Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө
Хуульчид хүний ам хараад сурчихаж
Tweet

Бие даасан, Хариуцлагатай шүүхийн төлөө

Ц.Цогт: Хуульчид хүний ам хараад сурчихаж

2013 оны 10 сарын 23
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Цогттой ярилцлаа. Тэрээр өнгөрөгч есдүгээр сард байгуулагдсан Хуульчдын холбооны дүрмийг боловсруулах ажлын  хэсэгт  ажилласан юм. Түүнтэй Хуульчдын холбооны үйл ажиллагаа, хууль зүйн  салбарын шинэчлэлийн асуудлаар сонирхолтой яриа өрнүүллээ.
 
-Хуульчдын холбоог сая­хан байгууллаа.  Ач хол­богд­­лыг   нь та хэрхэн харж байна вэ?

-Хуульчдад хариуцлага хүлээлгэдэг, тэднээс хариуц­лага нэхдэг байгууллага бай­­­гаа­­гүй гэвэл бас тийм  биш. Гэхдээ тухайн хуулийн байгууллагын  удирд­лагаас  хараат байдлаар явж ирсэн.  Харин Хуулчдын холбооны Мэргэжлийн хариуцлагын хороо  бол  тухайн байгуул­ла­гын удирд­ла­гаас харьцангуй хамааралгүй байна. Ингэж байгаагийн учир  нь нийт хуу­льч­дын үнэлэмжээр хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүсээс  хороог бүрдүүлнэ гэсэн  үг. Өөрөөр хэлбэл мэргэжлийн  хариуцлагын хорооны гишүү­­­нийг сонгохдоо цахим хэл­бэрээр, бүх хуульчдын орол­цоог хангахыг чухалчилж байгаа.

-Төрийн тодорхой чиг  үүргүүдийг хуульчдын хол­боо авч байна гээд  байгаа. Чухам ямар чиг үүрэг ха­маа­рахыг тайлбарлаж өгөөч?

-Нэгдүгээрт, хуульч гэдэг мэргэжлээр ажиллах  тусгай зөвшөөрлийг Хуульчдын хол­­­боо өгнө. Өмнө нь энэ эрх Хууль зүйн сайдад байсан.  Нэг ёсондоо хуульч­дыг өөрөө өөрсдийгөө цэвэр­­лээд,  эгнээндээ  байх ёсгүй, стандарт шаардлагыг хангахгүйг нь эгнээнээсээ хас гэж байгаа хэрэг. Ингэснээр  иргэд ашиг тусыг нь хүртэнэ. Хоёрдугаарт,  хуульчдад хариуцлага хүлээл­гэх механизм  төрд байс­ныг өөрчилж байгаа. Хуульч­дын холбоо эрхийг нь өгөх, цуцлах эрхтэй боллоо.  Алдаа гаргасан, мэргэжил  чад­варын хувьд тэнцэхгүй өмгөө­­лөгч, шүүгч, прокурор ялгаагүй ажилгүй болно. Ийм хоёр төрлийн гол чиг үүргийг Хуульчдын холбоо өөртөө авлаа. Гуравдугаарт, 1990-ээд оноос Монгол Улсад дээд боловсролын стандарт алдагдсан. Тухайн үед хуульчид дутмаг байсан хэрэгцээг дагаад  олон хуулийн сургууль байгуу­лагдаж, энэ хэрээр чанаргүй боловсон хүчин бэлтгэгдэж гарсан үе бий. Тэр олон сургуульд багшлах боловсон  хүчин ч байгаагүй. Үүнээс болоод хувийн сургуулиуд  МУИС-ийн Хууль зүйн сургуу­лийн багш нарыг өөрийнхөө нэр дээр бүртгээд ажиллуулах болсон. Үнэн хэрэгтээ тухайн багш нар оюутнуудад хүрч ажиллаж чадахгүй байснаас чанаргүй, сул хуульчид гарсан. Энэ бүхнээс  хуульчдын мэдлэгийн түвшин,  ёс зүйн хариуцлага зэрэг асуудал  хөндөгдөн гарч   ирсэн юм. Харин одоо л хуулийн сургуулиудад  цензур тогтоохоор болж байна. Хуу­лийн сургуулиудад магад­лан итгэмжлэл,  лиценз буюу тусгай зөвшөөрлийг  Хуульч­дын холбоо олгоно. Ингэс­нээр хуульч мэргэжлээр ажиллах  хүн  бэлтгэх сургууль ямар шалгуурыг хангасан байх, ямар хичээлийн агуулга­тай  байх, багш  нарт нь ямар шаардлага тавихыг  Хуульч­дын холбоо шийддэг болно. 

-Өмгөөлөгч нь өмгөө­лөгчөө,  шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо хамгаалах, дээд албан ту­шаал­­тан нь заавар өгдөг зэрэг хандлага байна. Тэг­вэл Хуульдын холбоо шаард­лага хяналтыг тавьснаар шударга зарчим үйлчилж чадах уу?


-Хуульчдын  мэргэжилдээ хэр хариуцлагатай хандаж байна  вэ гэдэг     үнэлэмжтэй холбоотой. Мэргэжлийн ха­риуц­­­лагын хороонд  үнэхээр шалгарсан, ёс зүйтэй  хүмүү­сээ сонгож  чадах эсэхээс  шударга байх  эсэх нь хамаар­на. Өмнө нь нэг хоёр хүний үзэмжээр шийддэг байсныг болиулж нийт хуульч­даасаа сонгогдсон Мэргэж­лийн ха­риуц­лагын хороонд эрх, үүр­гийг нь өгчихлөө. Гэсэн ч шударга ажиллаж чадах уу гэдэг дээр эргэлзэх хүн байна. Манай хуульчид бие дааж чадахгүй, хүний ам хараад сурчихаж. Хуулийн байгууллагын шинэч­лэл гэж өнгөн дээрээ их яриад байгаа ч зарим удирд­ла­гууд шинэчлэлдээ нийцэх­гүй байгаа нь үнэн шүү дээ.  Дээрээсээ заавар  аваад, буцаагаад  доод шат­ны хүмүүстээ заавар өгөөд сурчихсан. Энэ зангаа  тавих­­­гүй хүн цөөнгүй бий. Хуульчдын холбооны асуу­далд дарга нарын ямар  ч  оролцоо байхгүй шүү гээд тодор­хой байхад заавар, даал­­гавар  өгөх  гээд явж бай­гаа тохиолдол ч гарсан. Нө­гөө талаас  тэр даалгаврыг  хүлээ­гээд сурчихсан хэсэг байна. Шударга ажиллаж чадах хүнийг сонгохдоо  өөрийнхөө л сонголтыг хий­мээр  байна. Ингэж чадвал шүүгч нь шүүгчээ, прокурор нь прокуророо хамгаалах байдал арилж,  хуульчид  нийг­­­мийн өмнө хүлээсэн үүр­гээ биелүүлнэ. Яриа хөө­рөөнд ордог, заваан юм хийдэг хуульчдыг эгнээсээ гаргах ёстой.

-Хуульч гэдэг малгайн дор шүүгч, прокурор, өм­­гөө­­лөг­чийг нэгтгэж ойлгож байгаа. Гэхдээ өмгөөлөг­чийн эрх мэдлийн хэмжээ бусдаасаа бага байдаг. Шүү­хийн шийдвэр гаргах эрх мэдэл нь шүүгчид байлаа гэхэд бусад шатанд оролцох оролцоо нь тэгш болох уу?

-Наад асуудал чинь бидний процессийн гэж ярьдаг Хэрэг хянан шийд­вэрлэх ажиллагааны тухай хуулиудад харьцааг нь хэр зохицуулж өгснөөс хамаар­на. Гэхдээ өмгөөлөгч  эрх хэмжээгүй этгээд биш. Ялан­­­гуяа миний мэргэшсэн захир­гааны хэргийн өмгөө­лөгч  хамгийн чухал. Яагаад өмгөөлөгч хэргээ хэр судал­сан, тэнд хэрэглэж буй хууль зүйн үндэслэлүүдийг ямар хэмжээнд  мэдэж байна вэ гэдэг чухал.  Нэг ёсондоо өмгөөлөгч тухайн хэрэг дээр хэр сэтгэл гаргасан бэ гэдгээс л шүүгчийн гаргах шийдвэрт  нөлөөлнө. Түүнээс олон жил ажилласан туршлагатай,  гавь­яат хуульч гэдэг нь сонин биш.  Манай иргэд дээрх утгаар  өмгөөлөгчөө хайдаг, сонгодог  байдлыг би буруу гэж үздэг. Гуншингаас илүү  өөрийнхөө боломжийг мэдэрч, танд цаг зав гаргаж чадах хүн л чухал. Үүнээс болоод  олон ний­тийн шүүмжлээд байдаг  өмгөөлөгч  өөр хуралтай гээд ирдэггүй, үйлчлүүлэгчдээ олд­дог­гүй  зэрэг шалтгаанаар шүүх хурал  олон дахин  хойшилж, хүндрэл учруулдаг  байдал гараад байгаа юм.  Харин шүүгч  тухайн хүний амь, амьдралыг шийдэх шийд­вэр гаргадаг. Хэрэг шийд­вэрлэх нь миний  өдөр тутам хийдэг ажил. Гэхдээ  шүүхээр асуудлаа шийдүүлж байгаа хүн талх биш гэдгийг санаж хэрэг бүрт цоо шинээр хандах ёстой. Ингэхийн тулд ачаалал нь тэнцвэртэй байх гээд зохицуулах зүйлс бий. Нөгөө талаас шүүгчийн ямбаа эдэлчихээд ажилдаа бүрэн дүүрэн цагаа зарцуулдаггүй, өдрийнхөө хоолонд яарсан хүмүүс байгаа нь нууц биш.

-Хуульчдын нэр хүнд уначихлаа, шүүгч нар хууль бус шийдвэр гаргаж байна гэх болж.  Шударга ажиллахгүй байна  гэдгийн хэмжүүр нь юу юм бэ?

-Шүүхээр нэг ч удаа үйлчлүүлж үзээгүй хүн ингэж яривал учир дутагдалтай, шүүгчдийн хувьд эмзэг тусна. Харин хэргээ шийдүүлсэн хүний тухайд яаж хандах нь хувь хүний асуудал. Гол нь шүүхийн үйл ажиллагаа шийдвэр хэр шударга, хуу­лийн хүрээнд явж байна вэ гэдгийг иргэд өөрсдөө  хянах  боломжийг бүрдүүлэх хэрэгтэй. Энэ чиглэлд Шүүхийн Ерөнхий зөвлөл, зарим шүүхүүд тодорхой ажил хийж эхэлж байна. Аливаа маргаанд хоёр тал 100 хувь сэтгэл хангалуун байдаггүй. Заавал нэг тал нь гомдолтой үлддэг шүү дээ. Цаашдаа иргэдийн төлөөлөл шүүх хуралдааныг хөндлөнгөөс  ажиг­­лах, оролцох байдал ирэх арван­нэгдүгээр сараас Шүү­хийн тухай хуулийг дагаж мөр­дөх журмын тухай хууль хэрэг­жиж эхлэхээр  арай шинэ байдлаар явах болов уу.

- Мөрдөн байцаалтын шатанд хангалттай нот­логдсон хэрэг прокурорын шатанд, прокурорын ял­лах дүгнэлт үйлдсэн хэрэг шүүхэд ирээд хэрэгсэхгүй боллоо гэдэг. Шүүгч, проку­рорын тухайд шүүмж­лэл­­тэй  хандаж явдаг зүйл бий юу?

-Прокурорын асуудал Эрүүгийн хэрэг хянан шийд­вэрлэх тухай шинэ хуу­лийн төслийн хүрээнд зохи­цуу­­лагдах байх. Хэргийн ажиллагааг цааш нь үргэлж­лүүлэх, хүнийг гэм буруутай эсэхэд тооцох, хэрэг үүсгэх  эсэх асуудлыг шинэ хуулийн төслөөр нарийн зохицуулж байгаа. Шүүгч, прокурор хэн ч   бай  өөрт нь эрх олгогдсон  юм шиг аашилж болохгүй л дээ. Хуулинд шүүгчид  өөрт нь илүү эрх олгочихсон зүйл огт байхгүй. Харин талууд маргаан гаргасан тохиол­долд ингэсэн нь зөв шүү гэдгийг шийдэх эрх бий.  Миний бодлоор сайн шүүгч гэдэг хариуцлагатай хүнийг л хэлнэ. Хийж байгаа ажлынх нь цаана нэг хүний амьдрал, өргөн утгаараа  энэ нийгэмд   шударгаар  амьдрах боломжтой юу, эсвэл хулгай луйвар хийгээд явж болох уу гэдгийг бүрэн ухамсарласан шүүгчийг сайн, шударга  шүүгч гэж хэлэх болов уу.  Өнөөдөр сайхан, муухай ааштай байхаасаа хамаарч хэргийг шийдвэрлэдэг, жи­жиг нөлөөнд ч автдаг хүн  шүүгч байж таарахгүй. Ийм хүмүүс олширвол шүү­хийн байгууллага зөв голдир­лоор явж чадахгүйд хүрнэ. Өөрөөр хэлбэл мэдлэг мэргэ­жил хоёрт тавигдана гэж хэлэх гээд байна. Гол нь нийгэмд хүлээсэн үүрэгтээ хариуцлагатай ханддаг,  хөнд­­лөн­гийн байх чадвараа  хад­галдаг байх.

-Хуулчдын холбоог  бай­­­гуулс­наар хуулийн  бай­гуул­лагаар асуудлаа ший­дүүлэх  шаардлага тул­гар­сан ир­гэдэд үр нөлөө нь яаж хүрэ­хийг энгийнээр тайл­бар­­ла­вал?

-Ерөөсөө л иргэн хуулийн байгууллагыг  зориод очиход хуурдаггүй, хулхидад, хуга­­­цаа алдаж чирэг­дүүл­дэг­гүй  болох нь энэ холбооны гол зорилго. Хоёрдугаарт, тухайн иргэнд мэдлэгтэй, мэргэжил­дээ ха­риуц­­лага­тай, туршлагатай хүн мэргэжлийн   зөвлөгөө,  тус­лал­цаа өгч чад­даг байх. Яваан­даа  ийм болох  ёстой. Үүгээр л  нийгэмд үзүү­лэх үр дүн нь гарч ирнэ.

-Ийм болохын тулд  хуульч мэргэжлээр сурал­цахаас эхлээд ажилдаа хан­дах байдал нь төлөвших байх л даа. Таны хувьд  их сургуульд багшилдаг. Тэгвэл хуулийн чиглэлээр суралцаж  байгаа оюутнууддаа хэлдэг зарчим  байдаг уу?

-МУИС-ийн хууль зүйн сургуульд 2000 оноос цагийн багш, үндсэн багшаар ажил­лаж  байна.  Нэг талаасаа цаг их шаарддаг л даа. Би чинь Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхээ хариуцдаг  болохоор цаг зав багатай. Шүүн таслах ажиллагааг цалгардуулж бо­лох­­гүй учраас ихэвчлэн цайны цаг, оройн цагаар хичээлээ заадаг. Үндсэн ажлын­­хаа ха­жуугаар багш­лаад байгаа нь их мөнгө олохын тулд биш л дээ. Гол нь бидний  дараагийн үе зөв хандлагатай, ёс зүйтэй байх нь чухал. Жишээ нь шүүхийн  байгууллагын зөв санааг нь дэмждэг, бурууг нь зоригтой,  шударга шүүмжилж чаддаг  хуульчид олон болоо­сой гэсэндээ л багшийн ажлыг давхар хийж байна. Бас хүнд юм  заахын тулд мэдлэг мэдээл­лээ баяжуулж, цаг үе­тэй­гээ хамт алхахыг хүсдэг гэхүү дээ. Миний анхны сон­голт уг нь их сургуулийн багш болох байсан ч тодорхой учир шалтгааны улмаас шүүхэд орсон.

-Танд аливаа нөлөөнд автахгүй  байх  гэсэн  нэг чу­хал зарчим байх шиг  байна аа?
 

-Би энэ мэргэжлээр хоо­лоо олж идэж байгаа хүн шүү дээ. Надтай адил хичээж яваа олон хүн байгаа. Гэтэл энэ мэргэжлийн нэр хүндийг зарим нэг нь шороотой хутгаж болохгүй л байхгүй юу. Ажлаа шударгаар хийж байгаа олон шударга хүн бий.

-Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх гэж дагнасан шүүх саяхан байгуулагдаад, та энэ шүү­хийг удирдаж байгаа. Ажил жигдэрч байна уу?

-Аливаа байгууллага зөв явах нь ажиллах боловсон хүчнээс их  хамаарна. Бас байгууллагын удирдлагын ба­римт­­лах зарчим ханд­ла­гаас ч хамаарна. Хувийн байгууллага биш учраас өөрс­дөө зорилгоо тодор­хойлохгүй, хуулинд Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн чиг үүргийг заагаад өгчихсөн. Харин ажлаа зөв зохион байгуу­лах нь удирдлагын харек­тараас шалтгаална.

-Таны ярианаас хуу­лийн байгуул­лагын за­рим удирдлагад нэлээд  шүүмж­­лэлтэй ханддаг болохыг анзаарлаа. Удирдлага, хууч­ны хүмүүстэй санал нийлэх­гүй, эсэргүүцэх тохиолдол гарна биз?


-Гарсаар л арав гаруй жил явж байна. Тийм тохиолдлууд зөндөө бий. Болж бүтэхгүй байгааг нь шударгаар хэлж, үгнээс нь зөрж байж л өөрийнхөө за­маар явж чадна. Тэгэж чадах­гүй бол дарагдаад дуусна. Хүний эрхээр жаргаснаас өөрийнхөөрөө хараалгаж яв­сан нь дээр гэж боддог. Ер нь хуульч мэргэжил хүнд таалаг­ддаггүй онцлогтой юм шиг байгаа юм. Таалагдахын төлөө явбал үндсэн ажлаа  хийх боломжгүй. Энэ цаг үед  хүнтэй аятайхан инээгээд мэндэлчихвэл гар бариад бу­гуй барих гэдэг болчихжээ.

С.ОТГОНСҮРЭН

Эх сурвалж: "NEWS WEEK"сонин №34

611 уншигдсан.

Сэтгэгдэл бичихийн тулд нэвтэрсэн байх шаардлагатай. Та бүртгэлгүй бол энд дарж бүртгүүлээд нэвтрээд, бүртгэлтэй бол энд дарж нэвтрээд сэтгэгдэл оруулах боломжтой.


Сэтгэгдлүүд





:-)
 
xaax