон улсын хандлагаас улбаалан нийтийн засаглалын байгууллага, албан тушаалтнууд үйл ажиллагаандаа ардчлалын үндсэн зарчмуудыг хэрхэн баримталж буйд захиргааны хэргийн шүүх дагнан хяналт тавих боломж бүрдсэн юм.
Төр гэдэгт шууд утгаар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч - засгийн газар түүний харьяа захиргааны байгууллагуудыг хамруулдаг. Учир нь төрийн эрх мэдлийг хэрэгжүүлэгч бусад хоёр засаглалын байгууллагын шийдвэр, үйл ажиллагааг Захиргааны хэргийн шүүх хянах хууль эрх зүйн үндэслэлгүй. Хууль тогтоох дээд байгууллагын үндсэн чиг үүрэг болох хууль батлах үйл ажиллагаанд Үндсэн хуулийн цэц (иргэдийн гомдол, мэдээллийг үндэслэн) хяналт тавьдаг, харин Үндсэн хуульд зааснаар бүхий л шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой аливаа шийдвэрийг гагцхүү Улсын Дээд шүүх хянах журамтай.
Дээрхээс үзвэл Захиргааны байгууллага, түүний албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэхийг хянах үндсэн чиг үүрэг бүхий дагнасан шүүх байгуулж, ажиллуулснаар Монгол улсад эрх зүйн (шүүхийн) хяналтаас гадна үлдэх төрийн байгууллага, албан тушаалтны үйл ажиллагаа бараг л үгүй болсон байна . Энэ нь хүний эрхийн хэрэгжилт, хамгаалалтад эерэг нөлөөтэй болох нь тайлбарлалтгүй.
Захиргааны байгууллагын үйл ажиллагаа бүхэн нь тодорхой нэг шийдвэрийн эсхүл шийдвэр гаргах үйл явцын үр дүн байдаг. Нийтийн захиргааны бодлого, үйл ажиллагаа нийгмийн харилцааны бүхий л салбарт их өргөн хүрээнд хүртээмжтэй, нөлөөлөлтэй байдгийн улмаас захиргааны шийдвэр, тэдгээрийг үйлдэн гаргагч захиргааны байгууллага, албан тушаалтан маш олон төрөл, хэлбэртэйгээр оршиж байна.
Захиргааны хэргийн шүүхээр хянагдах хэргийн хариуцагч нь зөвхөн захиргааны байгууллага, албан тушаалтан байх нөхцөл нь энэхүү төрлийн маргааныг дагнан шийдвэрлэх шүүх, түүний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зарчмыг тодорхойлох гол нөхцөл юм.
Монгол Улсын эрх зүйн зохицуулалтын хүрээнд нийтийн захиргааны байгууллагын үйл ажиллагааны хүрээ хэмжээг тодорхойлохдоо “нийтийн захиргаа” -ны байгууллагын тогтолцоо, бүтцийг юун түрүүн анхаарах нь зүйтэй болов уу.
Захиргааны хэргээр дагнасан шүүхэд харьяалагдах хэргийн хариуцагч гэдэгт явцуу утгаар нь гагцхүү (1)төрийн захиргааны төв болон орон нутгийн байгууллага, түүний албан тушаалтнуудыг ойлгохоос гадна өргөн утгаараа (2)хууль, тогтоолоор нийтийг засаглах чиг үүргийг өөртөө авсан засгийн газрын бус байгууллага, (3) нийтлэг үйлчилгээ үзүүлдэг нутгийн өөрөө удирдах ёсны байгууллага, сургууль эмнэлэг, холбоо, харилцаа, эрчим хүчний байгууллагын захиргаа, тэдгээрийн албан тушаалтнуудыг багтаасан байдаг. Эдгээрийг бүхэлд нь “нийтийн захиргаа” гэсэн нэр томъёогоор илэрхийлэх болсон байна.
Нийтийн захиргаа нь оршин тогтнож, “нийгмийг удирдан зохион байгуулах” зорилгоо биелүүлэхийн тулд хуулиар олгогдсон бүрэн эрх эдэлж, тодорхой үүрэг хүлээсэн байдаг. Нийтийн захиргаа нь энэхүү иргэдийн аюулгүй байдлыг хамгаалж, тэдгээрийн нийгэм дэх амьдралыг зохицуулж, хэрэгцээг нь хангахын тулд удирдлагын хүрээнд маш олон төрлийн үйл ажиллагааг явуулдаг. Гэвч “захиргаа” нийтийн ашиг сонирхлыг илэрхийлэн хамгаалах чиг үүргээ хэрэгжүүлэхдээ голдуу захирамжилсан шинжтэй арга, хэлбэрийг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд “захиргааны акт” үйлдэх аргаар илэрдэг.
Энэхүү нэг талын хүсэл зоригоор харилцааг зохицуулах арга, захирах ёсны хэвшсэн заншил, шийдвэрийг түүний үр дагаврыг өөртөө хүлээгчид (шийдвэрт өртөгсөд) цөөнгүй тохиолдол эсэргүүцэж, энэ нь захиргаа, түүний шийдвэрийг хүлээн авагч иргэний хооронд тухайн шийдвэрийн хууль зүйн үндэслэлийн талаар маргаан гарах үндэслэл болдог.
Захиргааны хэргийн шүүх нь иргэн, хуулийн этгээдээс нийтийн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанд холбогдуулан гаргасан маргааныг хянан шийдвэрлэж, тухайн захиргааны шийдвэр, үйл ажиллагаа, эс үйлдэхүйд иргэн, хуулийн этгээдээс хуульд заасан журмын дагуу гаргасан гомдол, нэхэмжлэлд үндэслэн захиргааны хэрэг үүсгэн тэдгээрийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчигдсөн эсэхийг тогтоож, хэрэв зөрчигдсөн нь тогтоогдвол эрхийг нь сэргээж захиргааны албан тушаалтан, захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааг таслан зогсоох тэргүүн зэргийн чиг үүрэгтэй энэ төрлийн хэрэг, маргааныг дагнан шийдвэрлэх шүүх байдаг.
Захиргааны хэргийн шүүхүүд 2005 оны эхний хагас жилд 411 нэхэмжлэл, өргөдөл хүлээн авч, 37.2 хувь буюу 153 нэхэмжлэлийг Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэлээр харъяаллын дагуу зохих байгууллагад шилжүүлэх буюу захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг хангуулахаар нэхэмжлэгчид нь буцааж, харин нийт нэхэмжлэлийн 49.4 хувь буюу 203 нэхэмжлэлд захиргааны хэрэг үүсгэн, шалгаж шийдвэрлэжээ.
Шийдвэрлэсэн захиргааны хэргийг эрх зүйн төрлөөр авч үзвэл: Монгол улсын Их Хурлын сонгуулийн хуулиар 1, Аймаг, нийслэл, сум дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн хуулиар 43, Төрийн албаны тухай хуулиар 30, Төрийн хяналт шалгалтын тухай хуулиар 3, Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар 5, Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулиар 3, Газрын тухай хуулиар 27, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулиар 4, Ашигт малтмалын тухай хуулиар 7, Татварын багц хуулиар 14 хэрэг шийдвэрлэжээ. Эдгээр 137 хэрэг нь нийт шийдвэрлэсэн захиргааны хэргийн 67.5 хувийг эзэлж байна .
Улсын Дээд шүүх, Дэлхийн банкны “Шүүх, эрх зүйн шинэчлэлт” төслөөс хамтран (олон нийтэд зориулан хэвлэн) гаргаж байгаа “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэр” эмхтгэл нь захиргааны хэргийн шүүхээр шийдвэрлэгдэж байгаа хэргүүдийн талаар дэлгэрэнгүй мэдээл авах боломжийг сонирхогч хүн бүрт олгож байгаа нь шүүхийн үйл ажиллагааг олон нийтэд хүртээмжтэй, нээлттэй болгох болон иргэдийн эрх зүйн мэдлэгт тустай алхам болсон юм.
Эрүү, иргэний хэргийн шүүхээс онцлогтой нь Захиргааны хэргийн шүүх-өөрөө хэргийг шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулах, захиргааны актын хууль зүйн үндэслэлийг нотлох үүрэгтэй байдаг. Энэ нь иргэдийн төрийн захиргааны байгууллага, албан тушаалтнаас шаардлагатай нотлох баримтыг гаргаж авах гэж цаг хугацаа алдах, үүнээс эрх нь улам даамжран зөрчигдөхөөс сэргийлсэн нөхцөл гэж ойлгож болно. Мөн шүүх энэ нотлох үүргээ хэрэгжүүлэхийн тулд хуулиар тогтоосон ердийн шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хэрэглэгддэггүй “мөрдөн шалгах” зарчмыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаандаа баримтлах эрхтэй байдаг. Эдгээр нь нотлох баримтыг захиргаанаас шаардан гаргуулах, газар дээр нь үзлэг хийх зэрэг хэлбэрээр хэрэгждэг.
Захиргааны хэргийн шүүх “маргаан бүхий” захиргааны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх эрхтэй байгаа нь хүний эрхийг захиргааны хууль бус үйл ажиллагаанаас шуурхай, цаг алдалгүй хамгаалах боломжийг бий болгосон нийгмийн амьдралд нийцсэн, оновчтой хууль зүйн зохицуулалт болсон юм. Тиймээс шүүх нэхэмжлэлд үндэслэн захиргааны хэрэг үүсгэсэн тохиолдолд нэн даруй тухайн “маргаан бүхий” захиргааны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх ёстой.
Гэвч хуульд тусгайлан заасан зарим тохиолдолд шүүхэд хянагдаж буй захиргааны шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлэх эрхгүй байдаг. Жишээ нь: Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамнаас батлан гаргасан Ерөнхий боловсролын сургуулиудын сургалтад ашиглах “сурах бичгийг зохиох, хэвлэх, түгээх” журмын хэрэгжилтийг хэдийгээр шүүх энэ журам хууль зүйн үндэслэлтэй эсэхийг шийдвэрлэхээр хэрэг үүсгэн шалгаж байгаа боловч зогсоох, түдгэлзүүлэх эрхгүй. Учир нь Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд “хэм хэмжээ тогтоосон захиргааны шийдвэр (дүрэм, журам гэх мэт)” –ийн биелэлтийг шүүх зөвхөн тухайн салбарын хуульд түдгэлзүүлж болохоор зохицуулсан нөхцөлд түдгэлзүүлэх, түүнээс бусад тохиолдолд түдгэлзүүлэх эрхгүй хэмээн заасан байдаг.
Захиргааны хэрэгт өнгөц харвал иргэн - захиргааны байгууллага гэсэн хоёр маргагч талууд байдаг боловч ихэнх хэрэгт “гуравдагч этгээд” оролцдог. Шүүхээс хоёр талын маргааныг хянаад гаргах шийдвэр нь өөр бусад (гуравдагч) этгээдийн эрх ашгийг хөндөж болзошгүй тохиолдолд шүүх санаачлагаараа эсвэл тухайн этгээдийн хүсэлтээр хэргийг шийдвэрлэх ажиллагаанд “гуравдагч этгээд” -ээр татан оролцуулдаг. Ингэснээр “гуравдагч этгээд” нь тухайн хэргийг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцох, өөрийн эрх, ашиг сонирхлыг хамгаалах, нотлох баримт гаргах гэх мэт эрхийг эдлэх боломжтой хэргийн оролцогч болдог.
Ялангуяа газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх олгосон Засаг даргын шийдвэр, ашигт малтмалын хайгуул хийх эсхүл ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл олгосон Ашигт малтмал асуудал эрхэлсэн агентлагын эрх бүхий албан тушаалтны шийдвэр, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны гүйцэтгэгчийг сонгон шалгаруулсан Тендерийн хорооны шийдвэр зэргийг хүчингүй болгох шаардлага бүхий захиргааны хэрэгт гуравдагч этгээд буюу дээрх шийдвэрүүдээр тухайн эрхийг авсан этгээд зайлшгүй оролцох шаардлагатай.
Захиргааны хэргийн шүүхэд хандахаас өмнө иргэн, хуулийн этгээд (нэхэмжлэгч) –эд тавигддаг хамгийн гол шаардлага бол гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлсэн байх явдал юм. Тухайн хууль бус шийдвэр, үйл ажиллагааг гаргасан захиргааны байгууллага, албан тушаалтныг шууд харьяалдаг дээд шатны байгууллага, албан тушаалтанд хандаж Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг хангасан гомдол гаргах ёстой. Дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтныг тодорхойлоход хүндрэлтэй байвал тухайн албан тушаалтныг томилж, чөлөөлдөг, эсхүл шийдвэрийг хүчингүй болгох эрхтэй байх шинжийг голлон анхаарах нь зүйтэй байдаг.
Хэрэв шууд харьяалах дээд шатны байгууллага, албан тушаалтан байхгүй тохиолдолд “гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх” шаардлага тавигдахгүй, шууд захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй. Мөн (1)дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтнаас гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэснийг эс зөвшөөрсөн, (2)дээд шатныхаа захиргааны байгууллага, албан тушаалтны гаргасан шийдвэрийг биелүүлээгүй, (3)шууд харьяалах дээд шатны захиргааны байгууллага, албан тушаалтанд гаргасан гомдлыг 30 хоногийн хугацаанд хянан шийдвэрлээгүй зэрэг тохиолдлуудад Захиргааны хэргийн шүүхэд хандан нэхэмжлэл гаргах эрх нээгдэх хууль зүйн нөхцөл бүрдэнэ.
Шүүхэд нэхэмжлэл гаргахад тавигдах дээрх гол шаардлагыг биелүүлээгүйгээс жишээ нь: Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх 2004 онд нийт 160 нэхэмжлэл хүлээн авснаас 84 нэхэмжлэлийг, 2005 оны 10 -р сарын 01 -ний байдлаар нийт 214 нэхэмжлэл хүлээн авснаас 56 нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсан байна.
Гэтэл тус шүүхийн 2004 оны хүлээн авахаас татгалзсан нийт 84 нэхэмжлэлийн 41, 2005 оны нийт 56 нэхэмжлэлийн 24 нь тус бүр гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэх шаардлагыг биелүүлээгүйгээс буцаасан байна.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль өөрөө үндсэн хоёр хэсгээс бүрддэг, эхнийх нь захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэх, нөгөө нь иргэдийн гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх ажиллагаа гэсэн хоёр хэсгээс тогтдог. Захиргааны хувьд хуулиар олгогдсон энэ чухал боломжийг бүрэн дүүрэн ашиглах явдал өнөөгийн байдлаар их дутагдалтай байна.
Гомдлыг захиргааны журмаар урьдчилан шийдвэрлэх журам нь захиргааны байгууллага тухайн маргаантай асуудлыг дотооддоо шийдвэрлэх боломжийг захиргаанд олгосон юм. Харамсалтай нь энэ журмыг ашиглахгүй, доод шатны захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэрт гарсан гомдлыг хуульд заасан журмын дагуу хянаж шийдвэрлэдэггүйгээр барахгүй, гомдлыг тухайн албан тушаалтанд өөрт нь шийдвэрлүүлэхээр шилжүүлэх явдал их байна. Үүнийг нэгдүгээрт захиргааны хэргийн шүүх нь нэхэмжлэл гаргаж буй иргэн, хуулийн этгээдүүдээс гомдлоо захиргааны журмаар урьдчилан шийдвэрлүүлэхийг шаардах, хоёрдугаарт захиргааны байгууллага (дээд шатны) нь уг гомдлыг зохих журмын дагуу өөрөө хянаж шийдвэрлэдэг болох замаар маргааныг “хялбар, үр нөлөөтэй” шийдвэрлэх арга хэрэгсэл болгох боломжтой.
Хэдийгээр Захиргааны хэргийн шүүхийн тэргүүн зэргийн чиг үүрэг нь захиргааны болзошгүй “дур зоргийн” үйл ажиллагаанаас иргэдийн эрх ашиг сонирхлыг хамгаалах явдал мөн боловч нөгөө талдаа нийтийг удирдан чиглүүлэх, зохион байгуулах, нийтийн ашиг сонирхлыг илэрхийлсэн шийдвэр гаргах зорилгоор байгуулагдсан захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр үйл ажиллагааг баталгаажуулах, иргэдийн хуулиас хальсан “хязгааргүй эрх чөлөө” –нөөс хамгаалах тохиолдол байдаг.
Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар иргэн, хуулийн этгээд (1)зөвхөн өөрийнх нь субъектив эрх тухайн захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр, үйл ажиллагаанаас шууд шалтгаалан зөрчигдсөн гэж үзвэл тэр зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр захиргааны хэргийн шүүхэд хандах (2)иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн гэж үзэж байгаа эрх, ашиг сонирхол нь заавал хуулиар тэдгээрт олгогдсон байхыг шаарддаг.
Өөрөөр хэлбэл хуулиар олгогдоогүй эрх ашиг сонирхлыг сэргээлгэхээр шүүхэд хандах боломжгүй. Мөн түүнчлэн огт үндэслэлгүй асуудалд маргаан үүсгэж, захиргааны байгууллагын үйл ажиллагааг тасалдуулахгүй байхын эсрэг нэхэмжлэгчийн хариуцлагын нөхцөл болгон улсын тэмдэгтийн хураамж, нөхөн төлүүлэх шүүхийн зардал гэх мэт хэлбэрүүдийг хуулиар тогтоосон байдаг.
Иргэд тэдэнд хуулиар олгогдсон эрх, хамгаалагдсан ашиг сонирхлыг нь зөрчсөн гэх үндэслэл байвал Захиргааны хэргийн шүүхэд хандах эрхтэй, хэрэв энэ нь тогтоогдвол захиргааны шүүн таслах ажиллагааны үр дүнд (заримдаа захиргаа дотроо урьдчилан шийдвэрлэх ажиллагааны үр дүнд) тэр эрх, ашиг сонирхол нь хамгаалагдан сэргээгдэх ёстой.
Харин нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй бол захиргааны шийдвэр, үйл ажиллагаа хууль ёсны гэдэг нь шүүхийн шийдвэрээр давхар баталгаажиж энэ утгаараа захиргааны байгууллагын хууль ёсны шийдвэр үйл ажиллагаа –ны хууль зүйн хүчин төгөлдөр байдлыг улам бататгах юм.
Дагнасан шүүх байгуулагдсанаас хойшхи энэ богино хугацаанд зарим нэг захиргааны байгууллага, албан тушаалтнуудын шийдвэр, үйл ажиллагааг энэ шүүхээр хянуулахгүй байх, хяналтаас нь гаргах алхам хууль тогтоох замаар хийгдсэн , мөн “энэ шүүхийн хянаж байгаа хэргийг урьд ердийн шүүх хянаад болоод байсан, ер нь илүү зардал гарган ийм шүүх байх зайлшгүй шаардлагатай эсэх” тухай санал, яриа улс төр, нийгэм, хууль зүйн салбарын хүрээнд гарч байгаа нь манай улс Хүний болон иргэний эрхийг шүүхээр хамгаалах асуудалд нэгэнт хүрсэн дэвшилтэд үр дүнгээс алхам алхамаар ухрах ... хандлага биш биз.
Захиргааны хэргийн шүүхээр дамжуулан иргэдийн эрхийг хамгаалах, хангах энэ ажил хүний эрх, хууль зүйн салбарын мэргэжилтнүүдийн олон жилийн хөдөлмөрийн үр дүн, түүний дээр ард олны өргөн дэмжлэгтэйгээр бодитой болсон бөгөөд захиргаа хязгааргүй эрх мэдэлтэй байж, шийдвэр үйл ажиллагаагаа (иргэдийн гомдлоор) шүүхийн журмаар хянуулахгүй байх нь лав л ард олны хүсэл эрмэлзлэл биш. Мөн түүнчлэн энэхүү дагнасан шүүхийн үйл ажиллагааг хүчгүйдүүлэх замаар нийтийн захиргааны үйл ажиллагаанд иргэдээс гаргах зүй ёсны гомдлыг шударгаар шийдвэрлэх дагнасан шүүхгүй болгох нь мөн л иргэдийн сонирхол биш юм.
Нөгөөтэйгүүр нийтийн засаглалын байгууллага, түүний албан тушаалтнууд үнэхээр хууль зүйн дагуу үйл ажиллагаа явуулсан бол дагнасан шүүхээр хянуулахад эмзэглэх, бултах шаардлага байхгүй. Хүний эрхийг хангах талаасаа: Захиргааны хэргийн шүүх байгуулагдаж ажилласнаар “хүний эрхийг хангах хууль зүйн баталгаа өргөжиж улмаар хамгаалах шинэ бөгөөд хүчтэй механизмтай болсон, нийтийн захиргааны хүрээнд гарсаар буй авилга, хүнд суртал чирэгдлийг хязгаарлан багасгаж, тэдгээр сөрөг үзэгдэлтэй тэмцэх шинэ арга хэрэглүүр бий болсон” зэрэг түгээмэл ач холбогдолтой юм.
________________
Шүүгч Ц.Цогт
Нийслэлийн Захиргааны хэргийн шүүх
2006.02.16
“Хүниий эрх” сэтгүүлийн 2007/3 –д

уншигдсан.

. Сэтгэгдэл бичих


Сэтгэгдлүүд

2013-1-26 - Захиргаа

Бичсэн: Зочин

Захиргааны шүүгч нар хэргийг шийдэж чадахгүй бөөрөнгхийлөхөө боль

. Шууд холбоос

2013-1-26 - Шүлэг

Бичсэн: Зочин

Сайхан шүлэг бичсэн хүнд баяр хүргье
Доржготов ахыг орулахгүй
Төр засаг сайн бодох хэрэгтэй
Зориг даргааа

. Шууд холбоос

2013-1-26 - эргэн дурсья

Бичсэн: Зочин

НАЙЗАА ДУРССАН СЭТГЭЛ
Найр наадам баяр цэнгэлд байнга хамт
Налайгаад л инээж суудаг найз минь чи
Нам улс төр наадах цаадахаа ярилцаад
Найз нартайгаа хамт ярьж л суухгүй энд алга
Ажил ажил хурал хуй гэсээр яваад
Алд биеэ гаргуунд нь хаяж
Адаг сүүлд аюулт өвчнөөр
Азгүй биднийгээ орхиод энд алга...
Яасан эрт эргэж ирэхгүй хол явав
Яалт ч үгүй тэд төрийн өмнө
Яах ч аргагүй төмөр нүүр гаргаж
Ямагт тэд үнэнч байж өөрийгөө зовсоон
Үгүй чи жаргаж явсан шүү найз минь
Үнэн худал дэнсийг хайн өдөр шөнөгүй уншиж
Үүрэгт ажлаа үнэн сэтгэлээсээ сайн хийсэн
Үдийн хойно үг хэлж, ёо ч гэлгүй үүрд яваад өгсөн
Гэгээлэг өөдрөг сайхан сэтгэлт чи минь
Гэмгүй бас тусч, хөгжилтэй зантай
Гэрэлт нийгэм чамаар минь дутаж
Гэмшиж бид харамсаж хоцорлоо
Хууль ном ярьсаар яваад л
Хуурамч нийгмийг засах гэж зовоод
Хуйхаа маажиж хараал тавиад
Хамаг сүүлдээ тэгээд үхэж амарсан юм уу
Олон сайхан найзтай явсан чи
Одоо харин тэдний зарим нь
Ор тас мартсан бол яанаа
Орон тоо гарлаа гэж баярласан бол яана
Уй гашуудал болж тэд нэг бужигнаад
Ум хамгүй л тараад завгүй
Уйтгар гуниг дунд бид цөөхүүлээ
Үйлээ үүрээд л хоцорлоо доо
Шудрага үнэний эрэлд хатаж
Шүүн таслах ажилд сэтгэл нь гэмшиж
Шийдвэр нэгэнт гарсан гээд л
Шаймын инээж суудагсан найз минь
Өөрийн чинь орон зай бидэн дунд
Өм цөм хоосон онгойгоод нэг л эвгүй
Өр зүрхэнд минь бөөн харуусал
Өмөлзөх сэтгэлдээ дотогшоо гэмшинэ
Сүхбаатарын талбайгаа нар зөв тойроод одлоо
Санаанд нэг л тодхон инээгээд үлдлээ
Салахгүй гээд болдоггүй энэхэн хорвоод
Саатаж нэг хэсэгхэн ч удахгүй яав даа найз минь

Дотно сайхан явсан найз чинийхээ араас
Доголон нулмистай бид гэмшээд үлдлээ
Даанч хүнд ажлын ачаалалд сэтгэл нь сэмрэн
Доромжилсон харцанд нь дордож гудайгаагүй шүү
Хууль хамгаалж ган бат зогссон
Дээш нь шат ахиулах зориг дутсан
Тэд минь уулзаад юу гэж ярьдаг бол
Төрд бат зүтгэсэндээ хармасдаг бол уу
Цугтаа бид инээлдэж жаргаж явсан
Цуглаж бас хуралдаж суулаа
Цуутай хэрэгтнүүдийн чихийг зөөлөлсөн
Цагаан мөртэй хар нөмрөгтэй шүүгчид байсан
Нүдээн боон илд барьсан
Нээрээ та нар минь Памидаа юм даа
Арыг нь төр, бат даахгүй бол
Амьдрал даан ч богино юм
Хоёр хүний нэг нь гомдож гардаг
Хуйвалдаан дандаа байдаг гэж
Хардаж дандаа хэл ам дагуулдаг
Хурмастаас тэд одоо харж суугаа
Адуунд дуртай явсан миний найз
Азрага адуу чинь өсөж байгаа
Аглаг ууландаа бэлчиж байгаа
Амьдрал хэмээрээ үргэлжилж байна...

Чинос овгийн Даш-Очирын Агваан
Гачуурт хар усан тохой.
2012 оны 12 дугаар сар 17-ны 24:44


. Шууд холбоос

2011-3-25 -

Бичсэн: Номин (зочин)

захиргааны хэргийн шүүх бизнесийн эрх зүйн харилцаанд бизнес эрхлэгчдэд ямар ач холбогдолтой вэ?

. Шууд холбоос

2008-8-24 -

Бичсэн: Tsogt (зочин)

Уучлаарай. шуухээр шийдвэрлэгдэх гэж буй тодорхой маргаанд зоволгоо огохийг хуулиар /шуугчид/ хориглосон байдаг юм.

. Шууд холбоос

2008-8-24 -

Бичсэн: Tsogt (зочин)

харамсалтай н шуухээр шийдвэрлэгдэх гэж буй тодорхой маргаанд зоволгоо огохийг хуулиар /шуугчид/ хориглосон байдаг юм.

. Шууд холбоос

2008-8-22 -

Бичсэн: Ариунаа

Надад өмчлөх газрын орц, гарцны маргаантай асуудал үүсээд жил гаран болж байна. Шат шатны байгууллагат хандсан ч шйидэж өгөхгүй байгаа тул ЗХШүүхэд хандах бодолтой байна.

Гэхдээ энэ салбарын мэдлэг тун хомс тул холбогдох хуулийг уншиж судлах ч хэрхэн тайлбарлах аргаа олохгүй юм.

Боломжтой бол надад зөвлөгөө өгч болох уу.

. Шууд холбоос

2008-2-27 - йн үндсэн дээр хэрэгжүүлэгч сувьектүүд хамрагдах боломжтой.

Бичсэн: Цэндийн Цогт

гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага нь "нийтийн захиргаа" гэдгээс арай явцуу хүрээгээр тодорхойлогдох болов уу. Нийтийн Захиргаа нь гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагаас гадна олон нийтийн удирдан чиглүүлэх, зохион байгуулах, захирамжлах чиг үүргийг хуулиар эсхүл нитийн эрх зүйн гэрээгээр олгогдсон эрхийн үндсэн дээр хэрэгжүүлэгч сувьектүүд хамрагдах боломжтой.

. Шууд холбоос

2008-2-26 -

Бичсэн: Çî÷èí

Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага болон “нийтийн захиргаа” хоорондын хамааралыг та юу гэж тайлбарлах бэ?

. Шууд холбоос

2008-2-26 - энэ бүхнийг "эрх зүйн" хувьд хянах эрх Захиргааны хэргийн шүүхэд байхгүй. Хальт орж ирсэн санаа нэг ийм л байна даа. саналаа бичсэнд та

Бичсэн: Цэндийн Цогт

Гүйцэтгэх эрх мэдлийн бүхий л үйл ажиллагаанд Захиргааны хэргийн шүүх "эрх зүйн" хяналт тавина гэвэл илэрхий өрөөсгөл ойлголт болох нь дамжиггүй. Учир нь Засгийн газраар толгойлуулсан Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагууд нь дан ганц "захирах" чиг үүрэг хэрэгжүүлдэггүй бөгөөд зарим тохиолдолд Улс төрийн буюу бодлогын шинж чанартай шийдвэр гаргана. Мөн олон улсын шинж чанартай үйл ажиллагаа явуулна. энэ бүхнийг "эрх зүйн" хувьд хянах эрх Захиргааны хэргийн шүүхэд байхгүй. Хальт орж ирсэн санаа нэг ийм л байна даа. саналаа бичсэнд тань талархлаа.

. Шууд холбоос

2008-2-25 - Нийтийн захиргаанa үйл ажиллагаа ба хүний эрх

Бичсэн: Зочин

“Төр гэдэгт шууд утгаар нь гүйцэтгэх эрх мэдлийг хэрэгжүүлэгч - засгийн газар түүний харьяа захиргааны байгууллагуудыг хамруулдаг” гэдгийг сайн ойлгосонгүй…

Монгол улсын эрх зүйн тогтолцоонд шинэ Ардчилсан Үндсэн хууль батлагдсанаас хойшх ололттой зүйлсийн нэг бол Захиргааны хэргийн шүүхийг байгуулж, үйл ажиллагаагаа явуулж байгаа явдал юм. Захиргааны хэргийн шүүх бол Монгол улсын шүүхийн тогтолцоонд хамгийн ардчилсан, шинэлэг үзэл санааг агуулсан хамгийн “гоё” шүүх байх ёстой, тийм ч гэж бодож байгаа.

Захиргааны хэргийн шүүх Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад бүхэд нь хяналтаа хэрэгжүүлэх үү, эсхүл захиргааны эрх зүйн ойлголт болох нийтийн захиргааны үйл ажиллагаанд хяналт тавих уу гэсэн асуудал зүй ёсоор гарч байна. Одоогийн хүчин төгөлдөр үйлчилж буй Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар бол гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагад Захиргааны хэргийн шүүх бүрэн хяналтаа тавих боломжгүй байгаа, энэ хэр зүйтэй асуудал бэ? Эсхүл захиргааны хэргийн шүүх Гүйцэтгэх эрх мэдлийн байгууллагыг бүхэлд нь хянах ёсгүй юм болов уу?

Эндээс бид ямар зүйл маргаангүй бэ гэхээр Захиргааны хэргийн шүүхий хариуцагч бол ямар ч байсан Нийтийн захиргаа гэдэгт хэн ч маргахгүй… эсхүл нийтийн захиргааны шинжийг агуулсан этгээд…

Тийм учираас бид нийтийн захиргааны талаар нэгдмэл нэг ойлголттой болох хэрэгтэй..

Энэ талаар таны санал?

. Шууд холбоос

2008-1-25 -

Бичсэн: amendu (зочин)

Shuuh maani baiguulagdaad darui 4 jil boljee, unuudriin undurluguus harval Zahirgaanii hergiin shuuh humuusiin setgehuid uuriin gesen oron zaitai bolj hunii erhiig zahirgaanii huuli bus uildlees hamgaalahad bolon zahirgaanii zuv uildliig demjuhed boditoigoor uilchilj chadaj bgaa hamgiin shineleg shuuh yum. Yalanguya Niisleliin Zahirgaanii hergiin shuuhiinhen mash tsoglog zaluuchuudtai, ta buhend amjilt husye

. Шууд холбоос

2008-1-25 -

Бичсэн: Зочин

Shuuh maani baiguulagdaad darui 4 jil boljee, unuudriin undurluguus harval Zahirgaanii hergiin shuuh humuusiin setgehuid uuriin gesen oron zaitai bolj hunii erhiig zahirgaanii huuli bus uildlees hamgaalahad bolon zahirgaanii zuv uildliig demjuhed boditoigoor uilchilj chadaj bgaa hamgiin shineleg shuuh yum. Yalanguya Niisleliin Zahirgaanii hergiin shuuhiinhen mash tsoglog zaluuchuudtai, ta buhend amjilt husye

. Шууд холбоос


idiomatic-dormant