Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Шүүгчийн эрх зүйн байдлыг хамгаалах, одоо үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

эх сурвалж Монголын Хуульчдын холбооны цахим хуудас 

 

-Шүүгчдийн хорооны тэргүүнээр таны ажиллах хугацаа дуусч байгаа юм байна. Танайх сайн дурын хороод дундаа нэлээд идэвхтэй үйл ажиллагаа явуулдаг шүү дээ. Энэ хугацаанд ямар бодлого, чиглэлийг баримталж ажилласан бэ?

-Шүүгчдийн хороо нь Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуульд нэрлэгдэж заагдснаас гадна тодорхой бүрэн эрхүүдийг зөвхөн энэ хороонд олгосон. Сайн дурын хороо гэдэг нэртэй боловч хуулиар тодорхой эрхүүд оногдсон, нөгөө талаар Хуульчдын холбооны дүрмээр шүүгч нарын заавал гишүүнчлэлтэй байхаар заасан онцлог хороо. Одоо болтол хүчин төгөлдөр мөрдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгч нар Хуульчдын холбооны гишүүн байхаар зааснаас гадна Хуульчдын холбооны удирдах дээд байгууллага болох Зөвлөл, эсвэл Хуульчдын холбооны үндсэн үйл ажиллагааг авч явах ёстой чиг үүргийн хороодод гишүүнээр томилогдон ажиллах боломжтой. Зөвлөл, чиг үүргийн хороод, Хуульчдын холбооны Хяналтын зөвлөлд томилогдон ажиллаж байгаа шүүгч гишүүдийн нэрийг дэвшүүлэх ажиллагааг явуулах гол үүргийг Шүүгчдийн хороо гүйцэтгэж байгаа. Нөгөө талаасаа шүүгчид Хуульчдын холбооны сайн дурын хороодод олноороо ажиллаж байна. Шүүгчид Хуульчдын холбооны бүтцийн байгууллагад олноороо сонгогдож, тодорхой байдлаар нэлээд үүрэг гүйцэтгэдэг гэж би ойлгодог. Тодруулбал, мэргэжлийн хариуцлагын хороонд 9 шүүгч ажиллаж байгаа. Эдгээр шүүгч нь хуульчийн ёс зүй, мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой гаргасан гомдлыг шийдвэрлэхэд чухал үүрэг гүйцэтгэж оролцдог. Тэгэхээр бидний хувьд ажлынхаа хажуугаар Хуульчдын холбооны шүүгч нарт хамааралтай үйл ажиллагаанд  оролцож, холбооноос шүүгчид рүү чиглэсэн, эсвэл шүүгчдээс Холбоонд хандсан харилцааны гол зохицуулагч болж байгаа бөгөөд үүнийг авч явах ёстой байгууллага гэдэг утгаараа Шүүгчдийн хороо өнгөрсөн хугацаанд нэлээд идэвхтэй ажиллах гэж оролдлоо.

-Зарим хорооны гишүүд идэвхгүй, оролцоо муутай байна гэх шүүмжлэл байдаг. Танай хорооны хувьд?

-2013 оны 11 дүгээр сард Шүүгчдийн хороо байгууллагдахад бий болсон Удирдах зөвлөл одоо хүртэл ажиллаж байгаа. Тухайн үед Удирдах зөвлөлд сонгогдсон хүмүүс өөрсдөө нэрээ дэвшүүлсэн. Хэн нэгэн хүн өмнөөс нь дэвшүүлээгүй. Бид сонгуульт ажил гэдэг зүйл дээр үүнийг заавал бодож байх ёстой болов уу. Яагаад үүнийг хэлж байна вэ гэхээр зарим тохиолдолд шүүгчдийн оролцоо хангалттай биш байдаг л даа. Ялангуяа өөрсдөө нэрээ дэвшүүлээд томилогдсон хүмүүсийн тухайд би нэлээн шүүмжлэлтэй ханддаг. Хүн өмнөөс нь томилчихсон бол өөр хэрэг шүү дээ. Гэхдээ манай удирдах зөвлөлд идэвхтэй сайн ажилладаг гишүүд олон. Шүүгчдийн өмнөөс сонгогдсон гэдэг үүрэг хариуцлагаа өндөр ухамсарлаж ажилладаг хүмүүс бий.  Жишээлбэл, Батцэрэн, Эрдэнэсувд, Даваадорж, Өсөхбаяр, Оч гэх мэтчилэн манай удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь идэвхтэй ажилласан. Нэмж хэлэхэд, чиг үүргийн хороо, сайн дурын хороодод томилогдож ажиллаж байгаа хуульчид нэлээн үүрэг, хариуцлагатай ажиллах ёстой. Дан ганцхан Хуульчдын холбооны дотоод чиг үүргийн хороонд ажиллаж байгаа хүмүүс ч биш. Хуулиар Хуульчдын холбоонд тодорхой үйл ажиллагаанд оролцооны эрх үүрэг өгчихсөн байгаа шүү дээ. Жишээлбэл, Шүүхийн мэргэшлийн хорооны гишүүнийг томилох ажиллагаанд нэр дэвшүүлэх, эсвэл шүүгчээр томилогдох гэж байгаа хүмүүст дүгнэлт гаргадаг. Хуулиар Хуульчдын холбоо гээд энэ байгууллагад хуулиар тодорхой шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцооны эрх олгогдсон байхад тэрийг нь байхгүй юм шиг, хараагүй юм шиг хандаж байгаа өөр бусад байгууллагууд үүнийг ойлгох ёстой. Зүгээр хууль хийчихээгүй шүү дээ. Хуульчдын байгууллагын оролцоог оруулж ирж байна гэдэг чинь тэрийг харгалзаж үз гэсэн үг шүү дээ. Гэтэл тийм эрх зүйн соёлгүй байдлаар хандсан тохиолдол гарсан.

-Танай хорооны өнгөрсөн жилүүдэд хийх гол ажлын нэг нь Шүүгчийн ёс дүрмийг батлах байсан.  Энэ дүрмийн хэрэгжилт ямар байна вэ?

-Шинээр байгуулагдсан учраас хуульд заасан тодорхой бүрэн эрхүүдийг хэрэгжүүлэх нэн шаардлагатай байсан. Тухайлбал, Шүүгчийн ёс зүйн дүрмийг Шүүгчдийн хорооноос шинээр баталж гаргах үүрэгтэй байсан учраас үүнд нэлээд ажил орсон. Бид Хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Ёс зүйн хороотой хамтарч Шүүгчийн ёс зүйн дүрмийг яавал орчин үеийн хандлагад нийцсэн, шүүгчийг хамгаалах байдлаар зохицуулах вэ гэж нэлээд ажилласан. Тухайлбал, ёс зүйн дүрэмд цахим сүлжээнд шүүгч биеэ хэрхэн авч явах ёстой вэ гэдэг талаар цоо шинэ зохицуулалт оруулж ирсэн. Ийм байдлаар Шүүгчийн ёс зүйн дүрэм батлагдсан. Тус дүрмийг 2014 оны гуравдугаар сарын 1-нээс Шүүхийн ёс зүйн хороо мөрдөж эхэлсэн.

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар нэг шинэ зохицуулалтыг бий болгосон нь Хуульчдын холбоо төлөөллөө Шүүхийн ерөнхий зөвлөлд илгээх байсан. Үүнд танай хороо гол үүрэг гүйцэтгэсэн байх?

-Шүүгчдийн хорооноос Шүүхийн ерөнхий зөвлөлд төлөөлөл болж ажиллах гишүүнийг санал болгосон. Энэ нь гурван үе шаттай явагдсан. Нэгдүгээрт, нэр дэвших үйл ажиллагааны зохион байгуулалтыг нь бид явуулж байгаа. Хоёрдугаарт, нэр дэвшсэн хүмүүсээс Шүүгчдийн хороо гурван хүнийг Хуульчдын холбооны ерөнхийлөгчид санал болгож байгаа. Гуравдугаарт, тэр гурван хүнээс Хуульчдын холбооны ерөнхийлөгч нэг хүнийг нь Монгол Улсын Ерөнхийлөгчид санал болгосноор Монголын Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлд төлөөлөл болон ажиллаж байгаа гишүүн томилогдсон. Энэ зохицуулалт бол их чухал зүйл гэж бий боддог. Яагаад гэвэл шүүхийн бие даасан байдлыг хангах, шүүгчдийг сонгон шалгаруулах гэдэг нь нийт хуульчид хууль журамд итгэлтэй байж, хэвийн үйл ажиллагаа явуулах суурь нөхцөлийг бүрдүүлнэ гэсэн үг. Хуульчид үндсэн ажлаа зөв зохистой хийж чаддаг байхын тулд шүүхийн бие даасан хараат бус байдал хангагдсан байх ёстой байдаг. Шүүхийн бие даасан хараат бус байдлыг хангах ёстой байгууллага нь Шүүхийн ерөнхий зөвлөл. Зөв хүмүүсийг хуульчид дотроос сонгож шүүгч болгох ёстой энэ байгууллагад Хуульчдын холбооны төлөөлөл байна гэдэг нь маш чухал. Нөгөө талаар холбооны төлөөллийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүнээр сонгож, томилох асуудлыг шууд нэг байгууллагад эсхүл албан тушаалтанд өгөөгүй нь цаанаа учиртай, олон шүүлтүүрээр орж, харилцан уялдаатай, хаанаас хэний төлөөлөл болж очиж байгааг нь хэнд ажлаа хариуцахыг ч тодорхойлж өгсөн зохицуулт юм шүү дээ уг нь.

-Энэ ажлын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?

-Харамсалтай нь дорвитой үр дүн харагдаагүй байсаар сонгогдсон хүн маань бараг хугацаа нь дуусах гэж байна. Бидний итгэж найдаж, хуулийн зорилгоор Хуульчдын холбооноос Шүүхийн ерөнхий зөвлөлд төлөөлөл болж байгаа хүн бол Хуульчдын холбоотой хамтарч ажиллаж, хуульчдын эрх ашгийг хамгаалах ёстой. Өөрөөр хэлбэл, Бурууд хатуу, зөвд зөөлөн байх ёстой. Түүнээс ерөөсөө тодорхойгүй нөхцөлд байдалд байх ёсгүй. Хойшдоо залруулагдана гэж бодож байна. Ер нь бол анхны сонголтыг хэн хийж байгаа билээ гэдгийг сайн бодолцох ёстой, шүүгч нар хийж байгаа. Өнөөдөр хүчинтэй хуулиар эцсийн шийдвэр буюу гишүүнээр томилох нь Ерөнхийлөгчид байгаа нь санал болгож буй байгууллага, хүмүүсийн сонголтыг тодорхойгүй нөхцөлд хүргэх зохицуулалт юм. Энэ бол анхны удаа, мөн хуульд бүрэн дүүрэн зохицуулалт байхгүй нөхцөлд байдлаас болоод одоохондоо сайн үр дүн гарч чадаагүй байх гэж үзэж байгаа. Тухайлбал, Шүүхийн ерөнхий зөвлөлд биднийг төлөөлж байгаа энэ хүнээс бид тайлан мэдээлэл авдаг, юу хийж байна, яах гэж байна вэ гэж харилцдаг байх ёстой байна л даа. Бид хуулиар нэгэнт төлөөлөл болгоод явуулж байгаа юм чинь тийм байх ёстой гэж ойлгож байсан. Гэтэл тэрийг арай өөрөөр ойлгож, тайлан мэдээ өгөх, хийсэн ажлаа тайлагнах шаардлагагүй гэж үзэх зэрэг нөхцөлд байдал байгаа. Тиймээс үүнийг илүү тодорхой болгож зааж өгөх, хаанаас хэний төлөөлөл болж томилогдсон бэ гэдгээ ойлгодог болгох шаардлагатай гэж бодож байна.

-Саяхан танай хороонд Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөс ШЕЗ-д төлөөлж байгаа гишүүнийг эргүүлэн татах асуудлаар албан бичиг хүргүүлсэн. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэсэн бэ?

-Хуульчдын холбооны ерөнхийлөгчөөс санал ирүүлсэн. Энэ асуудлыг удирдах зөвлөлөөр хэлэлцэнэ.

-Шүүгч, шүүхийн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой эрх зүйн актуудыг боловсронгуй болгоход танай хорооноос нэлээд оролцоотой ажилладаг. Тухайлбал, Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журмыг батлахтай холбоотойгоор тодорхой санал хүргүүлсэн гэсэн?

-Шүүгчийн мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журмыг Шүүхийн ерөнхий зөвлөл Шүүхийн мэргэжлийн хороотой хамтарч батална гэсэн зохицуулалт Шүүхийн багц хуулинд байсан. Нөгөө талдаа мэргэжлийн үйл ажиллагааны түвшингээс шалтгаалаад шүүгчийг томилох, тухайн ажил албан тушаалаас нь огцруулах асуудлыг ШЕЗ-ийн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн зохицуулалт байсан. Энэ бол их эмзэг асуудал. Яагаад гэхээр нэг талаас шүүгчид мэргэжлийн үйл ажиллагаагаа байнга дээшлүүлж, шинээр гарч байгаа хууль тогтоомж, эрх зүйн зохицуулалтад нийцэж явах ёстой. Үүнийг би 100 хувь дэмждэг.  Түүнээс биш томилогдчихоод шавар бурхан шиг яаж ч болдоггүй, сургалтад ч суухгүй, одоо намайг хэн яах юм гэсэн янзтай байж болохгүй. Тийм учраас мэдээж шүүгчдэд үргэлжилсэн сургалтад хамрагдах, шинэ гарч байгаа хууль тогтоомж, шинэ эрх зүйн үзэгдэл, онол номын зөрчилтэй асуудлыг судлах шаардлага тавих ёстой. Нөгөө талаас мэргэжлийн үйл ажиллагааг нь тодорхой хэмжээнд үнэлж дүгнэдэг байх ёстой. Харин мэргэжлийн үйл ажиллагааг нь үнэлж, дүгнэх ажлыг хэн, ямар шалгуураар хийх вэ гэдэг нь чухал. Одоо цаг үед нийгэм, төрийн байгууллагуудын харилцааны харилцан тэнцвэртэй, хяналттай байх нөхцөл бүрдээгүй, ажиллахгүй  байна. Иймд үед бид шүүгчийн ажлын үр дүнг үнэлэх, уг үнэлгээг шүүгчийн эрх зүйн байдлыг хөндөх үндэслэл болгох асуудалд болгоомжтой хандахгүй бол болохгүй. Журамд зохицуулалтын тодорхойгүй, субьектив хандлага орж болох нөхцөл байдал дээр дөрөөлөөд янз бүрийн үйл ажиллагаа хийгдэхийг үгүйсгэхгүй. Шүүгч гэдэг бол хэргийн оролцогчдын, түүнд хамааралтай, сонирхолтой этгээдүүдийн олон эрх ашгийн уулзвар, огтлолцол, зөрчилдөөнтэй асуудлаар хамгийн дээд эрх ашиг буюу хуулийн дагуу шийдвэр гаргах үүрэгтэй хүн. Шүүгч шударгаар ажиллаж, хуулийн дагуу шийдвэр гаргахын тулд бусад эрх мэдэлтэй, бяр нь амтагдчихаад байгаа хүмүүсээс хамгаалагдсан байх ёстой. Тэгэхийн тулд Мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журамд нэлээд анхаарал хандуулах ёстой байсан. Мэргэжлийн үйл ажиллагааны түвшинг тогтоох журмыг ШЕЗ, Шүүхийн мэргэшлийн хороотой хамтарч төсөл боловсруулаад хуулиараа Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч батлах ёстой. Улсын Дээд шүүхийн ерөнхий шүүгч рүү батлуулах гээд явуулах үед нь бид мэдсэн л дээ. Үүнийг мэдсэн дариудаа бид ШЕЗ-д хандаад журмын төслийг авсан. Тэгээд дүн шинжилгээ хийж, нийт шүүгчдэд танилцуулаад саналыг нь авч нэгтгээд, үүн дээрээ үндэслэн батлах эрх бүхий этгээдэд нэгэнт оччихсон байсан учраас Улсын Дээд шүүхийн шүүгчид санал хүргүүлсэн. Тус саналд “Хамгийн гол нь шүүгчид мэдлэг, мэргэшлээ үнэлүүлэхэд татгалзах зүйлгүй, үүнийг дэмжиж байгаа. Гэхдээ энэ нь зөвхөн шүүгч нарын асуудал биш шүү. Монгол Улсын хууль зүйн асуудал биеэ дааж явах уу, үгүй юу гэдэг асуудал болно. Тиймээс дүрэм, журмаа боловсруулахдаа шүүх, шүүгчийн хараат бус байдлыг хангах ёстой. Аль ч байгууллагаас гаргаж байгаа дүрэм, журам шүүгчийн эрх зүйн байдлыг дордуулж болохгүй гэсэн зарчмыг харгалзаж үзээрэй” гэдгийг тусгаад нэлээд үндэслэл бүхий саналыг хүргүүлсэн.

-Одоо хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулиар шүүгчид хоёр газар шалгагдахаар байгаа. Энэ нь шүүгч нарын хараат бус байдалд сөргөөр нөлөөлж болзошгүй байгаа шүү дээ?

-Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн нэг гол хөдөлгүүр нь Мэргэжлийн хариуцлагын хороо. Энэ хороо нь хуулиар хуульчдад өөрөө өөрсдийгөө цэвэрлэх хийх, ёс зүйн дүрмээ гаргаад, тэрэнд нийцэхгүй, эгнээндээ байж болохгүй, бусдынхаа, ажил мэргэжлийнхээ нэрийг сэвтээсэн хүмүүсээсээ салах боломжийг олгох ёстой байгаа юм. Гэхдээ Мэргэжлийн хариуцлагын хорооны харьяалан шийдвэрлэх хэрэг, бүтэц зохион байгуулалт зэргийг цаашид боловсронгуй болгох асуудал тулгамдаад байгаа. Одоо байгаа байдлаараа шүүгчид Мэргэжлийн хариуцлагын хороонд мэргэшил ур чадварынхаа асуудлаар шалгуулах, ёс зүйтэй холбоотой асуудлаар Шүүхийн ёс зүйн хороонд шалгуулах зохицуулалттай байгаа. Гэхдээ энэ хоёрын хороонд харьяаллын хувьд давхацсан, зарим тохиолдолд ялгаж салгах боломжгүй тохиолдол, зохицуулалт бий. УИХ-аас ажлын хэсэг гараад Хуульчийн эрх зүйн байдлын тухай хуулийн хэрэгжилтэд дүн шинжилгээ хийж байгаа. Тэрний үр дүнд энэ асуудал хөндөгдөх байх. Тэгээд зохих хэмжээгээр өөрчлөлт орох байх. Үүнийг нэг тийш болгож зохицуулах шаардлага байгаа. Манай шүүгчдийн хувьд Мэргэжлийн хариуцлагын хороотой холбоотой янз бүрийн үзэл бодол байна. Шүүгч нарыг хоёр газар шалгаж, нэг газар нь шалгаж дуусчихаад, нөгөө газар нь дахиад дууддаг, шалгадаг гэх мэтчилэн хүндрэлтэй асуудал гарч болзошгүй. Гэхдээ энэ нь хөндлөнгийн этгээдийн зүгээс гаргасан ёс зүй, мэргэшил ур чадвартай холбоотой гомдол, асуудлаа шийдүүлэхгүй гэж байгаа юм биш. Үүнийг зөрчилтэй биш байдлаар шийдвэрлэх нь зөв л гэж үзэж байгаа юм.

-Өнгөрсөн хугацаанд шүүгч нарын эрх зүйн байдлыг дордуулсан, хараат бус байдалд нь сөргөөр нөлөөлсөн олон ч тохиолдол гарлаа. Танай хорооноос энэ асуудал дээр хэрхэн дуугарч байв?

-Хуульчдын эрх ашгийг хамгаалах нь Хуульчдын холбооны үндсэн үйл ажиллагааны нэг хэсэг. Тиймээс Хуульчдын эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах чиг үүргийн хороо Монголын Хуульчдын холбооны дэргэд ажиллаж байгаа. Энэ хороонд шүүгчид ч бас ажилладаг. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд буюу намайг энэ сонгуульт ажлыг хийж байхад бидэнд гурван ч удаа шүүгчдээс хүсэлт ирүүлж байсан. Нэг дэх тохиолдол нь, шүүгчдийг ажлаа хийгээд явж байхад нь хуульчийнх нь гэрчилгээг хүчингүй болчихсонтой холбоотой асуудал байсан. Үүнийг бид зохих байгууллагад нь уламжлаад асуудлыг шийдвэрлэсэн. Дараагийн нэг асуудал нь, Хэнтий аймагт шүүгчээр ажиллаж байсан Булганаас 2013 оны 12 дугаар сарын 18-нд ШЕЗ-өөс шинээр шүүх байгуулах тухай хууль батлагдсантай холбоотой шүүгчдийг томилохдоо дахиж томилоогүйгээс шүүгчдийн эрх ашиг хөндөгдөж байна гэсэн асуудлаар гомдол ирүүлсэн. Үүнийг тухайн үед Шүүгчдийн хороо авч хэлэлцээд, нэгэнт Хуульчдын холбоонд Хуульчдын эрхийг хамгаалах чиг үүргийн тусгайлсан хороо ажиллаж байгаа учраас энэ хороотой хамтарч шүүгчийнхээ эрх ашгийг хамгаалъя гээд манай хорооны Удирдах зөвлөлийн гишүүн Г.Даваадорж, Э.Зоригтбаатар нарт хариуцуулж, Хуульчдын эрх ашгийг хамаалах хороотой хамтран энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр тогтсон. Гурав дахь тохиолдол нь, шүүгч Нармандах Шүүгчдийн хороонд хандаж хүсэлт гаргасан. Энэ нэлээн ноцтой асуудал байсан. Яагаад гэвэл шүүн таслах ажиллагаа хэрэгжүүлсэн буюу шийдсэн хэрэг маргаантай нь холбогдуулаад шүүгчид эрүүгийн хэрэг үүсгэж, мөрдөн шалгаж, улмаар өрөөнд нь ирж мөрдөн байцаалтын ажиллагааны баримт бичгийг гардуулах, Тахарын албатай зөрчилдөх зэрэг ноцтой, хүнд нөхцөл байдал үүссэн. Үүнтэй холбоотой асуудлаар Шүүгчдийн хороонд гомдол ирүүлсний дагуу манай хорооноос энэ асуудлыг яаралтай хэлэлцээд, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд зааснаар шүүгчийн эрх зүйн байдлыг хөндсөн асуудлыг хамгаалж ажиллах ёстой төрийн байгууллага болох ШЕЗ-д хандаж, Хуульчдын холбоо, ШЕЗ-ийн хамтарсан ажлын хэсэг байгуулъя гэсэн санал тавьсан. Ингээд ШЕЗ-ийн гүйцэтгэх нарийн бичгийн даргын зүгээс хамтарсан ажлын хэсэг гаргаж, манай Хуульчдын холбооны өмнөх ерөнхийлөгч Д.Батсүхийн үед нэлээд идэвхтэй ажиллаж, АТГ, Прокурорын байгууллагад хандсан үйл ажиллагаа явуулж, шүүгчдийнхээ тодорхой нөхцөл байдлыг зөв ойлгуулах, хуульд заасан тодорхой эрх ашгийг нь хамгаалах асуудлаар хандаж үйл ажиллагаа явуулсан. Энэ асуудлууд дээр Хуульчдын холбоо өнгөрсөн хугацаанд ч, сүүлийн үед ч гэсэн нэлээд идэвхтэй, зөв үйл ажиллагааг явуулж байгаа гэж би хувьдаа боддог.

-Шүүхийн багц хуулийг боловсронгуй болгох хүрээнд танай хорооноос судалгаа хийж, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хууль, Шүүхийн  захиргааны тахай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төслийг боловсруулаад байгаа гэсэн. Нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ шаардлага нь юу байв?

-Миний өнгөрсөн хоёр жилд хийсэн хамгийн гол ажил маань энэ хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах төсөл байсан. Шүүгчийн эрх зүйн байдлыг хамгаалах, боловсронгуй болгох, одоо үүсээд байгаа асуудлуудыг шийдвэрлэх гол арга зам нь хуульд нэмэлт өөрчлөлт оруулах юм байна гээд Шүүгчдийн хороондоо санал оруулсан. Бид Удирдах зөвлөлөөсөө ажлын хэсэг гаргаж, одоо Хуульчийн эрх зүйн байдлыг зохицуулж байгаа хууль тогтоомж, дүрэм журмыг хэрэндээ бүгдийг нь судалсан л даа. Тэгээд Үндсэн хууль, бусад хууль тогтоомжийн үзэл санаатай зөрчилдсөн, эсвэл тодорхой болгохгүй бол өөр бусад байдлаар ашиглагдах болчихоод байгаа ийм зохицуулалтыг олж илрүүлсэн. Зарим нь бол практик жишээ гараад илэрхий болчихсон байсан. Тиймээс шүүгчдээсээ үүнийг яаж өөрчилвөл зүгээр вэ гэдгийг тодруулъя гэсэн саналыг Шүүгчдийн хорооноос гаргасан. Тэр саналынхаа дагуу Улаанбаатарт “Хуульчдын холбоо ба Шүүгч” гэсэн хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Энэ үеэр “Ийм ийм зүйлийг өөрчлөх, боловсронгуй болгох зайлшгүй шаардлага байна” гэдгээ шүүгч нартаа танилцуулж, шүүгчид ч үүнийг дэмжсэн. Харин “Хэлэлцүүлэг дээр гарсан саналаа нэмээд нийт шүүхүүдийн шүүгч нарын зөвлөгөөнөөр хэлэлцүүлэхээр тарааж, бүгдийнх нь саналыг авъя. Тэр саналуудыг нэгтгээд Удирдах зөвлөлөөрөө хэлэлцээд хууль санаачлах эрх бүхий этгээдэд нь уламжилъя” гэсэн. Үүний дагуу Удирдах зөвлөл санаалаа боловсруулаад нийт шүүхүүдийн зөвлөгөөнд хүргүүлж, 40 гаруй шүүх шүүгч нарын зөвлөгөөнөөрөө энэ асуудлыг хэлэлцэж, саналаа ирүүлсэн. Үүнийгээ бид буцаж Удирдах зөвлөл дээрээ ярилцан цаг үеийнхээ нөхцөлд байдалд нийцүүлэн төслөө боловсруулсан. Анзаарвал энэ төсөл дотор шүүхийн төсөв, шүүгчийн цалинтай холбоотой саяхан өөрчлөгдсөн асуудлаар санал оруулаагүй байгаа. Учир нь эдийн засгийн хямралтай холбогдуулж байна гээд хуучин байсан хуулийн зохицуулалтад Их хурал дөнгөж сая өөрчлөлт оруулчихсан байгаа энэ үед дахин сөхөх нь хэр оновчтой бол гэдэгт байсан юм. Гэхдээ мэдээж бид энэ талаар тасралтгүй явах ёстой. Бид гэдэг нь хуульч, шүүгчийн мэргэжлийн байгууллагыг хэлж байна л даа. Гэхдээ цаана нь хуулиар үүрэг хүлээчихсэн төрийн байгууллага байгаа шүү дээ. Яг энэ шүүхийн бие даасан байдал, шүүгчийн хараат бус байдлыг хадгалах, хамгаалах, тэрний төлөө төрийн өндөр албан хаагчийн эрх хэмжээ аваад ажиллаж байгаа хүн олон бий. Тэр хүмүүс ажиллах байх гэж найдаж л байна. Тэгэхээр бид ч гэсэн шүүхийн төсөв, шүүгчийн хэвийн үйл ажиллагаагаа явуулах цалин хангамжтай болгох асуудлаар ажиллана.

-Төслөө хууль тогтоогчдод хүргүүлсэн үү?

-2015 оны төгсгөлд Шүүгчдийн хорооны Удирдах зөвлөл шийдвэр гаргаж, энэ хоёр хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах саналыг хууль санаачлах эрх бүхий этгээдэд нь уламжилсан. Одоо үүнийг ажил хэрэг болгох л үлдэж байгаа. Шүүгчдийн хорооны удирдах зөвлөлийн шийдвэр Холбооны зөвлөл, Холбооны ерөнхийлөгчтэй хамтраад үүнийг ажил хэрэг болгох үүрэг тэргүүнд өгсөн. Энэ ажлыг хариуцаж буй үлдсэн хэсэг хугацаандаа үүнийг чадлынхаа хэрээр хэрэгжүүлнэ. Энэ бол миний, бидний, манай удирдах зөвлөлийн хувьд хийсэн хамгийн гол ажил гэж үзэж байгаа. Энэ нэлээд хугацаа авсан. Хуулийн төсөлд нэмэлт, өөрчлөлт оруулах санал боловсруулна гэдэг нь нэг хүний санаагаар хийдэг ажил биш, нийт шүүгч нарын саналыг авах, зөв томьёолох гээд чухал ажил байсан.

-Дээрх хоёр хуульд гол нь ямар нэмэлт, өөрчлөлтийг оруулахаар тусгасан юм бэ?

-Хамгийн гол санаа бол албан тушаалын онцлогоос нь хамаараад аль ч улс оронд шүүгчийг өөрийг нь мэдээгүй байхад, орой унтаад өглөө сэрэхэд нь өөр шүүхэд томилогддоггүй гэдгийг сайтар зохицуулж өгөх явдал. Уг нь эрх зүйн соёл өндөртэй, шийдвэр гаргаж байгаа хүмүүс шүүхийн бие даасан хараат бус байдлын талаар өчүүхэн хэмжээний ч болов ойлголттой байсан бол ийм нөхцөлд байдал Монголд үүсэхгүй байсан. Харамсалтай нь ийм нөхцөл байдал үүссэн учраас үүнийг илүү тодорхой болгож, хуульчилж зааж өгөх шаардлагатай байгаа. Нөгөө талаар, Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн гол нэмэлт өөрчлөлт бол захиргааны санаачилгаар өөрийнх нь зөвшөөрөлгүйгээр ийм шийдвэр гаргаж болохгүй. Уг нь одоо үйлчилж байгаа хуулинд нь байгаа юм шүү дээ. Тэрийг илүү хориглосон, хэрвээ тийм үйлдэл гаргасан захиргааны этгээд байвал, түүнд зохих хариуцлагыг хүлээлгэнэ гэсэн зохицуулалтыг энэ төсөлд оруулж өгч байгаа. Энэ бол ганц шүүгчийн асуудал биш.Хүмүүс шүүгч хийхгүйшүүгчээр ажиллахгүйболно шүү дээ. Гэхдээ өөр хэсэг хүн шүүгчээр ажиллаж таарна. Тэр хэн ч байсан томилогдоод ажиллахад хөндлөнгийн нөлөөнөөс хараат бус л байх хэрэгтэй. Үүний цаана бүх л бүтэн хуулийн систем өөрөө тогтож байна. Өнөөдрийн Монголын бүх өмгөөлөгч, хуульчдын ажлын үр дүн ч гэсэн үүний цаана л тогтож байгаа. Энэ бол маш чухал. Бүх хуульч, түүн дотор хууль санаачлах байгууллагад байгаа хуульчид буюу хуульч гэдгээрээ нэрлэгддэг, танигддаг УИХ-ын гишүүд, шүүх, хуулийн байгууллагын системд санаа зовдог бүх хүмүүсийг болдог бол энэ хуулийн төслийг дэмжиж ажлаасай л гэж хүсч байна. Мөн би мэргэжлийн яам буюу Хууль зүйн яам, Улсын Дээд шүүх, Шүүхийн ерөнхий зөвлөл үүнийг дэмжиж шүүх, шүүгчийн бие даасан, хараат бус байдлыг баталгаатай болгоосой л гэж бодож байгаа.

Мөн Шүүхийн захиргааны тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах нэг чухал санаа нь Шүүхийн ерөнхий зөвлөл гэдэг байгууллагыг байгуулладаг процесс, энэ байгууллагад ажиллаж байгаа хүмүүсийн үйл ажиллагаандаа баримтлах ёстой зарчим, ёс зүй, хариуцлагыг цогцоор нь оруулж өгөх зорилго тавьсан. Одоо бол ШЕЗ-ийн гишүүнд ёс зүйн дүрэм гэж байхгүй. ШЕЗ-ийн үйл ажиллагаанд хуулийн хяналт тавих боломж ховор. Тиймээс үүнийг боловсронгуй болгох зохицуулалт оруулж өгсөн. Хамгийн гол зүйлийг бид юу гэж ойлгож байгаа вэ гэхээр ерөөсөө эрх мэдлийг хуваарилах онол зарчмынхаа дагуу ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Монгол Улсын Ерөнхийлөгч томилдог байх нь буруу. Энэ амьдралаар ч болдоггүй юм байна гэдэг нь тогтоогдчихлоо. Ерөөсөө ч анхны Шүүхийн захиргааны тухай хуулийн төсөлд ийм зохицуулалт байгаагүй шүү дээ. Анхны Шүүхийн захиргааны тухай хуулиар одоо энэ нэмэлт өөрчлөлт оруулах саналд тусгагдсан хувилбартай ижил зохицуулалт явж байтал УИХ-аар хэлэлцэхдээ Засгийн газраас, тэндээс, эндээс томилсон гишүүдээс бүрдэнэ гэж бүтцэд нь өөрчлөлт орсон. Үүн дээр нь Монгол Улсын Ерөнхийлөгч “Шүүгч нарыг томилдог асуудал Засгийн газар гэх мэтчилэн улс төрийн байгууллагын оролцоо орж болохгүй” гэсэн хориг тавьсан. Гэтэл тэр хоригийг нь УИХ хүлээж авсан хэрнээ батлахдаа ШЕЗ-ийн дарга, гишүүдийг Ерөнхийлөгчөөс томилдог байхаар оруулсан нь буруу болсон. Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүдийг томилох асуудалд хуульд яаж зохицуулагдсан байна тэр хэмжээгээр шүүхийн бие даасан, хараат бус байдлын талаарх илэрхийлэл болно. Тиймээс үүнийг өөрчилж, засах ёстой.

-Ямар үндэслэлээр одоогийн зохицуулалт буруу болсон гэж үзэж байгаа юм бэ?

-Энэ бол практикт шалгагдчихсан. Нээлттэй нийгэм форум нь шүүхийн шинэчлэлийн асуудалд их хүч тавьж арга зүй, санхүү, боловсон хүчин гээд маш их оролцоотой байсан байгууллага. Энэ байгууллагаас шүүхийн хуулиудад хөндлөнгийн судалгаа хийлгэсэн байна билээ. Өмнө нь шүүхийн багц хууль шинэчлэгдэхээс өмнө энэ байгууллагын ижил асуудлаар зарласан судалгаанууд хийгдэж байсан, тэдгээр нь ч шүүхийн хуулиудад өөрчлөлт оруулах шийдвэрийн судлагаа, үндэслэл болж байна юм. Энэ удаа 4 судалгааны баг ажилласан байсан. Хоёр ч судалгааны багийн үндсэн судалгааны зүйл нь шүүх захиргааны байгууллага, шүүгчийн томилгоо, шүүгчийн хараат бус байдлын асуудал байсан. Сүүлийн үед судлагаагаар нэлээн мэргэшиж байгаа залуу сайн судлаач О.Мөнхсайхан болон Хууль зүйн яам, НҮБ зэргийн судалгааны багт ажиллаж байсан Ж.Хунан нарын ахласан багуудын хийсэн судалгаанд маш тодорхой байгаа. Энэ судалгааны дүн болон шүүхүүдийн өнгөрсөн нөхцөл байдал үүнийг харуулж байна. Тийм учраас үүнийг нэг тийш нь шийдэх ёстой.

-Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуульд Монголын Улсын Ерөнхийлөгч ШЕЗ-өөс санал болгосон нэр дэвшигчийг томилох буюу томилохоос татгалзах шийдвэрийн аль нэгийг гаргана гэж заасан. Энэ нь Үндсэн хууль зөрчиж байна гэсэн агуулгаар иргэд Цэцэд мэдээлэл гаргасан байсан. Энэ талаар та юу хэлэх вэ?

-Монгол Улсын Ерөнхийлөгчийн хувьд шүүгчийн томилгоог баталгаажуулдаг. Ингэснээр шүүгч гэдэг хүн хуульд захирагдаж, ямар нэг албан тушаалтнаас айж эмээхгүйгээр, дарамтад орохгүйгээр, орох нөхцөл байдал үүсэхгүйгээр Монгол Улсын хуулийг хамгаалаад, маргааны зөв зохистой шийдвэрлээд явах ёстой. Одоо хуульд байгаа Ерөнхийлөгч томилно эсвэл томилохоос татгалзана гэсэн хуулийн зохицуулалт бол яг энэ байдлаараа байх боломжгүй. Энэ зорилгоор л Шүүхийн захиргааны хуульд тодорхой өөрчлөлт орох ёстой гэж үзэж байгаа юм. Бид хуулийн төсөлд хэрэв Ерөнхийлөгч үнэхээр томилох боломжгүй хүн гэж үзвэл обьектив шалгуур байх ёстой гэдгийг тусгасан. Хэрвээ үнэхээр Монгол Улсын Ерөнхийлөгч шүүгчид нэр дэвшигчийг томилох боломжгүй хүн гэж үзвэл тэр үндэслэлээ заагаад Ерөнхий зөвлөлд буцаах ёстой. Тэгээд тэр үндэслэлийг нь Ерөнхий зөвлөл судалж үзээд, тэр нь тогтоогдохгүй бол дахин өргөн барих, энэ тохиолдолд Ерөнхийлөгч томилдог байх, харин үнэхээр томилох боломжгүй нөхцөл нь байвал өөр хүний нэрийг дэвшүүлдэг байхаар бидний боловсруулсан төсөлд тусгагдсан. Миний хувьд судалгааны ажлын шаардлагаар олон нийтийн байгууллагын ажлаас хэсэг хугацаанд хөндийрэх шаардлагатай болсноо Холбооны зөвлөл, хорооны удирдах зөвлөлд мэдэгдсэн байгаа, удахгүй шийдвэрлэх байх. Хуульчдын холбоо, уг холбооны  Шүүгчдийн хороо, түүний удирдах зөвлөл, шинээр ажиллах тэргүүн энэхүү шүүх, шүүгчийн хараат бус ажиллах нөхцлийн амин гол асуудлаар цаашид үргэлжлүүлэн ажиллана гэдэгт итгэж байгаа.

-Ярилцсанд баярлалаа.

314 уншигдсан.